О.Батнайрамдал: Татвар тэглэх арга хэмжээ авснаар дизель түлшийг 3380 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна

Эдийн засаг

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны нөөц, татан авалтын талаар мэдээлэл хийх үеэрээ АИ 92 автобензинийг худалдаалах өртөг 3330 төгрөг байгаа ч зургадугаар сар дуустал 2390 төгрөгөөр зарагдана гэж мэдээллээ.

Тэрбээр “Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд дизель түлш болон АИ 92 автобензиний үнэ дэлхийн зах зээл дээр 45.8 хувиар өссөн байна. Зах зээлийн өртгөөр нь тооцвол АИ 92 автобензин 3330 төгрөгөөр зарагдах өртөгтэй. УУХҮЯ-аас ОХУ-ын “Роснефть” компанитай хэлцэл хийж, нэг тонн шатахууныг зургадугаар сар дуустал 840 ам.долллараар авахаар боллоо. Өмнө нэг тонныг 1110 ам.доллар байсан. Үүнийг 25 хувь хөнгөлсөн гэсэн үг. Зургадугаар сар хүртэл сар бүр 40 мянган тонн автобензин авах гэрээ хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас АИ 92 автобензиний гаалийн албан татварыг тэглэсэн. Ингэснээр 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ 92 автобензиний үнэ зургадугаар сарыг дуустал 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдлээ. Харин дизель түлшний үнийн өртөг 3714 төгрөг байгаа. Энэ бүгдэд татвар тэглэх арга хэмжээ авснаар 3380 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна. ААН-үүд ашигтай бус өртгөө дөнгөж нөхөх хэмжээнд ажиллаж байгаа гэж ойлгож болно” гэсэн юм.

ОХУ-д УУХҮЯ болон шатахуун импортлогч ААН-үүд өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Энэ хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны Ази хариуцсан дэд сайдтай уулзаж хоёр асуудлыг хөндөж ярилцжээ. Нэгд, уул уурхайн салбарт нэн шаардлагатай байгаа бодис, бүтээгдэхүүнүүдийг ОХУ-ын Владивостокоор дамжуулан транзит байдлаар авахаар болсон байна. Хоёрт, “Роснефть” компаниас дизелийн түлшийг илүү хямдаар авах саналаа тавьсан аж. Үүний хариу ирэх долоо хоногт ирэх аж. Цар тахал болон Украин дахь нөхцөл байдлаас улбаалж газрын тосны бүтээгдэхүүнийг 45 хоногоор нөөцөлдөг болсон байна. Өмнө нь газрын тосны бүтээгдэхүүнүүдийг 30 хоногоор нөөцөлдөг байсан юм. Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар АИ 80 автобензин улсын хэмжээнд 65 хоног, АИ 92 автобензин 33 хоног, АИ 95 автобензин 62 хоног, дизель түлш 24 хоногийн нөөцтэй байна. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.               

Шатахууны үнийг хүчээр барьснаас болж инфляц савладаг. Үүнийг тооцсон уу?

-АИ 92-оос бусад шатахууны үнэ тогтооход Засгийн газар оролцдоггүй. АИ 92 дээр дундын оролцоо бий. Үүнийг аажмаар зах зээлийн зарчимд шилжүүлэх автомат үнийн тооцоололд шилжсэн. Энэ зарчмаар хэсэг явсан. Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан дэлхийд нийлүүлэлтийн шок үүсэж, шатахууны үнэ тооцоолсноос өндөр хэлбэлзэж байна. Тиймээс бид ийм санал дэвшүүлж хийсэн юм.

Шатахуунаа доллараар авах уу, рублиэр авах уу?

-Рублиэр тооцоо хийх асуудлыг хүмүүс ярьдаг. АИ 92 автобензиний зургадугаар сар хүртэлх урьдчилгаа төлбөр 100 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ нь 7.1 тэрбум рубльтэй тэнцэнэ. Ийм хэмжээний рубль монголын зах зээлээс босохгүй. Тэгэхээр бид ам. Доллараар буюу Лондонгийн бирж дээр рубль, доллартай харьцах ханшаар авна гэж ойлгож болно. Цаашид төлбөрөө ам.доллараар хийх боломжгүй болвол хоёр талаасаа ямар валютаар хийх талаар судалж, ярилцахаар болсон.