Б.Лхагвасүрэн: IPO гаргах банкууд 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо гарсан

Эдийн засаг

УИХ-ын нэгдсэн чуулганаар арилжааны таван банкийг нээлттэй хувьцаат компанийн  хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэв.

Банкны тухай хуульд өнгөрсөн оны  нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан.  Уг  өөрчлөлтөөр энэ оны зургадугаар сарын 30 гэхэд системийн нөлөө бүхий таван банк   IPO гаргаж олон нийтэд нээлттэй болох ёстой. Тэгвэл  энэ хугацааг дахин нэг жилээр сунгах асуудлыг төв банкнаас УИХ-д тавиад буй юм. Манай улсад   нийт 12 банк үйл ажиллагаа явуулдаг тул үлдсэн банкууд нь нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээжээ.

Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу  гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байна.  Иймд энэ төвлөрлийг задлах нь банкны салбарт  бүтцийн өөрчлөлт  хийх эхлэл болно хэмээн төрөөс үзэж байгаа юм.

Тодруулбал, банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрчээ.  Үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа аж. Тэгэхээр  банкны  салбарын засаглалыг  сайжруулах, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй хэмээн үзэж  Банкны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хуульд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос   хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй юм.

Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганы үйл явдлаас хураангуйлан хүргэе.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа банкууд ХХК-иас ХК болгон бүтцийн өөрчлөлт хийхэд бусад улсууд таван жил зарцуулдаг гэдгийг олж мэдсэн. Энэ дагуу төсөлд тусгасан ч төслийг хэлэлцэх явцад хугацааг гурван жил болгон шахсан. Одоогоор  ХААН, Голомт банкууд Санхүүгийн зохицуулах хороонд хувьцаагаа нээлттэй худалдах хүсэлтээ ирүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон банкуудын тайланд аудит хийлгэж, өнгөрсөн сард тайлан нь бэлэн болсон. Ирэх долоо хоногт IPO гаргах таван том банканд активын чанарын үнэлгээ хийх гэрээг байгуулж дуусна. Энэ шалгалт хоёр сар үргэлжилнэ. Банк хүсвэл энэ шалгалттай зэрэгцэн IPO гаргах ажлыг эхлүүлж болно. Банкууд хууль гарснаас хойш бэлтгэлээ базааж эхэлсэн. Системийн нөлөө бүхий таван банк бүгд төлөвлөгөөгөө ирүүлсэн. Активын чанарын үнэлгээг хийхэд гаднаас мэргэжилтнүүд ирж ажиллана, Монголбанк хийхгүй, хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Активын чанарын үнэлгээ хийлгэхийг ОУВС яагаад зөвлөсөн бэ гэхээр олон улсын байгууллагууд хувьцаа худалдан авах хүсэлтэй байгаа тул тэдгээр хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, хөрөнгийг нь баталгаажуулахад хувь нэмэртэй гэж үзсэн. Активын чанарын үнэлгээг хийснээр банкны салбарт хийх шинэчлэл хойшлохгүй, үргэлжилнэ. Шинэ хуулийн төсөлд бид нэг л тоо өөрчилсөн. Энэ нь 2022 оны зургадугаар сарын 30 гэсэн огноог 2023 он болгож өөрчилж байгаа юм. Ингэснээр таван том банкны IPO ойр ойрхон гарахгүй болно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

 -Банкуудын хувьцааг нээлттэй болгох хуулийн хугацааг өөрчлөх тухай асуудал яригдаж байна. Аливаа хууль өөрчлөхөд шинээр үүссэн нөхцөл байдал гэж байх ёстой байх. Банкууд, хөрөнгө оруулагчид хувьцаа гаргахад дуртай байх шиг байна. Гэтэл яагаад хүчлээд хугацааг нь сунгана гэдэг асуудал яригдаад байна вэ. Оролцогчид нь бэлэн байна. Дээрээс нь хөрөнгийн чанарын үнэлгээг заавал хийх шаардлагагүй гэж байна. Цаана нь өөр шалтгаан байна уу. Банкны салбарын зээлийн үзүүлэлт ямар байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээнд тайлбар өгөөч. Төрийн банкны нөхцөл байдал ямар байна вэ.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Ямар нэг далд шалтгаан байхгүй. Одоо хоёр банк л материалаа өгсөн. Дахин гурван банкны материалыг шалгах шаардлагатай. Гэтэл бидэнд нэг сарын хугацаа үлдлээ. Банкууд IPO гаргахаас өмнө олон нийтэд сурталчилгаа хийх цаг үлдсэнгүй. Иймд IPO хийж дуусах хугацааг сунгах санал оруулсан. Төрийн банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан. Ковидын хуулиар түр зуурын шинжтэй арга хэмжээ авсан. Гэхдээ бид энэ хуулийн заалтуудыг бусад хуульдаа оруулсан тул огцом өөрчлөлт гарахгүй. Гэхдээ Ковидын хууль зогсохоор банкуудын зардал өснө. Одоо 11 банк байна. Сүүлийн нэг жилд дөрвөн банк нийлж, хоёр банк болсон. Банкуудын дүрмийн санг 20, 50, 100 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Дүрмийн санг өсгөхийн тулд банкуудад эздэдээ ногдол ашиг тараахыг хориглодог байв. Харин ХК болсноор банкууд ногдол ашиг хуваарилах боломжтой.       

-УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Монголд хамгийн ашигтай бизнес нь банк. Бид нэг жилий өмнө баталсан хуулиа ингээд өөрчлөөд байх юм уу? Хуулийн төслийг дэмжихгүй. Банкуудын хувьцааг худалдан авах хүсэлтэй иргэд, ААН байна.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Банкны салбарт бүтцийн өөрчлөлт заавал хийх ёстой. Энэ үйл ажиллагааг зогсоож болохгүй. Цар тахлын үед эдийн засаг хүнд байхад банкны салбар хангалтай ашигтай ажилласан. Тиймээс энэ шинэчлэлтийг хойшлуулж болохгүй. Өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байгаа. Яагаад үүнийг бүтэн жилээр хойшлуулах гэж байгааг ойлгохгүй юм. Лобби хийсэн байж магадгүй гэж хардаж байна. Банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн амин сүнс алдагдах нь. Банкууд бэлэн байгаа. Богд банк IPO амжилттай хийсэн. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-IPO гаргах хугацааг л сунгах хүсэлт тавьсан. Эхлүүлэх хугацаа хэвээрээ байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бизнес төлөвлөгөөний төсөөллөөр 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо хийгдсэн байгаа. Иймд бэлэн болсон нь IPO гаргаад яваг. Харин бэлэн болоогүй нь цувраад хувьцаагаа гаргаг гэж хуулийн төслийг оруулж ирсэн. Бидний тооцооллоор таван банк энэ онд хувьцаагаа гаргаж дуусах болов уу.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Эдийн засгийн нөхцөл таагүй байна. Ковидын хуулийг бид түр хугацаагаар батлан, шинээр үүссэн нөхцөл байдалд уян хатан хандсан. Иймд энэ хуулийг дэмжиж байна. Хуулийг ойр ойрхон өөрчилж байгаа нь үнэн. Ойлгож байна. Засгийн газар олон улсын байгууллагатай ярилцаж тохирчээ. Хөгжлийн банкны асуудал дуусаагүй байна. Банкаар оролдохдоо маш болгоомжтой байх ёстой.