Арилжааны банкны эх үүсвэрээс 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Эдийн засаг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, тогтоолын төслийн хэрэгжилт, явц байдалтай танилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хаврын тариалалтын явцын талаар “Хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 288.8 мянган га-д үр тариа, үүнээс 283.9 мянган га-д улаанбуудай, 9.3 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 3.5 мянган га-д малын тэжээл, 32.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 74.7 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 78.3 хувь, тосны ургамлын тариалалт 49.0 хувь, төмс 54.1 хувь, хүнсний ногоо 40.2 хувьтай тус тус явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 256 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаанбуудайн үр, 34 аж ахуйн нэгжид 1.0 мянган тонн тэжээлийн таримлын үрийг 30 хувийн урьдчилгаатай, 187 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 83 аж ахуйн нэгж иргэнд 889 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон.  

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс газар тариалангийн үйлдвэрлэлд зуун тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 50 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон, Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан тариалан бүхий 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна” хэмээв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэн, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, иргэдийг чанартай, баталгаатай хүнсээр хангахад анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн үндсэн төлөвлөлтийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн тооцооллыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуультай уялдуулах шаардлагатайг тэмдэглэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэд Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэхээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй гурван хувийн хүүтэй зээлийг дэмжиж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг уламжлав.