З.Мэндсайхан: Улаанбуудайн импортыг хаасан, хэрэгцээгээ дотоодоос хангана

Эдийн засаг

З.Мэндсайхан: Улаанбуудайн импортыг хаасан, хэрэгцээгээ дотоодоос хангана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Шатахууны компаниудад валютын зөрүүг өөр ханшаар олгодог аргыг Н.Алтанхуягийн Засгийн газар хэрэглэж үзсэн ч олигтой үр дүн гараагүй. Зөрүү олгодог нь урт настай зүйл биш. Нэг өдөр шок дагуулдаг. Гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэггүй. Тэгвэл газар, тариалан эрхлэгч компаниудаа дуусгана. Үйлдвэрүүд  хөнгөлөлттэй ханшаар баахан улаанбуудай оруулж ирвэл тариалан эрхлэгчид  нөөцөө  зарж чадахгүй  дуусна. Хэрвээ гурил үйлдвэрлэгч нарт зээл олговол 2023, 2024 онд хямраад дуусна. Араб, Африкт гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн.  Тариа тарьж буй аж ахуйн нэгжээ дэмжихийн оронд гаднаас үр тариа импортлох бодлого явуулж болохгүй.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Засгийн газар энэ хаврын тариалалтыг эрчимжүүлэх чиглэлээр газар тариалангийн компаниудад гурван хувийн хүүтэй  100, хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд  50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр гаргасан. Импортоор улаанбуудай оруулж ирэхийг бүрэн хаасан. Бид өөрсдөө зохицуулаад явах эрх нь манай яаманд бий.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ  урт настай хууль биш. Дэлхийн зах зээл дээр  нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй  байна. Геополитикийн асуудал намжиж, энхтайвны зам руу явбал буцаад буух болов уу гэж найдаж байгаа.  Бид гадаадаас  шатахууны  хамааралтай улс. Шатахууны үнэд нөлөөлж чадахгүй учраас эхний ээлжид нөөцөд шок үүсгэхгүй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Стратегийн бүтээгдэхүүний нөөц яаж бүрдүүлэх вэ?  Үүнд гурил, улаанбуудай,  будаа, элсэн чихэр, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл багтана. Төслөөс харахад “Та нар хөнгөлөлттэй зээл өгчихсөн, бараа бүтээгдэхүүнийг тасалж болохгүй” хэмээн компаниудад ачаа үүрүүлэх  юм  байна. Хуулийн төсөлд ямар нэг зохицуулалт алга.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Мах, гурил дээр авч буй арга хэмжээний тухайд уг хуульд валютын ханш нөлөөлөхгүй. Учир нь дотоодын үйлдвэрлэл  юм. Иймд зээл авч буй аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртөнө гэсэн ойлголт байхгүй. Мах боловсруулах 150 орчим үйлдвэр бий. Энэ  онд 23 аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээл авч, Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргасан.

Б.Лхагвасүрэн: Төв банканд зээлд гаргах таван их наяд төгрөгийн эх үүсвэр бий

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  Монголбанк арилжааны банкуудаар дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгнө гэсэн асуулгаар орж ирсэн. Үүнийг өөрчилж банкууд өөрийн эх үүсвэрээр зээл олгох ёстой.  Харин олгосон хүүгийн зөрүүг улсын төсөв дээр нэмж шийднэ гэвэл эргэлтэд байгаа мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Эргэлтэд байгаа мөнгөний нийлүүлэлт нэмэгдвэл бүх бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх аюултай. 2013-2016 оны хооронд явагдсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гол алдаа энэ байсан. Тиймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн уг агуулгыг зассан.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Өнөөдрийн байдлаар төв банкны үнэт цаасанд таван их наяд төгрөг байна. Төв банкны үнэт цаасанд байгаа энэ мөнгө арилжааны банкны чөлөөт эх үүсвэр буюу зээлд гарах боломжтой эх үүсвэр юм. Тиймээс энэ эх үүсвэрийг буцааж эргэлтэд оруулах замаар банк дээрх эх үүсвэрийг зээл болгож гаргана. Хүү дээр татаас хэлбэрээр хөнгөлөлт үзүүлэх учраас энэ зээл чөлөөтэй гарах боломжтой. Монголбанкнаас ханштай холбоотой нефтийн бүтээгдэхүүний хэсэг уг хуульд бий. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэж байдаг. Форвард,  споп хэлцэл хийж явах хэрэгтэй. Банк тодорхой түвшинд харилцагчаа ханшийн эрсдэлээс хамгаалах үүднээс уг журмын дээрх хэрэгслийг ашиглах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд мах, гурил, нефтийн бүтээгдэхүүнийг шийдэж чадаагүйд харамсалтай байна. Монгол Улс 66 сая толгой малтай байж төрөөс мөнгө гаргаж зохицуулах нь харамсалтай. Бидэнд хэтийн төлөвлөлт гэж байна уу. Яаж махаар  хангах юм бэ. Зах зээлийн зарчимд хэзээ орох вэ З.Мэндсайхан сайд аа. Би буруу хараад байна уу  “Хуулийн 5.1.3-т санхүүгийн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2-т заасан бараа бүтээгдэхүүний импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг буруулах” гэж оруулжээ. Хуулийн 3.2-т нь газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах гэж заасан байна. Гурил махаа авах гэж валют зарцуулах гээд байгаа юм уу?  Газрын тос боловсруулах үйлдвэр лүү   Тосонгийн талбайгаас  нефть дамжуулах  хоолой татна гэж байгаа. Энэ ажил ямархуу явцтай  байна вэ Г.Ёндон сайд аа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Засгийн газар мах, гурилын  үнэ тогтоосон асуудал байхгүй. Бид эдгээр бүтээгдэхүүний  нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтвортой барих  бодлого  хэрэгжүүлж, уг хуульд зах зээлд оролцогчдод хөнгөлөлттэй зээл үзүүлэх шийдвэр гаргаж байгаа.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Тосонгийн талбайгаас Алтанширээгийн үйлдвэр хүртэл 530 км зайд нефть дамжуулах хоолой барих төслийн тендерийг 2021 оны гуравдугаар сард зарласан. Таван удаа хугацаа сунгаж хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард тендерт ялагчийг тодруулсан. Дөрвөн компани тендерт санал ирүүлснээс БНХАУ-ын хоёр, Энэтхэг, Японы компани санал ирүүлсэн. Японы компанийн санал үнийн саналгүй ирсэн. Нөгөө гурван компаниас Хятадын “Норинко” компанийн төсөл хамгийн хямд байсан.