2022 оны төсөвт хэмнэхээр тооцсон 39.1 тэрбум төгрөгийн зардлыг задаргааг авч үзэцгээе

Эдийн засаг

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 4 сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь удаагаа тодотгол хийгдэх гэж байна. Эхний тодотголын хүрээнд, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг хуульчлан баталсан бол энэ удаагийн тодотгол нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлогоо бодитой тооцож, зарлагаа хэмнэлтийн горимд шилжүүлэхэд чиглэж буй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.

 

Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотголын төслийг харвал, 2022 оны төсвийн орлого анх батлагдсанаасаа 245.3 тэрбум төгрөгөөр буурах бол зарлага нь 246 орчим  тэрбумаар буурахаар тооцоолсон байгаа юм.

 

УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа:

 

  •     Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд
  •     Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

Харин төсвийн тодотголын төсөлд:

 

  •     Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд
  •     Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцоод байна.

 

Засгийн газраас  2022  оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого.

Хэмнэлтийн бодлогын  арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ.

 

Хэмнэхээр тооцсон 39.1 тэрбум төгрөгийн зардлыг задаргааг авч үзвэл:

 

УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ НИЙТ ХЭМЖЭЭ – 39.1 тэрбум төгрөг

 

  • Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал – 3.2 тэрбум
  • Хангамж бараа материалын зардал – 4.1 тэрбум
  • Нормативт зардал – 3.1 тэрбум
  • Эд хогшил, урсгал засварын зардал – 2.3 тэрбум
  • Томилолт, зочны зардал – 0.9 тэрбум
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж – 13.6 тэрбум
  • Бараа үйлчилгээний зардал – 3.2 тэрбум
  • Татаас – 3.3 тэрбум
  • Засгийн газрын урсгал шилжүүлэг -3.1 тэрбум
  • Бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал – 0.2 тэрбум
  • Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал – 1.6 тэрбум
  • Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал – 0.3 тэрбум төгрөгийн зардлыг тус тус хэмнэхээр тооцжээ.

 

Түүнчлэн энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авахаар тооцсоныг хүргэе.

 

  • Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.

 

  • Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн албан тушаалын автомашины ашиглалтыг хязгаарлана. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины ашиглалтад хяналт тавина.

 

  • Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд үргүй зарлагыг бууруулан, томилолтын зардлыг хэмнэх зорилгоор төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ажилтан албан ажлаар агаарын тээврээр зорчих тохиолдолд энгийн ангиллын суудлаар тооцож зардлыг олгох ба үндэсний агаарын тээвэрлэгч нисдэг чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгчээр зорчино.

 

  • Бүх шатны төсвийн байгууллагын албан хаагчийн ажиллах орчин, техник хэрэгслийн нийтлэг жишгийг батлуулна.

 

  • Захиргааны зориулалттай барилга байшин шинээр барихгүй.

 

  • Төрийн албан хаагчийн гар утас, шатахууны төлбөр зэрэг бусад хангамжийн зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй. Бүх шатны төрийн албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн гар утас болон хэвлэлийн захиалгын төлбөр, шатахуун, дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл төрсөн нутагт амрах тохиолдолд замын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

 

  • Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага дэд, орлогч даргатай байна.  Бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглоно.  Нийслэлийн Засаг дарга нь хоёр орлогч, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нь нэг орлогчтой байх бөгөөд сайд, агентлагийн дарга зөвлөхгүй байна.

 

  • Төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

  • Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна.

 

  • Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

 

  • Төсөвт байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг бууруулж эрчим хүчийг хэмнэнэ гэхчлэн тусгажээ.

 

-Танай аймгийн музейн цар хүрээ, музейгээ танилцуулахаас яриагаа эхлэх үү?

-Дорноговь аймгийн орон нутгийн  музей 1945 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үзвэрийн зургаан танхим,  6000 орчим баялаг  үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ үзүүлэлтээрээ аймгуудын хэмжээнд эхний дөрөвт ордог.  Ихэнх үзмэр нь угсаатны зүйтэй холбоотой.  Үүнээс Засгийн газрын ангиллаар баталсан хосгүй үнэт зэрэглэлд гурван үзмэр багтдаг.  Энэ гурван хосгүй үзмэр  маань 2005 онд Дорноговь аймгийн Нартын  хадны оршуулгаас олдсон. Тодруулбал, хатмал шарилтай, дагалдуулж  гурван дээл, модон авс, хүрэл толь, модон сам гээд эд өлгийн зүйл дагалдуулж тавьсан  байлаа. Эдгээрийг судлаад үзэхэд 40 орчим насны эмэгтэйн хатмал шарил гэж үзсэн бөгөөд гурван дээлийн хамт манай музейн гол үзмэр гэж явдаг. Манай музейн бас нэг гол онцлог нь Монголд хоёрхон байгаа Чингис хааны Есөн хөлт цагаан тугны дагуул туг болох найман цагаан тугны нэг Хангал ихт  цагаан туг  хадгалагдаж байна.

-Чингис хааны Есөн хөлт цагаан тугны дагуул  болох найман цагаан тугны нэг Хангал ихт  цагаан тугны талаар  тодруулж ярина уу?

-Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад төрийн Есөн хөлт цагаан тугаа тахисан. Дагуул найман тугаа эх орныхоо дөрвөн зүг найман зовхист харийн түрэмгийллээс  сэргийлэх, нийслэл Хархорумаас  баримталж байгаа төрт ёсны уламжлалыг баталгаажуулах зорилгоор суулгасан байдаг. Үүний нэг нь манай аймгийн Хөвсгөл сумын “Хөх толгой” гэдэг газар суулгаж, түүнийгээ засаж янзлах, хадгалж, хамгаалах, тахих  эрхийг зөвхөн 40 өрх айлд олгосон. Тугчаар томилогдсон 40 өрх айлын ураг удмынхан одоо хүртэл сумандаа амьдарч байна. Тэд 300 гаруй жил Хангал ихт цагаан тугыг  тахиж ирсэн түүхтэй.  Туг тахидаг  газрын нэр нь  сүүлд “Сүлдэнэ хөх толгой” гэж  өөрчлөгдсөн. Урд нь  Хөх толгой гэж нэрлэж байгаад Цагаан тугийг байрлуулж, тахидаг болсноор Сүлдэнэ хөх толгой гэдэг болсон.

Хэлмэгдүүлэлтийн үед Тугч ураг удмынхан зарим нэг гол шүншигтэй хэсгүүдийг нь хадгалж авч үлдсэн. Тухайлбал, ишин дээр байгаа хамгаалагч сахиус, Чүн чулуун бурхан, хамгийн дээд талын дог сэрээ гурвыг нь шатаагдахаас хамгаалан нууж авч үлдэж чадсан.  Түүхчид энэ талаар   судалгаа хийж  1991 онд сэргээн засварлаад, үнэхээр энэ нь Чингис хааны туг мөн юм гэдгийг баталсан. Ийм учраас  яах аргагүй манай музейн брэнд үзмэр юм.

-Танай музейн хосгүй үнэт үзмэр болох эмэгтэй хүний хатмал шарил, түүнийг дагалдуулан тавьсан гурван дээл, авс зэрэг нь Улаанбаатар хотын “Чингисийн музей”-д шилжин тавигдахаар болсон гэж  сонслоо?

-Засгийн газраас аймгуудын болон хотуудад байгаа үзмэрүүдийг 1996 оноос  хойш хосгүй үнэт үзмэр гэж ангилах болсон юм. Ингэж  энэ ангилалд  манай музейн гурван дээл багтсан. Аймгуудын музейд байгаа XIII-XIV зууны үеийн холбогдолтой үзмэрүүдээр “Чингисийн музей”-г баяжуулах зорилгоор татан авалт хийж байгаа. Нэгэнт улсын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн, улсын өмч болохоор нэг дороо төвлөрүүлж байгаа юм билээ. Тиймээс манай энэ үзмэр маань тийшээ зөөгдөх гэж байна.

-Ер нь Соёлын яам, соёл урлагийн газартай болсноор орон нутагт ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Соёлын яамтай болсноор аймаг бүрт Соёл урлагийн газар байгуулагдсан. Манай аймгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд түүнээс хойш олон үйл ажиллагаа явуулсан. Үүний нэг нь “Соёл урлагаа дээдлэн дэмжицгээе” гэдэг аяныг дөрөвдүгээр сарыг 20-ноос эхлэн нэг сарын хугацаатай өрнүүлж байна. Энэ хүрээнд театр, музей, соёлын байгууллагууд тус бүртээ өөрсдөө аян зарлаж байгаа. Манай хувьд энэ нэг сарын хугацаанд “Музейтэй Дорноговь” гэдэг аяныг эхлүүлж, энэ хүрээндээ өөрсдийнхөө сан хөмрөгт хадгалагдаж байгаа хосгүй үнэт нандин үзмэрүүдээ гаргаж үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгож байна. Үүнээс гадна түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын тусгай хамгаалалттай газруудын хадгалалт, хамгаалалтын ажлууд явагдана. Мөн олон улсын гэр бүлийн өдрөөр уламжлал болон зохион байгуулагддаг нэг өдрийн үйл ажиллагаагаа зохион байгуулна. Ялангуяа Ханбаянзүрх хайрхан, Хамрын хийдийг зорьж ирсэн жуулчдад үнэн зөв мэдээлэл  хүргэх үүднээс  Хөтөч тайлбарлагчийн сургалтыг зохион байгуулж байна. Музейн өдөр буюу тавдугаар сарын 18-нд соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах “Язгуур алтан өв”-ийн  үзлэг наадмыг аймгийнхаа хэмжээнд нэгдсэн зөвлөгөөнтэй хамтад нь зохион байгуулна.  

-Танай музейд  чихмэлч, сэргээн засварлагч байгаа юу?

-Байгаа, манай музейн нэг гол онцлог шүү дээ. Аймгуудын музейд тэр болгон байдаггүй.  Тийм учраас манай чихмэлч, сэргээн засварлагчаар чихмэл хийлгэх хүсэлт, захиалга  нэлээд ирдэг. Байгалийн гамшиг болон ямар нэгэн осол аюулаас улбаалан үхсэн амьтдаар чихмэл болгон танин мэдэхүйн зорилгоор ашигладаг. Тэгэхээс  бид өөрсдөө агнадаггүй. Чихмэлийн төрлөөрөө ч  манайх баялаг үзмэртэй.

-Танай музейн барилга байгууламж нь нэлээд олон жил болсон юм болов уу гэж харагдаж байна л даа. Зай талбайн хувьд ч мөн л жижиг юм байна. Шинэчлэх төсөв, төлөвлөгөө бий юу?

-Манай музей бүх  ангиллын  үзмэртэй бөгөөд үүнийгээ дагаад  сан хөмрөгийн баяжилт ихтэй. Харин үзмэрүүдээ  дэлгэж үзүүлэх байр, талбайн хувьд хомстолтой. Энэ барилгыг  1979 онд аж ахуйн ажил буюу субботникоор иргэдийг дайчлаад барьсан юм. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “энэ барилгыг ашиглаж болохгүй”  гээд акт тавьсан ч бидэнд шинэ барилга байхгүй учраас гадна, дотноос нь засвар хийгээд байж байна. Музейн барилгыг шинэчлэх ажил  2024 онд улсын төсөвт тусгагдсан гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар  “тэнд, энд барина” гэж бидэнд танилцуулсан шийдвэр алга. Яг музейн стандартаар баригдсан Хархорин, Өмнөговийнх шиг барилгатай болвол манайд  үзмэр хангалттай бий.