09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

БНХАУ байгаль орчин бохирдуулвал татвар ногдуулах шинэ хууль баталжээ

2017-01-03
БНХАУ байгаль орчин бохирдуулвал татвар ногдуулах шинэ хууль баталжээ

БНХАУ-ын ардын төлөөлөгчдийн их хурал байгаль орчин бохирдуулагчид, ялангуяа хүнд аж үйлдвэрийн салбарт татвар ногдуулах тухай шинэ хуулийг баталсан байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих энэ хууль нь байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн гэдгийг Хятадын сангийн яамнаас мэдэгджээ.

Хятад нь 1979 оноос хойш байгаль орчин бохирдуулсны төлбөр хураамж авч иржээ. БНХАУ хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Энэ ч үүднээс дэлхийн дулааралтай тэмцэх тухай Парисын хэлэлцээрээр багагүй үүрэг хүлээж, хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах зорилтоо тунхаглаад байгаа юм.

2015 оны байдлаар Хятад улс 280 гаруй мянган бизнесийн байгууллагаас нийт 17.3 тэрбум юань буюу 2.5 тэрбум америк долларын хураамж авсан байна. Гэхдээ зарим мужуудын захиргаа нь хуулийн цоорхойг ашиглан, санхүүгийн ашиг олох зорилгоор агаар бохирдуулагч хамгийн гол байгууллагуудыг хураамжаас чөлөөлдөг байсан байна. Иймд олон жилийн турш тус улсын хууль хяналтынхан агаар бохирдуулагчдаас авах хураамжийн тогтолцоог шинэ хууль журмаар цэгцлэх асуудлыг тавьж иржээ.

Сая баталсан шинэ хууль нь байгаль орчин бохирдуулагч байгууллагуудаас татвар авах асуудалд Засгийн газрын оролцоог бууруулах юм байна. Мөн энэ хуулиар татвар төлөгчдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, компани аж ахуйн нэгжүүдийг технологио шинэчлэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болох нь. Шинэ хуулиар Хятадын компаниуд байгаль орчин бохирдуулсан түвшнээсээ хамаарч сард 350-11.200 юанийн татвар төлөх юм байна.

Энэ хуулиар Агаарын бохирдлын заасан хэмжээнд 1.2 юань, ус бохирдуулалтад 1.4 юань, хатуу хог хаягдлын тонн тутамд 5-1000 юань гэх мэтээр түвшинг нь тогтоожээ. Шинээр баталсан энэ хууль зөвхөн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх юм байна. Хууль хэрэгжих хугацаа нь 2018 оны нэгдүгээр сар. Энэ жил гаруйн хугацаанд Хятадын эрх баригчид хуулийн хэрэгжилтэд тохируулж, зохицуулалт хийх бэлтгэлээ хангах аж.