Хамгийн өндөр дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ

Эдийн засаг

“Симпл ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохин ёслол өчигдөр боллооСанхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өссөний зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд энэ зах зээлд итгэх итгэл, оролцох оролцоо нэмэгдсэн.

Ялангуяа аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгийн зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдээс гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргах замаар олон нийтээс санхүүжилт татах ажиллагаа улам идэвхжиж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн орчин бүрдсэнээс хойшхи  арав гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад худалдахаар гаргадаг байсан. Харин одоо тухайн үнэт цаасыг баталгаажуулж буй хөрөнгийн төрлүүд өргөжиж, үнэт цаасыг нээлтэй хэлбэрээр гаргаж эхлээд байна. Тухайлбал, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг өнгөрөгч онд арилжаалж эхэлсэн бол энэ оны эхний улиралд хоёр дахь удаагийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарлаа. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, бондын нэг адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ч зах зээлд үүсээд буй энэ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой журмыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогчдод илүү таатай, тодорхой болгох зорилгоор журмын төслийг шинэчлэн баталж байна” гэв.

“Симпл ассет ТЗК” ХХК-аас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргаж байгаа нь нийтэд санал болгон гаргаж буй хамгийн өндөр дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас боллоо. Мөн андеррайтерийн компани нь гар утасны аппликейшн ашиглаж хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, үнэт цаас худалдан авах боломжийг олгох аж.