01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

Дифляци үргэлжлэх хандлагатай байна

2017-01-03
Дифляци үргэлжлэх хандлагатай байна

-Хоёр жилийн туршид Монгол Улсын бүх л салбар дахь үйлдвэрлэл буурчээ-

Монголбанкнаас энэ оны эдийн засаг, инфляцийн төлөв байдлын талаар судалгаа хийжээ. Уг судалгаанаас харахад энэ онд инфляци нам түвшинд байх бололтой. Өнөөдрийн байдлаар инфляци 0.2 хувьтай байгаа. Сүүлийн хоёр сар дараалан инфляци хасах утгатай гарсан. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард инфляци нэмэх утга руу шилжсэн хэдий ч энэ нь тайвшрах үзүүлэлт биш аж.  Эдийн  засгийн өсөлт хүлээлтэд хүрээгүй нь дифляцийн аюулд хүргэж байна гэж Төв банк харж байгаа бололтой.

2017 оны эхний хагас хүртэл дифляци үргэлжлэх  нь бололтой.  Тодруулбал, инфляци  зорилтот түвшнээс  бага  төвшинд  хадгалагдах хандлагатай байна. Хүнсний болон хүнсний бус инфляци аль аль  нь оны эхээр  буурах бол жилийн сүүлийн хагасаас суурь үеийн нөлөөнөөс үүдэн өсөх төлөвтэй байгаа аж.  Хүнсний инфляци нь махны үнээс  голчлон шалтгаалдаг. Тиймээс  энэ оны гуравдугаар улирал  хүртэл  буурах бол хүнсний бус инфляци  нь валютын ханшийн нөлөөгөөр 2017 оны гуравдугаар улирлаас эерэг түвшинд хүрэхээр байна. Харин эдийн засгийн идэвхжил үргэлжлэн саарч байгаа тул хүнсний бус инфляци буурах хандлага 2017 оны эхний хагас дуустал үргэлжилнэ гэсэн судалгааг Төв банкнаас хийжээ.                   

Хоёр жилийн туршид Монгол Улсын бүх л салбар дахь  үйлдвэрлэл буурчээ. Эдийн засгийн өсөлт суларсан нь  2016 оны гуравдугаар улиралд Засгийн газрын зардал төлөвлөснөөс өссөнтэй холбоотой аж. Тэрчлэн  нүүрс, алт, зэсийн үнэд гарсан эерэг өөрчлөлтөөс үүдэн экспортлох хэмжээ нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн боловч хувийн хөрөнгө оруулалт, хэрэглээ багасч, импорт өссөн нь сөрөг нөлөө үзүүлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн орчин муудсан нь хувийн хөрөнгө оруулалт хумигдах нөхцөл болж байна гэж төв банкнаас хийсэн судалгаанд өгүүлжээ. Ажил эрхлэлт буурч, ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, нэрлэсэн болон бодит цалингийн өсөлт саарсаар байна. Хөрөнгө оруулалт сайжрахгүй байгаа нь ажилгүйдэл өсөхөд нөлөөлжээ.

Тэрчлэн  шинээр нэмэгдсэн зээлийн ихэнх хувийг цалин, тэтгэврийн зээл бүрдүүлж байна. 2014 оны есдүгээр сараас эхлэн тасралтгүй буурч байсан хөрөнгийн захын үзүүлэлтүүдийг харахад ТОП-20 индексийн дундаж үзүүлэлт үргэлжилсэн уналт үзүүлсээр байгаа. Мөн орон сууцны ерөнхий үнэ 2015 оны эхнээс буурсаар байна. Эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийг авч үзвэл эдийн засгийн өсөлт уул уурхайн үйлдвэрлэл буурахтай холбогдон 2016 оны сүүлийн хагас жилд сөрөг болж, 2017 оны сүүлийн хагаст эерэг төлөвт шил­­жих хандлагатай байна. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруу­лалтаас хамааран 2017 онд уул уурхайн бус сал­барын үйлдвэрлэл сэр­гэх хандлага ажиглагдаж байгаа аж.