Швейцарын төмөр замын компани хамгийн урт зорчигч тээврийн галт тэрэг явуулж, дэлхийн дээд амжилт тогтоолоо

ТЕХНОЛОГИ

Бямба гарагт Швейцар улсад Альпын нурууны бэлээр бараг 2 км урт зорчигч тээврийн галт тэрэг аялсан нь дэлхийн дээд амжилт болж, Гиннесийн номд бичигджээ.

Rhaetian Railway (RhB) компани Швейцарын төмөр замын систем үүсэн байгуулагдсаны 175 жилийн ойд зориулан ийм урт цувааг зохион байгуулсан юм байна.

Цуваанд нийт 100 вагоноос бүрдсэн 25 галт тэрэгний дэд хэсэг залгагдаж аялсан нь 1,910 метрийн урттай болжээ.

Ачаа тээврийн галт тэрэгний цуваа 3 км урт хүрсэн тохиолдол байдаг бол зорчигч тээврийн хувьд энэ нь түүхэнд тэмдэглэгдээгүй урт цуваа юм байна.

1990-ээд оны үед Бельги улсад аялсан өмнөх хамгийн урт цувааг энэ удаа хэдэн зуун метрээр ахиулжээ.

Түүхэн цуваа Швейцарын зүүн бүсийн Албула-Бернина чиглэлийн 25 км замыг 45 минутын хугацаанд туулсан байна.

Уг аялалд 150 зорчигч явсан бол цувааг гаднаас нь ажиглах, гэрэл зураг авахаар 3,000 орчим хүн зам дагуу цугларчээ.

Швейцарын телевиз түүхэн аяллын дүрсийг хэд хэдэн цэгээс шууд дамжуулсан байна.

зураг
 

Цуваанд долоон машинист, 21 техникч ажиллаж, бүх галт тэргийг нэг жолоодлогоор аялуулах нарийн төвөгтэй даалгаврыг гүйцэтгэсэн тухай RhB компани мэдээлжээ.

Газар нутаг багатай Швейцар улс төмөр замын нягтралаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тус улсын анхны галт тэрэг 1847 оны наймдугаар сарын 9-ний өдөр Цюрих хотоос Баден хүртэл аялахдаа 23 км замыг 33 минутын хугацаанд туулж байжээ.

 

Эх сурвалж: AFP