Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямралд өртөөд байна

Эдийн засаг

 Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг  Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратергийн баримт бичгийн хамт боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. “Төсвийн хүрээний мэдэгдэл” гэж юу вэ? Ач холбогдол нь юунд оршиж байдгийг ойлгож байгаа жирийн иргэд битгий хэл гишүүд ч цөөн бололтой юм. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол Монгол Улсын нэгдсэн төвийг тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даган гарч ирсэн дунд хугацааны бодлогын баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, төсвийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахад чиглэгдсэн механизм юм. Гадаад өр ирэх гурван жилд ийм байна, төсвийн алдагдал тэд байна гэдгийг урьдчилан тооцож гаргаад түүнийгээ төсөв өргөн барих бүртээ өөрчлөхгүй байх учиртай юм. Жилд хэд хэд дахин эвдэж засаад байвал энэ хууль утгаа алдана. Гэвч сүүлийн жилүүдэд дунд хугацааны бодлогоо хам хум баталчихаад жилд хэд хэд дахин эвдэж засдаг болжээ. 2021 онд УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэл хагас жилийн дотор дөрөв хувирсан байх юм. Ийм дунд хугацааны бодлогын баримт бичиг гэж юу байхав. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгааг хэдэн сар болоод өөрчлөгддөг "дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл" харуулж байна. Үүнийг УИХ нь өөгшүүлдэг болчихож. Аргагүй биз. УИХ нь хэт олонхидоо бардаж дунд хугацааны баримт бичгээ дураараа өөрчилж, өөрсдийн нөлөөллөө оруулдаг болсон байгаа юм.

Энэ жил өмнөх жилтэй нэг адил тооцоо судалгаагүй бодлогын баримт бичиг өргөн барьжээ. Учир нь дунд хугацааны бодлогын баримт бичигтээ Монгол Улсын эдийн засагт тулгарч буй бодит нөхцөл байдлыг огт тооцсонгүй.

Эхлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг харцгаая. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхны улиралын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарчээ.  Инфляц буюу үнийн өсөлт 15 хувь хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт.  Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляцтай давхцах үзэгдлийг эдийн засагт стагфляц гэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй нэмээд өрийн хямралд өртжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах туйлын хүнд. Нийт 22 сая иргэнтэй Шри-Ланкийн ДНБ нь 80 тэрбум ам.доллар, гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрч дефолт зарласан. Харин манай улс 3.4 сая хүн амтай, ДНБ нь ердөө 13 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33 тэрбум ам.доллар давжээ. Энэ нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр Шри-Ланк улсаас дөрөв дахин илүү үзүүлэлт юм.

Гадаад орчны дарамт өндөр, гадаад орчноос шалтгаалах эрсдэл нэмэгдэж байна. Хойд хөрш НҮБ-ын гишүүн Украин улс руу халдан довтолсноор дэлхийн улс орнуудын хорионд орж эдийн засаг нь найман хувиар буурах магадлалтай байгаа талаар олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулав.  Урд хөрш “тэг ковид” гэх нэн хатуу бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотой эдийн засаг нь саарах төлөв бий. АНУ бодлогын хүүгээ өсгөж байгаа нь валютын урсгал хөгжиж буй орнуудаас гарах хандлага ажиглагдаж эхэллээ. Ийнхүү манай хоёр хөрш төдийгүй дэлхийн эдийн засгийг тодорхойлогч гүрнүүдийн хэрэгжүүлж буй бодлого Монгол Улсын хувьд ойрын хугацаанд нэн таагүй байх нь.

ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улс халамжийн элдэв хөтөлбөрүүдээ зогсоож, өрийн асуудалдаа анхаарах, инфляциа цаашид өсгөхгүй байх, стагфляциас гарах төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг сануулж байгаа. Мөн эдгээр байгууллагууд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2022 оны хувьд нэг орчим хувьд байх тооцоолол хийжээ. Дэлхийн банк “Украины дайнаас шалтгаалан түлш, шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдах тохиолдолд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, 2022 онд ердөө 0.7 хувь болж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг өмнө нь 4-6 хувь гэж тооцож байсан төсөөлөөл ийнхүү огцом өөрчлөгдсөнийг төсвийн төсөөлөлдөө тусгах шаардлага бий.

Өнгөрсөн хоёр жил дэлхийн улс орнуудын хувьд ковидтой холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хаалттай байдал үргэлжилж эдийн засагт нь нэн сөргөөр нөлөөлжээ. Иймээс дэлхийн олонхи орнууд хэрхэн стагфляцид орохгүй байх талаар ид зөвлөлдөж  эдийн засгийн “зөөлөн буулт” хийх тухай төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Харин манайд тэс өөр бодлого ярьцгааж байна. УИХ-д хэт олонх болсон МАН-ын эрх баригчид “бодит хөрс”-ндөө бууж зөв зүйтэй шийдвэр гаргахын оронд асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах “мөрөөдлийн зүүд” ярьж сууна. Шинэ сэргэлтийн бодлого гэж амтай болгон нь ярьж байгаа биз? Энэ бодлогын төсөл хөтөлбөрүүдэд 100-120 орчим их наяд төгрөг буюу 40 орчим тэрбум ам.доллар шаардагдах юм. Эндээс харвал, Монгол Улс ямар нэгэн өрийн дарамтгүй, цэцэглэн хөгжиж буй улсын дүр төрх нүдэнд бууна. Харамсалтай нь бодит байдалтайгаа илт зөрчилдсөн тооцоо судалгаагүй олон төсөл, арга хэмжээнүүдийг иргэдэд амлах шиг амархан зүйл үгүй. Монголын эрх баригчдын өнгөрсөн 30 жилд иргэддээ амалсан төсөл, бүтээн байгуулалтыг харвал аль хэдийн Азийн бар улс болоод зогсохгүй нэг иргэнд оногдох ДНБ хөгжингүй орнуудын хэмжээнд хүрчихээр байв. Харамсалтай нь, мөрөөдлийн жагсаалтыг зөвхөн иргэд, сонгогчдоо молигдож санал авахад л чиглэгдэж иржээ. 

Монголбанкнаас гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны IV улирлын байдлаар 33 тэрбум 805 сая ам.доллар буюу 106.5 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл,  Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн үг.  Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон Улсын Валютын Сан анхааруулж байсан. Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” гэж дүгнэв. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй Монгол Улсын хөгжлийг олон жилээр хойш татна. Засгийн газар нь ядахдаа өрийн хэмжээг зөв тооцож УИХ-д оруулж ирэх учиртай юм. Засгийн газрын тооцоогоор манай улсын Засгийн газрын өр ДНБ-ний 50.7 хувь байгаа нь тийм ч хүнд асуудал биш юм гэнэ. Гэтэл Дэлхийн Банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан тайланд Монгол Улсын Засгийн газрын өр 2021 онд ДНБ-ий 81 хувьд хүрсэн ба Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл болох 1.8 тэрбум ам.долларыг оруулан тооцвол Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрэхээр байна гэжээ.

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляц, ажилгүйдэл өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ.  Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ 2013 онд ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр Шри-Ланк улс Хамбантотын усан боомтоо 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Мөн Африк дахь Жибоути улс Хятадаас зээлсэн өрийнхөө улмаас тус улсад усан боомтоо алдаж байжээ.

Гадаадад төлөх өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм. Монгол Улсад ойрын ирээдүйд “өрийн хавх”-аас мултрах нэн хүнд зорилт хүлээж байгаа боловч энэ нь төсвийн хүрээний мэдэгдэлд огт тусгалаа олсонгүй. Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон бусад хүчин зүйлсийг анхааралтай судалж, дунд хугацааны бодлоготой уялдуулах учиртай юм.