01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Дэлхийн нууцыг дэлгэсэн алмаас

2016-12-20
Дэлхийн нууцыг дэлгэсэн алмаас

Алмаасыг сайтар ажвал гадаргуу нь гэмтсэн мэт харагдах сэв бий

Зарим хүн том алмаас хараад өөрт нь байсан ч болоосой гэж боддог байх. Харин геологич Эван Смит зөвхөн судлахыг хүсдэг аж. Тэрбээр “Миний харж байгаа алмаасууд олон сая ам.доллараар хэмжигдэх байх. Гэхдээ би үнийг нь бус, харин дэлхийн хэдий хэр гүнээс гарсныг нь мэдээд дуу алддаг” гэв.

Эван Смит бол Нью-Йорк хот дахь Америкийн Эрдэнэсийн чулуу судлалын хүрээлэнд ховор үнэт чулуу судалдаг. Тус хүрээлэн ер бусын том, орц найрлагын хувьд цэвэр, мөн санаанд багтамгүй өндөр үнэтэй, ховор төрлийн эрдэнийн чулууг судалдаг газар юм.

Тус хүрээлэнгийн судалдаг ховор төрлийн үнэт чулууны нэг нь 3106 каратын Куллинан алмаас. Английн ихэс дээдсийн титэмд хэрэглэдэг уг чулуу бусад алмаасыг бодвол геологийн олон хүчин зүйлээр нөхцөлдөн бий болсон гэж үздэг байна. Эван Смит ч үүнийг илтгэх нотолгоог гарган тавьж, дэлхийн доод мантийн давхаргад металл элемент жигд тархсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр “Би өмнө нь тэрхүү давхаргыг чулуунаас л тогтсон гэж ойлгодог. Харин зөвхөн чулуу байдаггүйг алмааснууд хэлж өгч байна” хэмээв.

Судлаачдын дунд дэлхийн цөмийн талаарх ойлголт хязгаарлагдмал. Учир нь тийм гүн гүнзгий өрөмдлөг хийх бололцоо хомс. Тиймээс тэндээс гарч ирсэн чулууны тусламжтай л судлахаас өөр сонголт үгүй.

Ихэнх алмаас 140-190 км- ийн гүнд оршдог. Одоогийн алмааснууд бол галт уулын хүчтэй дэлбэрэлт, олон сая жилийн "аялал"-ын үр дүнд дэлхийн царцдас дээр гарч ирсэн байдаг юм байна. Харин Куллинан болон түүнтэй ижил төрлийн алмаасууд газрын гадаргаас 360-717 км-ийн гүнд оршдог аж. Үүнийг чулууны химийн найрлагын тусламжтай тогтоожээ. Ихэнх алмаас тухайн үүссэн газрынхаа талаар мэдээлэл агуулдаггүй. Тиймээс бид дэлхийн цөмийн химийн орчныг л судлах ёстой болдог аж.

Сэвийг судалж алмаас ямар орчинд, хаана бий болсныг мэддэг

Алмаасыг сайтар ажвал гадаргуу нь гэмтсэн, тэгш хэмээ алдсан мэт харагдах бяцхан сэв бий. Үүнийг судлаачид хөндлөнгийн биет гэж үздэг бол алмаасын шүтэн бишрэгчид сэв хэмээн “гадуурхдаг”. Харин Смит нарын судлаачдын хувьд алмаасны хамгийн үнэ цэнэтэй хэсэг нь энэ юм. Энэхүү сэвийн ачаар алмаас ямар орчинд, хаана бий болсныг мэддэг аж.

Гэвч Куллинан зэрэг алмаасны хувьд ийм сэв олоход амаргүй. Учир нь үнэтэй алмаас дээдсүүдийн гараас гарт дамжихаас бус, дэлхийн цөмийг судалдаг геологичдод хүрнэ гэдэг бараг үлгэр. Харин Америкийн Эрдэнэсийн чулуу судлалын хүрээлэн бол онцгой газар. Алмаасны зэрэглэлийг тогтоох замаар эрдэнийн чулуунд итгэх олон нийтийн итгэлийг олж авсан, ашгийн бус байгууллага юм. Энд Смитэд зэрэглэлийг нь тогтоолгох гэж авчирсан алмаасыг эзнээс нь хэдэн цагаар зээлэн авч, микроскопоор нарийвчлан ажиглах боломж олддог.

Нөгөө талаар, Куллинан төрлийн алмааст сэв гэхээр зүйл бараг л үгүй. Тиймээс химийн хэрэгтэй мэдээллийг нь олж авахын тулд ажиглалтад их цаг хугацаа зарцуулдаг байна. Харин Смит уйгагүй тэсвэр тэвчээрийнхээ хүчээр ийм ховор төрлийн алмаасны 53 сэвэнд дүн шинжилгээ хийж чаджээ.

Үр дүнд нь, ер бусын том алмаас нь төмөр, никель, нүүрстөрөгч, хүхэр болон бусад олон төрлийн химийн нэгдлийн шингэн төлөвийн орчинд бий болдог гэдэг үндэслэлийг тэрбээр дэвшүүлэв. Эдгээр металлаас зарим нь маш өндөр даралтад л байх боломжтой юм байна. Тиймээс дэлхийн мантийн давхаргын маш гүнд алмаас бүрэлддэг гэсэн дүгнэлт урган гарч буй. Уг хоёр дүгнэлтээс үзвэл дэлхийн цөмд металл бий гэсэн шинжлэх ухааны суурь ойлголтод хүрч болох аж.

“Энэ ойлголтыг өмнө нь онол болон туршилтын дүнд мэддэг байсан. Харин одоо дэлхийн гүнд төмөр металл байдаг гэдгийг илтгэх биет нотолгоотой боллоо” хэмээн Смит хөөрнө.

Ер бусын том алмаасыг судлах Смитийн ажил үүгээр дуусахгүй. Ирээдүйд тэрбээр дэлхийн металл хайлмалд алмаасыг бий болгосноос өөр ямар төрлийн элемент байгааг тогтоохыг зорьж буй аж.