Г.Навчаа: Донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.  УИХ-аас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны  нэгдүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулжээ. Гэсэн  хэдий ч одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон байна.Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байгаа юм.

    Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ 2006 онд бөөр шилжүүлэн суулгаснаар эхэлсэн байдаг. Үүнээс хойш энэ оны  гуравдугаар сарын 01-ний байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багууд байгуулж, бэлтгэлээ нь хангаж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах тухай тусгасан байна.  Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал  хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэлийг бий болгож  байна хэмээн хууль санаачлагчид  үзэж буй юм.  УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг аж. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

Хуулийн төсөлд үүнээс гадна эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгохоор тусгалаа. Тэгээд  донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан.  Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болгохоор тусгажээ. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзалт хийж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асууж байсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 гэр бүл донор болгохоос татгалзсан байгаа юм.

Өнөгрсөн онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгасан мэдээлэл бий. Оршуулгын тэтгэмж олговол дээрх тоо нэмэгдэнэ гэж тооцож байна.

Эдгээрээс гадна доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар хуулийн төсөлд тусгажээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Навчаа “Өнгөрсөн оны есдүгээр сараасэнэ оны гуравдугаар сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа явсан нийт 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдэхэд 7.5 тэрбум төгрөг гадаадад зарцуулсан тооцоо бий. Энэ дунд чөмөг шилжүүлэх суулгах – 3 хүн, элэг шилжүүлэх суулгах – 11 хүн явснаас тэдгээр хүмүүсийн гаргасан зардлын таван хувьд буюу 371 сая төгрөгийг олгох шийдвэр энэ долоо хоногт гаргаж байна. Гэтэл улсын төсвөөс энэ чиглэлд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаа.Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гадагшаа явах урсгалд нэмэр болно гэж үзэж байгаа.Монголд 21-25 насныхан харьцангуй эрүүл бүлгийнхэн. Хэлэхэд таагүй байгаа ч донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно” хэмээв.Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах үндсэн эрх хангагдаж, эрх зүйн орчин улам сайжрах юм.