Нийслэлийн өвлийн бэлтгэлийг хангахад 350-400 сая төгрөг шаардлагатай  байна

Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн аравдугаар хуралдаанаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай хэлэлцэв. Өнгөрсөн өвлийг өнтэй давахын тулд нийслэлд 998 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ. Өвөлжилтийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан. Өнгөрсөн өвлийн турш Улаанбаатар хотын хэмжээнд 7991.2 мянган Гкал дулаан, 5801.7 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,  нийслэлчүүдийг ая тухтай, өнтэй сайхан өвөлжүүлжээ. Нийслэлийн 2022-2023 оны өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 350-400 сая төгрөг төсөвлөх шаардлагатай байгаа юм. Халаалтын болон уурын зуухыг халах зорилтын хүрээнд 2237 зуухыг цахилгаан, дулаанд холбох ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр зуухыг цахилгаан халаалт болон шахмал түлшинд шилжүүлжээ. Иймд 381 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 82 зуухыг баяжуулсан нүүрс, 188 зуухыг сайжруулсан түлш хэрэглэдэг болгосон бол 84 зуухыг төвлөрсөн дулаанд, цахилгаанд 47 зуухыг шилжүүлсэн байна.

Нийслэлийн өвөлжилтөд онцгой нөлөөтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд галлагаатай 163.742 зуух бий гэх тоо гарсан байна. Тэдгээрт өвлийн турш 381.544 тонн сайжруулсан түлш, 79.988 тонн мод болон аргал хөрзөн гэх мэт түлш түлжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 200 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулаад байна. Өнгөрсөн галлагааны улиралд  борлуулалтын 686 цэгээр 1.320.869 тонн сайжруулсан түлш борлуулжээ. Харин нөөцөд 34 мянган тонн сайжруулсан түлш байгаа юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд манай компани 200 мянган тонн түлш үйлдвэрлэх, зүүн бүсийн үйлдвэрийг хэвийн ажиллуулах, баруун үйлдвэрийг нүүлгэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Зүүн үйлдвэрийг долдугаар сардаа багтаан ажиллуулж эхэлнэ. Есдүгээр сарын 15-н гэхэд төлөвлөсөн түлшээ үйлдвэрлэх боломжтой. Харин тэр хэмжээний түлшийг нөөцлөх агуулах дутмаг байна. Одоогийн байдлаар мянган тонн түлш нөөцлөх боломж л байгаа. Агуулахын асуудал хүндрэлтэй байна”  гэв.