Эдийн засгаа төр татаад босгох гэж байхад татвар нь дэвслээд байна

Эдийн засаг

Сүүлийн хоёр жилийн хугацаанд  “Ковид-19” цар тахал дэлхийн  улс орнууд хил гаалиа хааж хатуу хөл хорио тогтоож ирэв. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг царцаж улс орнуудад жижиг дунд бизнесүүд ч дуу дуугаа авалцаж дампуурлаа зарлаж эхэлсэн. Манай улсад жижиг дунд үйлдвэр, бизнесийн салбарт 900 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Цар  тахлын үед аж ахуйн нэгжийн 78 хувь нь хаалга барихад хүрсэн гэсэн тооцоолол байна. Энэ  дампуурлын цаана  400 орчим мянган хүн ажилгүй болсон тооцоог МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд дурдаж байв.

Үүнээс гадна Орос, Украины  цэргийн ажиллагаа дэлхийн эдийн засаг, улс төрийн харилцаанд тодорхойгүй байдал үүсгэж хямралын бас нэг давлагаа үүсгэж  буй билээ. Энэ  нь улс орнуудыг эдийн засгийн хямралыг  даван туулах төлөвлөгөө, бодлого шийдвэрээ илүү чамбайруулахад хүргэсэн. Ийм ч учраас УИХ, Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжиж энэ оны төсөвт тодотгол хийж байна. Гэхдээ бизнес  эрхлэгчид тэр дундаа хамгийн олон ажлын байр бий болгодог эдийн засгийн салбаруудаа дэмжих бодлого баримталж буй юм.

Өнөөдөр “Ковид-19” цар тахал ор мөргүй арилаагүй ч улс орнууд бага багаар хил, гаалиа нээж бизнесүүдээ дэмжих, эдийн засгийн цусны эргэлт  хэмээн нэрлэгдэх мөнгө, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах болсон билээ. Монгол Улсын Засгийн газар ч бас жижиг дунд бизнес эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч нарт хөнгөлөлттэй зээл өгч  эхэлсэн. Тодруулбал,  бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван  хувийн хүүтэй гурван  жилийн хугацаатайгаар олгож байна. Учир нь төр засаг  үйлдвэрлэгч нарт зээл хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй хэмээн үзэж буй юм.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар мэдээлсэн.  Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18 мянга 664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болсон билээ. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд  тооцжээ.

Гэтэл жижиг дунд бизнес, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид сэргэх боломжийг татварын алба үгүй хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл  хөлд орж чадахгүй мөлхөж буй жижиг дунд бизнес эрхлэгчдээ татаад босгох гэж ядаж байхад татварын алба дэвслээд буй аж.  Иймд МҮХҮАТ, Баялаг бүтээгчдийн холбооноос  “Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна” хэмээн мэдэгдэв.

Тэдний мэдэгдэлд “Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлээд байгаа энэ хүнд цаг үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Монголын Татварын албанаас авч хэрэгжүүлж байгаа нь цар тахлын үеийн хүндрэлээс гарч амжаагүй Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд , ЖДҮҮ эрхлэгчид, баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам болж байна. Мөн ОХУ ба Украины хоорондын асуудлаас шалтгаалан дэлхийн улс орнуудын авч буй эдийн засгийн арга хэмжээнүүд, тэдгээрт үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдлүүд болон БНХАУ-ын ковидын халдварын “тэг” бодлого нь Монгол Улсын эдийн засагт гадаад валютын хомстол, төгрөгийн ханшийн огцом сулрал, инфляцын өсөлт, төлбөр тооцооны хүндрэл гэсэн олон сөрөг асуудлыг араасаа дагуулсан нь аж ахуйн нэгжүүдийн эргэн хөл дээрээ зогсох үйл явцыг ч бас  тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа” хэмээсэн байна.

Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчид НӨАТ - н босгыг өндөрсгөх  эсвэл  хувийг нь багасгамаар байна. Жижиг  дунд бизнес эрхлэгч, үйлдвэрүүд сөнөөд дууслаа” хэмээн  өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхлэв.

Эцэст нь хэлэхэд Татварын алба , байцаагч гэдэг “хадны мангаа” цаг үеэ мэдэрдэггүй, төр засгийн бодлогоо ойлгоогүй л тууж яваа аж. Хатуухан хэлэхэд хөлд орж ядаж буй хүүхдээ дэгээдээд унагаж байгаатай адил “хэрцгий” үйлдэл гаргаж эхэлжээ. Татварынхан  минь дээ авах, гээхийн ухаанаар ажилдаа хандаж төр засгийнхаа шийдвэрийг ухан ойлгоосой билээ.