10 сарын 15 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 16oC (Багавтар үүлтэй)
Багануур 13oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 16oC (Багавтар үүлтэй)

Шинэ төмөр замын хэрэгт А.Гансүх холбоогүй гэв

2016-10-26
Шинэ төмөр замын хэрэгт А.Гансүх холбоогүй гэв

Ухаа-Худаг Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын төсвийг хувьдаа завшсан хэргээр Зам тээврийн яамны экс удирдлагуудыг шалгаж буй. Ажлын захиалагч, гүйцэтгэгч нь хамсаатан болж холбогдсон энэ хэрэг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлахаас эхлэлтэй. Удахгүй жил тойрох гэж байна.

Гэвч одоогоор Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын 2 иргэнийг эрэн сурвалжилсан хэвээр. Уг нь сарын өмнө тэднийг албадан авчрахаар боллоо гэх мэдээлэл гарч байсан ч мөн л ахиц гараагүй байна.

Харин шинэ төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулан, шалгаж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг сэжигтнээр тооцон шалгаж буй. Үүнээс гадна А.Гансүхийг энэ хэрэгт холбогдуулан хилийн хориг тавин, сэжигтнээр тооцон шалгаж байсан. Энэ талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлж байсан удаатай. Тэгвэл өчигдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бясман “Энэ хэрэгт холбогдуулан 8-9 хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин энэ хэрэгт А.Гансүх байхгүй. Х.Баттулгыг шалгаж байгаа. Мөн БНСУ-ын гурван иргэнийг шалгаж байгаа бөгөөд нэгийг нь хорьж, саатуулан шалгаж байгаа” гэлээ.

Ердөө сарын өмнө л А.Гансүхийг шалгаж байгаа гэдгээ баталж байсан ч өчигдөр үгүйсгэж орхив. Чухам ямар шалтгаанаар А.Гансүх хэргээс гадуур үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн шинэ төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байсан ч прокурорын байгууллагаас үгүйсгэлээ.

                                                                                                                                                                              today.mn