04 сарын 27 (Баасан)
Улаанбаатар 25oC (Үүлшинэ)
Эрдэнэт 19oC (Бага зэргийн бороо)
Дархан 23oC (Бороо шиврэнэ)
Багануур 25oC (Үүлшинэ)
Ханбогд 29oC (Багавтар үүлтэй)

Баруун Цанхийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэл ирсэн

2016-11-15
Баруун Цанхийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэл ирсэн

                               Яг одоогийн нөхцөлд бид өөрсдөө нүүрс борлуулах боломж алга байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой ярилцлаа. Тус компани ирэх долдугаар сар гэхэд Чалко компанид төлөх өрийг барагдуулж дуусах боломжтой хэмээн хэлж байна.

Энэ оны эхнээс нь харвал компанийн үйл ажиллагаа хэр тогтвортой байна вэ? -Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш энэ сард 20 сая дахь тонн нүүрсний экспорт хийлээ. Энэ оны хувьд зургаан сая тонныг экспортолсон байна. 2016 ондоо долоон сая тонн нүүрс экспортлох зорилготой байгаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд зүүн Цанхийн олборлолт, "Чалко" компанид төлөх өрийн асуудал анхаарлын төвд байдаг. Өрийн эргэн төлөлт, үлдэгдэл ямар хэмжээнд байгаа вэ. Төлөвлөгөөний дагуу ажиллавал хэзээ энэ өрийг төлж дуусгах вэ?

Бид зөвхөн зүүн Цанхид олборлолт хийж байна. 2012 онд "Чалко" компанитай тохирсны хүрээнд 33 ам.доллараар нүүрсээ нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 86 сая орчим ам.долларын өртэй. Хэрэв одооны хэмжээгээр олборлолт хийвэл он гараад өрийг төлж дуусгана. Гэхдээ урьдчилсан төлөвөөр Чалкотой хийсэн гэрээний хүрээнд тохирсон индексийн дагуу уурхайн амны үнэ өснө. Ингэснээр ирэх оны долоо болон наймдугаар сард Чалкогийн өрийг бүрэн төлж дуусгах боломжтой.

Нүүрсний хувьд дөрвөн жил уналттай байсан зах зээл нь сэргээд байна. Энэ сэргэлтийг ашиглаад дотоодын компаниуд өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгөөд буй. Харин танай компанийн хувьд ямар боломж харагдаж байна вэ. Тухайлбал баруун Цанхи дээр олборлолт явуулах боломж бий юу?

Засгийн газар болон компанийн ТУЗ-өөс баруун Цанхийн үйл ажиллагааг эхлүүл гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс үүний бэлтгэл ажлыг хийж байна. Чадвал энэ онд багтаагаад баруун Цанхид олборлолтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Тэгсэн тохиолдолд уг хэсгээс олборлосон нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар экспортлох бүрэн боломжтой.

Зүүн Цанхиар тооцоод харвал зардал талдаа танай компани хэд хавьцаа байгаа вэ. Зах зээлийн ханшаар хил дээр аваачиж өгөх нүүрсний ханшийг бодитоор хэрхэн тооцож байна?

Бүх л компаниудад олборлолтын зардал гэсэн том асуудал байдаг. Манай компанийн хувьд өнгөрсөн онд нэг куб метр шороог олборлох зардал нэлээн өндөр байсан. Арванхоёрдугаар сараас бага зэрэг буураад НӨАТ- гүйгээр 3.9 ам.доллар болсон. Энэ үнээрээ бодоход ашиг, алдагдлын цэг маань 35 орчим ам.доллар байгаа юм. Ирэх онд энэ үнэ 25 ам.доллар руу орох боломжтой.

Зөвхөн нүүрс гэлтгүй бүх салбарын хувьд хөрөнгө оруулалт чухлаар тавигдаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн урт хугацааны төлөвлөгөөнд энэ асуудал ямар байдлаар тусгагдсан бэ?

Хамгийн гол нь өнөөдөртөө бид зөвхөн зүүн Цанхийг ажиллуулж байгаа. Эндээс гарч буй бүх нүүрсийг зөвхөн гэрээт компани болох Чалко, мөн олборлолт хийж буй компанид өгчихдөг юм. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд бид өөрсдөө нүүрс борлуулах боломж алга байна. Тиймээс баруун Цанхиа л ажиллуулах ганц гарц бий. Тэнд хэдий чинээ хурдан олборлолт хийнэ, төдий чинээ зах зээлийн үнэ хүрч байгаа үед ашиг орлого олох боломж олдоно.

Ер нь ирэх ондоо бид их өөдрөг төлөвлөгөөтэй байгаа. Зун долдугаар сар гэхэд Чалкогийн өрийг төлөөд дуусчихна. Түүнээс цаашид олборлосон нүүрс бүхэн маань орлого болж эхэлнэ. Үнийн прогнозыг харахдаа нэгдүгээр улиралд 47-50 ам.доллар хавьцаа болох болов уу. Өнөөдөр хүртэл ханш өссөн байсан. Санхүүгийн хувьд өргүй, баланс цэвэр байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг хийх багийг одооноос бүрдүүлнэ. 2018 он гэхэд бид хөрөнгө оруулалт татаад эхэлнэ. Түүний наана суурь бэлтгэлүүд тавигдчих байх.

Хэдий чинээ хурдан олборлолт хийнэ, төдий чинээ зах зээлийн үнэ хүрч байгаа үед ашиг орлого олох боломж олдоно.

2018 он гэхэд бид хөрөнгө оруулалт татаад эхэлнэ.

Хэрэв компани өөрөө техник сайтай, олборлолт, тээврийн ажлаа хийгээд явбал зардал даруй 40-50 хувиар буурах боломжтой.

Зах зээлийн байдал савлагаатай байна. Энэ үнэ урт хугацаанд хадгалагдах уу гэдэг эргэлзээтэй. Компанийн хувьд дотоод зардлаа бууруулах ямар бодитой ажил хийх вэ?

Эрдэнэс Тавантолгой компани өөрөө өндөр зардалтай ажилладаггүй. Яагаад гэвэл хөрс боловсруулах бүх ажлыг гаднын компаниар хийлгүүлдэг. Ачилтыг ч мөн адил. Хэрэв компани өөрөө техник сайтай, олборлолт, тээврийн ажлаа хийгээд явбал зардал даруй 40-50 хувиар буурах боломжтой.

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан Тавантолгойн орд газар дээр ажиллаад ирсэн. Энэ үеэр нүүрсний компанийн төлөөллүүдтэй уулзсан. Талуудаас ямар бодит санал гарав. Нэг цонхны бодлогоор үнээ баримтал гэдэг үүргийг Ерөнхий сайд өгсөн шүү дээ?

Тавантолгойн бүлэг орд дээр орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи Ресурс” гэсэн гурван компани ажиллаж байна. Орон нутгийн “Тавантолгой”, манайх хоёр “уурхайн ам” нөхцөлөөр олборлолтоо хийдэг. Харин “Энержи ресурс” компани нүүрсээ угааж экспортолдог. Манай хоёр компани “Энержи Ресурс” компанитай бүрэн хамтран ажиллах саналтай байдаг. Яагаад гэвэл нүүрсийг угаагаад гаргавал Монголд үлдэх капитал нь арай их юм. Гэхдээ үүнийг хийхийн тулд хоёр талаасаа үнээ тохирох хэрэгтэй. Түүнээс гадна угаалтын гарц гэж нэг зүйл бий. Бид нүүрсээ урд угаалгаж үзэж байсан. Манай гарц 80-90 хувь байдаг. Тэгэхээр “Энержи Ресурс” компанийн цехээр угаалгаж байгаа тохиолдолд гарц нь дээрхээс доошгүй байх хэрэгтэй.

Мөн манай компани одоохондоо олборлож буй бүх нүүрсээ Чалкогийн өрийг төлөхөд болон олборлож буй компанидаа өгч байгаа учраас “Энержи Ресурс” компаниар угаалгах нүүрс байхгүй. Бид маш түргэн хугацаанд баруун Цанхийн ордоос олборлолт хийгээд эхэлбэл зах зээлийнхээ ханшаар “Энержи Ресурс” компанид нийлүүлэх боломж бий. Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр бид нүүрсээ “Энержи ресурс” компаниар угаалгах биш, зах зээлийн ханшаар шууд борлуулалт хийх нөхцөл нь илүү амар боломж юм байна гэж ярилцсан.

                                                                                                                                                                                      ubinfo.mn