07 сарын 17 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Түр зуурын бороо)
Эрдэнэт 22oC (Бага зэргийн бороо)
Дархан 27oC (Бага зэргийн бороо)
Багануур 25oC (Бага зэргийн бороо)
Ханбогд 35oC (Бага зэргийн бороо)

С.Эрдэнэ: “MCS” компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгаа

2017-01-06
С.Эрдэнэ: “MCS” компани Тавантолгойгоор алдагдлаа нөхөх бодлого барьж байгаа

Тавантолгойн ордыг эргэлтэнд оруулах ажиллагаа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж, гэрээтэй холбоотой нууц баримтууд ил болсон. Эрх баригч МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хаалттай байлгахаар шийдвэрлэсэн. Монголын ард түмнийг 300 жил тэжээх нөөцтэй Тавантолгойн ордын халуун цэг дээр байгаа ажилчдын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Та Тавантолгойн ордын асуудлаар оны өмнө УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан. Танд ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
 
-Тавантолгойн ажилчид төр, нийгмийнхээ өмнө хүлээсэн иргэнийхээ үүргийг өнгөрсөн хугацаанд биелүүлсэн. Төрийн өмчит компани ажил хийж чаддаггүй гэсэн хандлагыг бид зогсоолоо. Манайхыг хувийн өмчийн компаниуд авах гэж баахан үзлээ. Төрийн өмчийн компани зөв зохион байгуулалттай, зөв удирдлагатай байх юм бол үр ашгаа огнө гэдэг талаас нь.
 
“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага солигдсон. Өмнөх удирдлагууд ямар бодолтой байсныг бүү мэд. Гэхдээ ямартаа ч компанийн удирдлагууд “Монголчууд бидэнд боломж бололцоо байна. Бид үүнийг цааш нь үргэлжлүүлж хөгжүүлэх ёстой” гэсэн үзэл бодолтой байх шиг байна лээ. Бид нэг талаас ажилчдыг төлөөлж байгаа. Нөгөө талаас бид тэдний ар тал, нийгмийг төлөөлж байгаа хүнийхээ хувьд хэлэхэд бидний хийх ёстой ажил үйлдвэрчний эвлэл. Бид тухайн үед өөрсдийнхеө байр суурийг илэрхийлж байсан. Ялангуяа өөрсдийнхөө ажлын байрыг хамгаалахын төлөө тэмцэж байсан. Одоо шинэ Засаг солигдлоо, УИХ-ын гишүүд ард түмнийхээ өмнө амласан үүргээ биелүүлэх тэр цаг үе ирчихээд байна.
 
Миний харж байгаагаар гишүүд надтай санал нэг байгаа юм шиг санагдаж байна. Ялангуяа энэ талаар ойлгосон ухамсарласан хүмүүс. Тийм ч учраас бүлгийнх нь хурал дээр энэ асуудал уналаа гэж яриад байгаа. Ер нь цааш цаашдаа энэ талаар өргөн мэдээлэлтэй байж бодитой зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш муйхарлаад явж болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Тэд нарт ч бас том сургамжтай зүйл болсон. Гишүүд зөвхөн дөрвөн жил ажиллаад бууна гэж ойлгохгүй байна. Ирээдүйн Монголын төр нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулах бодит боломж бололцоо байгаа. Ялангуяа залууст. Тавантолгойг цогцоор нь хөдөлгөх тогтоолын төсөл санаачилж гарын үсэг зурсан олон гишүүн байгаа.
 
-Засгийн газрын ажлын хэсгээс “Энержи ресур" болон Хятадын “Шинхуй”, Японы “Сумитомо” корпорацитай гурвалсан уулзалт зохион байгуулсан. Үүний дараагаар “TTJV” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиралд илгээсэн захидал олон нийтэд ил болсон. Захидалдаа Чалкод төлөх өрийг ирэх хоёрдугаар сар гэхэд төлж дуусгана, он дуусахад Монгол Улс 300 сая ам.долларын ашиг хүртэнэ. Бүр Тавантолгойг эхлүүлэхэд таван тэрбумаар үнэлэх боломжтой гэсэн байсан. Эдгээр хувилбарын аль нь Монголд ашигтай вэ?
 
-Хятад хүнтэй хоол хийх, байшин барих, наймаа хийх талаар бид ном хаялцаж, тэднээс илүү том ашигтай наймаа хийнэ гэж юу байх вэ. Ямартаа ч Чалкотой урьдчилж хийсэн өр, авлага дуусах нь дуусна. Дууссаны дараа дараагийн зүйлийг ярих нь зөв. “MCS”, “Сумитомо”, “Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна.
 
“Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол “Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх “Монголын томөр зам" хэмээх субъект байгаа. “Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх.
 
Харин “MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар “MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй.
 
Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. “MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно.
 
-Компанийн одоогийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?
 
-Компани хоногт 500-600 машин нүүрс ачиж байна. Нүүрсний үнэ хоёр дахин өслөө. Үүнийг тогтвортой явуулах, одоо туслан гүйцэтгэгч нар биш бие даасан үйл ажиллагаа явуулах зэргээр компанийн удирдлагуудад өндөр хариуцлага ногдож байгаа.
 
-Тавантолгойн хэлэлцээнд компанийн ажилчдын эрх ашгийг тусгах тал дээр ямар асуудал байна вэ?
 
-Хэлэлцээ бол бид нарын асуудалд нөлөөлөхгүй. Гэхдээ бид компанийн удирдлагуудтай ярьж байгаа. Тэдний амалсан, зориглосон зүйл өөрсдийнх ажлаас харагдаж байсан. Ганцхан бид биш уул уурхайд ажилладаг бүх хүмүүс ажиглаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г ямар үйл ажиллагаатай байна, шинэ удирдлагууд нь юу хийх вэ гэж нийгэм даяараа харж байгаа. Энэ нь нэгдүгээрт үнэлэлт дүгнэлт хийхээс гадна дагаж суралцах асуудал юм. “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс хувьсгал хийх гэж яриагүй. Нийгмийг донсолгох гэж тэмцэл хийгээгүй. Ер нь хуулийн хүрээнд ямар байх ёстой, ямар шаардлага байдгийг ярьсан. Гэхдээ мэдээж бидний дунд зөрчилтэй зүйл байна. Чадах ядахаараа асуудлыг шийдэх гээд явж байна.
 
-Ордыг хөдөлгөхөд гол шугам нь Монгол Улсад, монголчуудад үр ашигтай байх ёстой. Харин үр ашиггүй гэрээ, хэлэлцээ өрнөвөл та тэмцэнэ гэсэн байсан?
 
-Өнгөрсөн жил гаргасан шийдвэр нийгмээ төлөөлсөн хувь хүний тэмцэл байсан. Түүнээс хойш нийгэм маш их өөрчлөгдсөн. Нэг хүн шатах өөр асуудал. Буруу зөрүү шийдвэр гаргаад нийгмийг шатаачих вий гэдгийг анхааруулж байна. Хүмүүс юуны төлөө яаж тэмцэх тухай олон арга зам байдгийг ойлгосон, мэдэрсэн. Нийгмээр нь битгий бужигнуулаад хаячихаасай гэж хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд улс төрөө төлөвшүүлэх хэрэгтэй байна.
 

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН