11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Х.Булгантуяа: Зээлээ төлөхгүй бол Монгол Улс дампуурчээ гэнэ

2016-12-09
Х.Булгантуяа: Зээлээ төлөхгүй бол Монгол Улс дампуурчээ гэнэ

                  -Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа-

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Мэдээж амаргүй байна. Яагаад гэвэл 2016 оны төсөв маш их алдагдалтай батлагдсан. Энэ оны төсвийн гүйцэтгэл оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 19 орчим хувьтай тэнцүү байхаар харагдаж байна. Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бага, Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Үүнийгээ дагаад ам.долларын ханш өсөлттэй байна. Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Гэтэл  нефть экспортлогч улс орнууд өнгөрсөн аравдугаар сард хуралдаад нефтийн үнийг нэмэхээр болчихлоо. Энэ нь төсөвт маш том дарамт болж байна. Үүнтэй холбогдуулан онцгой албан татвараа багасгасан нь төсвийн орлогыг 60 гаруй тэрбум төгрөгөөр багасгалаа. Энэ оны 3-р улиралд эдийн засгийн өсөх биш буурч -1.6% гэж гарлаа.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хамгийн ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах вэ?

Гадны зах зээлд түүхий эдийн үнэ өсөх вий гэж харахаасаа өмнө дотоод нөөц бололцоогоо харах хэрэгтэй. Ер нь бол том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Монгол Улсын хувьд, эдийн засаг нь жижиг. Улсын нийт төсөв нь 5-6 их наяд төгрөг, зарлага нь найман их наяд төгрөг байдаг. Энэ бол гадаадын томоохон төслүүдийн хоёр жилийн зардал л гэсэн үг. Жишээлбэл, Оюутолгой төсөл эхний шатандаа таван тэрбум ам.долларын зардалтай байсан. Энэ бол Монгол Улсын бараг 2 жилийн төсөвтэй ижил хэмжээний мөнгө гэсэн үг. Тэгэхээр Монголд хоёр тэрбум ам.долларын өртөгтэй нэг томоохон төсөл хэрэгжүүлэхэд л боломж байна гэдгийг эхлээд харах хэрэгтэй.  Мэдээж бид зардлуудаа тодорхой хэмжээгээр танах хэрэгтэй. Жишээлбэл, Төрийн өмчит 89 компани үйл ажиллагаа явуулдагаас  70 хувь нь өнөөдөр ашиггүй ажиллаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, ашиггүй ажиллаж байгаа тэр олон төрийн өмчит компаниудыг яах вэ. Сөрөг хүчин үүнийг төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувьчлах гэж байна гэсэн хардлагатай байх шиг байна. Ардчилсан нам ч гэсэн хоёр жилийн өмнө сургууль, цэцэрлэг, эмнэлэг  гэсэн нийгмийн чиглэлийн барилга байгууламж, их, дээд сургуулиудыг хувьчлана гэдэг асуудлыг оруулж ирж байсан. Үүнийг тухайн үед  МАН дэмжээгүй. АНУ-д  төрөөс эрүүл мэндийн даатгалын тодорхой хэмжээг хариуцдаг ийм систем рүү орж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс дэндүү их зах зээлд шилжсэн боловсролын салбарт төрийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн асуудлуудыг тавьж байсан. Гэтэл бид эсрэгээр нь яваад байна уу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй байгаа юм. Манайд бол төр нь тендер зарлаад түүндээ өөрөө оролцоод, өөртөө мөнгө өгөөд явдаг тогтолцоогоор явж ирсэн. Ийм тогтолцоогоор удаан явж болохгүй.

УИХ-аар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийг муу хөтөлбөр болсон гэх шүүмжлэл бий. Эдийн засаг сайжруулах хөтөлбөр хэрэгжих эхний алхамууд нь юу байх юм бэ?

Хөтөлбөрт макро эдийн засаг, санхүүг сайжруулах олон арга хэмжээ тусгагдсан. Мөн  бодит салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг багтаасан. Эдгээр нь улсын төсөв, гадаад дотоод зээл тусламж, зарим нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжих төслүүд.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг хугацаат үүрэг даалгавар Засгийн газарт өгсөн учраас бүх шатны байгууллагууд үүнийг хэрэгжүүлэх үүргийг давхар хүлээж байна гэсэн үг.  Энэ хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газар сайд нартаа үүрэг даалгавар өгч, түүний хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шалгаж байна. Тийм учраас Засгийн газар өөрөө өөртөө хатуу хариуцлага хүлээж байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийг шүүмжлэх хэсэг байна. Гэхдээ онцгой нөхцөлд онцгой хөтөлбөрийн дагуу л ажиллана шүү дээ.

Энэ хөтөлбөрт аж ахуй нэгжүүддээ чиглэсэн, ялангуяа татварын бодлогыг тусгаагүй байна гэсэн шүүмжлэл бас яваад байгаа?

Гадны улс орнуудад ч гэсэн эдийн засаг хүндэрсэн үед онцгой хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр баталж 830 тэрбум ам.доллар улсын төсөвтөө оруулна гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монгол Улс бол уян хатан татварын бодлоготой улс биш. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын татвар гээд бүгд л бараг 10 хувь төлдөг.  Хүмүүс эдийн засаг хүндэрсэн үед аж ахуй нэгжүүдээ дэмжиж татварыг тэглэх ёстой гэдэг зүйл ярьдаг. Гэтэл Монгол Улс бол бага татвартай улсад тооцогддог. Татвараасаа гэхээс илүү бодлого, шийдвэр нь тууштай биш байгаад гадна, дотны хөрөнгө оруулагчид бухимдаад байна. Өнөөдөр бид нийт улсын төсвийнхөө 84 орчим хувийг татвараас бүрдүүлж эндээсээ багш, цагдаа, эмч нарынхаа цалинг тавихаас эхлэн бүх төрийн бүх үйлчилгээг санхүүжүүлж байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр тусгагдсан  хамгийн ойрын хугацаанд үр өгөөжөө өгөх ямар төсөл байна вэ?

Энэ хөтөлбөрийн хамгийн эхний ажил бол энэ сарын 2-нд болсон хөгжлийн түншүүдийн уулзалт байлаа. Энэ уулзалтыг 1992 оноос хойш жил бүр зохион байгуулдаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа зохион байгуулаагүй, зарим олон улсын төсөл хөтөлбөрүүд нь зогссон, хэрэгжилт нь саатсан, уялдаа холбоо  муутай байж ирсэн. Магадгүй бид өнгөрсөн хугацаанд мөнгөтэй /Чингис бонд гэх мэт/ байсан учраас энэ уулзалтын ач холбогдлыг төдийлөн ойлгоогүй байх. Нэн түрүүнд, Монгол Улсад суугаа бүх Элчин сайд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй төлөөлөгчийг оролцуулсан хурал зохион байгууллаа. Энэ хуралд, Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн 2030 он хүртлэх хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, газар тариалан, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төр хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлуудыг тавьсан том уулзалт боллоо. Хөгжлийн түнш улс орнууд Засгийн газрын дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.   Үүнээс гадна  2017 онд хийгдэх томоохон төслүүдийн ТЭЗҮ-г яаралтай хийх асуудлуудыг ярьж байгаа. Үүний дагуу холбогдох сайд нар нь гадаадад айлчлалууд хийх, гадны ажлын хэсгийг хүлээж авах зэрэг энэ сардаа болон ирэх оны эхний саруудад хийгдэх ажлууд олон байна.  Эдийн засаг сайжирсан үед гадны хөрөнгө оруулагчид, төлөөлөгчид манай сайд, гишүүдийн үүдэнд суудаг байсан бол одоо бид өөрсдөө гадаад явж манайд хөрөнгө оруулалт хийгээч, хамтран ажиллая гэдэг санал тавиад явж байна.

Далай ламын айлчлалын дараа БНХАУ-ын талаас айлчлал, уулзалтуудыг цуцалсан. Манай улс авах байсан зээл хойшилсон. Энэ асуудал юу болсон бэ. БНХАУ-аас зээл авч чадахгүй бол өөр гуравдагч гэдэг юм уу, зээл тусламж авах боломж байна уу, Сангийн яам үүнийг  эрэлхийлж байгаа юу?

Засгийн газар болон Сангийн яамны зүгээс эрэлхийлж байна. Гадаад харилцааны сайдын хэлсэнчлэн маш олон уулзалт зөвлөгөөн, айлчлалууд цуцлагдсан, хойшлогдсон. Мэдээж энэ бүх яриа хэлэлцээр, уулзалтууд хойшлогдоно гэдэг нь шууд биш гэхэд  шууд бус утгаараа улсын эдийн засагт маш ихээр нөлөөлж байгаа юм. Дэлхий нийт БНХАУ-аас авах гэж байсан зээл нь хойшилсон гэж харахаас илүү Монгол Улс хамгийн том худалдааны түнш БНХАУ-тай эв түнжин муутай болчихлоо гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт хийх нь хэцүү болно гэсэн айдсыг өнөөдөр бий болгочихлоо. Мэдээж бид хөршийн харилцаатай  учраас ойлголцолд хүрэх байх. Цаг хугацаа алдсан асуудал л болчихлоо.

Хоёр улсын харилцаа нааштай болох цаг хугацаа ямар байх бол. Та юу гэж харж байна?

Хугацааны хувьд хэлж мэдэхгүй байна. Монголын эдийн засаг чухал үүрэгтэй уул уурхай, барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хавар эхлэх ёстой байдаг. Уг нь бид хавар гэхэд гэрээ хэлэлцээрээ хийгээд, бэлтгэлээ хангаад явж байх ёстой. Энэ бүх зүйл саатна гэдэг нь жил алдах вий гэсэн айдас төрүүл байгаа.

“Тавантолгой цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” зэрэг том мега төслүүдээ хөдөлгөх нь хөрөнгө оруулагчдыг татах нэг боломж байж болно. Энэ төслүүдийг үргэлжлүүлэх үү?

Мега төслүүдийн анх хийгдэж байсан гэрээ хэлэлцээрийг эргэж нэг харах шаардлага гарч байгаа. Тухайн үед яригдсан гэрээ хэлцэл, ярианы түвшин зэрэг асуудлыг зайлшгүй судлах ажлын хэсэг холбогдох яамдад нь байгуулагдан ажиллаж байна. Мэдээж Монгол Улсын эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийн хүрээнд монголд ашигтай ийм гэрээ хэлцэл явагдсан байвал Засгийн газрын зүгээс дэмжээд явах боломжтой. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар халааснаасаа шууд мөнгө гаргаад хэрэгжихгүй.

Одоо тэгэхээр ойрын хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх  том ажил нь “Стэнд бай” хөтөлбөр болоод байна уу?

Гадны улс орнууд  арванхоёрдугаар сарыг баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг учраас ирэх оны нэгдүгээр сард ямар хөтөлбөрт хамрагдах вэ гэдэг нь тодорхой болох байх.  Олон Улсын Валютын сангаас бидэнд хоёр төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжуудыг танилцуулсан. Мөн ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах вэ гэдэг дээр яриа хэлэлцээр хийгдэж байна. 

Ирэх онд бид 580 сая ам.долларын өр төлж эхэлнэ. Эдийн засаг нь сайжирч чадахгүй ийм байдлаар явбал энэ зээлээ төлж чадах уу?

Хэдхэн сарын дараа Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлж эхэлнэ. Энэ мөнгийг бид зайлшгүй төлөх үүрэгтэй. Хөгжлийн банкны зэрэглэл нь Монгол улсын зэрэглэл байдаг. Хэрэв Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс дампуурчээ гэж хэлж байгаатай адилхан сонсогдоно. Тиймээс бид энэ мөнгийг заавал төлөх ёстой. Мэдээж Хөгжлийн банкны авсан зээлийн зарцуулалт зөв байсан буруу байсан эсэхийг бид дотороо шийдэх ёстой асуудал. 2017 оны төсөв боловсруулахдаа энэ зээлийг төсөвт суулгасан. Ирэх оны төсөв дээр 2,1 их наядын алдагдал байгаа. Үүнийг бид санхүүжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл авах зайлшгүй шаардлага байгаа.

Өмнөх Засгийн газар зээл аваад өр үлдээчихлээ гээд МАН-ынхан шүүмжлээд байсан хэрнээ өөрсдөө зээл авах нь гэсэн шүүмжлэлүүд яваад байгаа?

Энгийнээр бодоод үзье. Өнөөдөр би 20 хувийн хүүтэй банкны байрны зээлтэй байя гэж бодъё. Гэтэл өөр банкинд найман хувийн хүүтэй банкны зээл байвал би тэр зээл рүү л зүтгэнэ, яг үүнтэй адилхан. Засгийн газар энэ оны эхээр л гэхэд 11 хувийн хүүтэй зээл авчихсан байгаа. Бид өөрсдөө яваад зургаагаас доош хувийн хүүтэй зээл авах боломж байна. БНХАУ-тай яриад байгаа зээл ч гэсэн өмнөх авсан зээлийн хүүгээс хэд дахин бага хүүтэй. Зээл аваад зээлийнхээ хүүнд шатахгүй суух юмсан гэдэг зүйлийг л яриад байгаа юм. 2017 оны төсөвт 1,4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүнд өгч байгаа. Нийтдээ 2017 онд 6,7 их наяд төгрөг,  2018 онд найм орчим их наяд төгрөгийн зээл төлнө. Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл бол түүхэндээ байгаагүй их өртэй  болоод байна. Дараагийн дөрвөн жилд ч ажиллаад төлж чадахгүй өртэй нөхцөл байдал л үүсээд байна даа.

Өр ярьж байтал нэмээд зээлжих зэрэглэлийг бууруулчихсан нь хөрөнгө оруулалт, гадны зээл тусламжид ч нөлөөлж байгаа байх?

Зээлжих зэрэглэл буурна гэдэг бол сайн зүйл биш. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголын зээлжих зэрэглэл зургаан удаа буурсан. Ингэж бууралттай байгаа нь гадныхны итгэл төдий чинээ байна  гэсэн үг. Монгол Улс урт хугацаандаа бол байгалийн баялагтай, хүн ам нь залуу, боловсрол өндөртэй, дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс нутаг БНХАУ-тай ойр байдаг гэх мэт давуу талууд байгаа ч богино хугацаандаа ийм нөхцөл үүсээд байгаа нь засаглалын алдаа. Дэлхийн банкнаас 2015 оны сүүлээс маш олон заалттай зөвлөмжүүд хүргүүлж байсан юм билээ, Засгийн газарт. Сангийн сайд асан Б.Болор 2016 оны төсвийг өргөн барихдаа уг нь зардалаа танах, зарим татварыг нэмж орлогоо нэмэгдүүлэх олон зоримог алхам хийх гэж оролдсон юм билээ.  Гэвч сонгуулийн өмнө ийм зүйл ярихгүй гээд ЗГ нь дэмжээгүй байсан. Олон Улсын валютын сангийн хөтөлбөр авах асуудал ч өмнөх Засгийн газрын үед нилээд удаан хугацаанд яригдаж байсан. Харамсалтай нь хойш нь тавьсаар өнөөдрийн хүнд байдалд хүргэсэн. Хүнээр ярьвал, хүн өвчин тусчаад эмнэлгийн тусламж авч чадахгүй яваад байх нь буруу. Тэгэхээр өнөөдөр бид бүр ужгирсан өвчтэй болчоод түүнийгээ яах вэ гээд л сууж байна. Олон Улсын валютын сан /ОУВС/-гийн зөвлөмжүүдийг бид аваад хэрэгжүүлчихсэн. Нэгдмэл төсөвтэй буюу төсвийн орлого нь нэг хаалгатай, зарлага нь шүүрэн шанага шиг байгаагаа өөрчлөхийг ОУВС байнга сануулсаар ирсэн.

Эдийн засгаа хөдөлгөх хамгийн том хөшүүрэг бол хөрөнгө оруулагчид, тэд хэзээ биднийг сонирхож эхлэх вэ?

Уул уурхай, эрчим хүчний салбарт эхний хөрөнгө оруулалтуудыг татах боломжтой. Жишээлбэл, “Оюутолгой” төсөл БНХАУ-аас эрчим хүчээ худалдаж авдаг. Гэтэл бид ийм их нүүрстэй байж тэрбум орчим ам.доллараар цахилгаан станц барьж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуулт байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид Чингис бондоос 1,5 тэрбум ам.доллар босгоод  тухайн үед 800 мянган сая ам.долларын өртөгөөр босох  450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой байсан. Яг ийм ТЭЗҮ-г Оюутолгойнхон өөрсдөө хийчихсэн байсан.  Цахилгаан станцыг гурван жилийн дотор барих боломжтой. Хэрэв өнгөрсөн дөрвөн жилийн дотор цахилгаан станц барьчихсан бол бид эрчим хүчээ Оюутолгойнхонд зараад тодорхой орлоготой болчихсон сууж байх байлаа. Энэ боломж нь Монгол Улсын Засгийн газарт байсан.  Хямд хүүтэй эх үүсвэр татах нь буруу биш ч бондын зарцуулалтыг л шүүмжлээд байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жил бид манай Засгийн газар таван тэрбум орчим ам.доллар зээлж авчихаад нэг ч том үйлдвэргүй сууж байгаа нь үнэн шүү дээ.

Эдийн засаг сэргэтэл төсөв алдагдалгүй ажиллах боломж байгаа юу?

Төсвийн төсөөллөөрөө яваад, санхүүгийн сахилга баттай байвал 2020 оноос алдагдалгүй ажиллахаар байна. Сүүлийн хэдэн жил бид төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дандаа гадаадаас зээл тусламж авч ирсэн. Энэ бүгдийг төлөх үүргээ хүлээсэн учраас төлөхөөс өөр аргагүй. Монгол улсын нийт өр 2016 оны байдлаар 23 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, бид төсвийнхөө орлогоос нэг ч төгрөг зарцуулахгүй хураахад бараг 4 жил хураах ийм их өр, зээлэнд Монгол улс дарагдсан. 2018 онд Чингис бондынхоо 500 сая ам.доллар бусад өр зээлийг оруулаад 8 их наяд гаруйг, 2019 онд 6 их наяд гаруйг бид өрийн үйлчилгээнд төлнө. Энэ хугацаанд зөв бодлого явуулаад орлогоо нэмэгдүүлж, эдийн засгийн хэмжээг нэмэгдүүлээд ирэхээр өртэй ч гэсэн төсөв алдагдалгүй ажиллах боломж байгаа.

МАН сонгуулиар бид чадна гэж гарч ирчихээд одоо мөнгө алга, эдийн засаг хүнд байна гэж  “гоншигнох” хэрэггүй гэх хүмүүс бас байна л даа?

Өнгөрсөн хугацаанд хэтэрхий их сэтгэлийн хөдөлгөөнөөр олон зүйлийг шийдчихсэн. Энэ нь төсөвт, эдийн засагт ямар нөлөөтэй, хэн, ямар орлогоор төлөх вэ гэдгийг бодоогүйгээр шийдвэрлэсэн зүйл олон байна. Хуулийн хүрээнд эдийн засагт үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байж болох ч үр ашиггүй байсныг нь л шүүмжлээд л байгаа юм. Өнөөдөр бид Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд тооцоогүй их өр, зээл тавьж, эдийн засгийн хувь үр ашиггүй, хуульд зөрчсөн байдлаар төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсэн байна гэдгийг л хэлээд байгаа юм. Ийм асуудлыг улстөржүүлээд баймааргүй байгаа юм. Бид гадныханд зөв мессеж өгөхгүй бол Монгол Улс дотроо хагаралдсан, зөрчилдөж байна гэж харах вий.

Ш.ОЮУНЧИМЭГ