Гадаад өр 27.1 тэрбум ам.доллароор өсжээ

Эдийн засаг

Монгол Улсын Их Хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхлан, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёнг болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцов.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн арван жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлсэн буюу энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллароор өсжээ. Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, үүний дээр гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ. Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсад үүсээд буй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал, үүнээс үүссэн гадаад өрийн эмзэг байдлыг шийдэх гарч бол Үндэсний хуримтлал болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц бодлого юм. Үүнийг хэрэгжүүлэхэд засаглалыг бэхжүүлэх тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүнд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, хариуцлага ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улсын төсөв бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ зөв эрэмбэлэх шаардлага тулгарч байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх ардчиллыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль, эрх зүйн шинэчлэл хийх замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадсанаар дотоодод ажил эрхлэлт, үйлдвэрлэл нэмэгдэхэд түлхэц болно. Ингэснээр үндэсний хуримтлал бүрдэж, макро эдийн засаг тогтворжино. Улмаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, өсөлт илүү хүртээмжтэй болж, ядуурал буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкнуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан “Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилго” сэдвээр танилцуулсан илтгэлдээ дурдав.

Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.

Цаашид Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежментийг хэрэгжүүлнэ. Ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана. Одоо байгаа зээлүүдийн ашиглалтынх нь үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого чиглэл барьж байна. Олон талт хөгжлийн түншүүдээс авах зээлийн хөтөлбөр, зээлийн ашиглалтыг зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөрөнгө оруулалт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баталсан хөрөнгө оруулалтуудын хүрээнд л ашиглана гэсэн хатуу бодлого баримтална гэдгийг Сангийн сайд танилцуулав.