11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

УУЛ УУРХАЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТАЛЖЭЭ

2017-01-06
УУЛ УУРХАЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
 
Манай уул уурхай, эрдэс баялгийн салбарын харилцааг голчлон Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч энэ хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах болон төлбөр хураамжийг төлөхтэй холбоо бүхий харилцааг түлхүү зохицуулж, бүхэлд нь нэг мөр оновчтой шийдвэрлэж чадахгүй байгааг салбарын яам анхаарч, Уул уурхайн хууль боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж.
 
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар баталсаныг дор танилцуулж байна.
 
Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л асуудал, техник технологи, уурхайчдын аюулгүй байдал зэрэг салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах юм.
 
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
 
Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
 
Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах дараахь хууль зүйн үндэслэл байна.
 
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөөс эдийн засгийг зохицуулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад уул уурхай салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
 
2.Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлагдсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байдаг.
Уг бодлогод заасан зорилтуудыг 2024 он хүртэл хангахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохицуулсан Ашигт малтмалын тухай хууль төдийгүй уг ашигт малтмалыг олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг эхнээс нь дуустал явуулахтай холбоотой эрх зүйн орчныг журмаар бус, хуулиар зохицуулах эрх зүйн үндэслэл үүссэн. Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдгээр үйл ажиллагаа нь хуулиар бус, дүрэм журмаар зохицуулагддаг байснаас үүдэн эрх зүйн хүчин чадлын хувьд бүрэн үйлчлэх  боломжгүй байна.
 
3.Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2.61-д ”Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх”, 2.67-д “...уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэх”-ээр тус тус заасан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан уул уурхайн төслийг үр ашигтай явуулах, хаалтын эрх зүйн орчинг бий болгох зорилтуудыг зөвхөн хуулиар зохицуулах боломжтой. Энэ зохицуулалтыг бий болгосноор байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй орхигдуулах, уул уурхайн төсөлд оролцогчид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит тооцоонд суурилж төсөл хэрэгжүүлэх нөхцөл бий болно.
 
4.Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулах талаар тусгасан байдаг. Сүүлийн үед дэлхий даяар хурцаар тавигдаж байгаа уул уурхайн компаниудын жинхэнэ эздийг илрүүлж нийтэд ил тод зарлах асуудлыг төсөлд тусгана.
 
          Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах дараахь практик шаардлага байна. Үүнд:
 
1.Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль нь уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлэн уялдахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль нь “тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг голчлон зохицуулахад чиглэгдсэн бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг зохицуулалтгүй орхигдуулж байна. Энэ нь хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд бодит хүндрэлүүдийг үүсгэсээр байна.
 
2.Уул уурхайн салбар дахь авилгын судалгаагаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос ашиглалт хүртэлх үе шатанд буй авилгын эрсдлийн үндсэн шалтгаанд уул уурхайн салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь /1/ хэт ерөнхий зохицуулалттай буюу тухайлсан зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй, /2/ аливаа зохицуулалтад тавигдах шаардлага тодорхойгүй гэж тодорхойлсон байна. Монгол Улс байгалийн баялгийн засаглалын индексээр “Засаглал хангалтгүй” гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр зохицуулалт хийх шаардлагатайг харуулж байна.
 
3.Байгаль орчны хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хууль, бусад холбогдох журмаар уул уурхайн салбарт холбогдох асуудлыг тодорхой хүрээнд зохицуулж байгаа боловч тэдгээрийн өөр хоорондын уялдаа, хэрэгжүүлэх механизм хангалтгүй байна. Аюулгүй байдлын дүрмийг хуулийн төсөлд тусгаж тус салбарт ажиллагсдын аюулгүй, эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Уурхайн хаалттай холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулсныг өөрчилж, нэг мөр тодорхой болгох нь зүйтэй байна.
 
Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
 
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Уул уурхайн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулна.
 
Энэ хуулиар Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын хүрээнд газрын хэвлийгээс ус, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыгүндэсний эрх ашигт нийцүүлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн үр ашигтайгаар олборлож хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг зохицуулна.  
 
Хуулийн төсөл нь 14 бүлгээс бүрдэх бөгөөд дараах бүтэцтэй байна.
 
- Нэгдүгээр бүлэгт: хуулийн зорилт, нэр томьёоны тодорхойлолт, хуулийн үйлчлэх хүрээ зэргийг тусгана.
- Хоёрдугаар бүлэгт: төрийн байгууллагын бүрэн эрх, хяналтын тогтолцоо болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын оролцоог зохицуулна.
- Гуравдугаар бүлэгт: геологийн судалгааны ажлын зорилго, зорилт, санхүүжилт, үе шат, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын зорилго, үр дүнгийн талаар тусгана.
- Дөрөвдүгээр бүлэгт: ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, тавигдах шаардлага, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн ажил, түүнд тавигдах шаардлагын талаар тусгана.
- Тавдугаар бүлэгт: ашигт малтмал ашиглахын өмнөх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зохицуулалтыг тусгана.
- Зургадугаар бүлэгт: ашигт малтмалтын олборлолт болон түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулна.
- Долдугаар бүлэгт: ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт, бүтээгдэхүүн гаргалт, хаягдлын аж ахуй зэрэгт холбогдох үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгана.
- Наймдугаар бүлэгт: хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, авран хамгаалах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгана.
- Есдүгээр бүлэгт: байгаль орчин, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар тусгана.
- Аравдугаар бүлэгт: бүтээгдэхүүний борлуулалтыг зохицуулна.
- Арван нэгдүгээр бүлэгт: уурхайн хаалтын талаар тусгана.
- Арван хоёрдугаар бүлэгт: ил тод байдал,  арван гуравдугаар бүлэгт салбарын удирдлага, зохион байгуулалт, арван дөрөвдүгээр бүлэгт маргаан хянан шийдвэрлэх талаар тусгана. 
 
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар
 
Уул уурхайн тухай хууль батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болно.
 
Ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн бүрдүүлснээр салбарын хөгжлийн талаарх олон нийтийн ойлголт, итгэл үнэмшил нэмэгдэнэ. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын харилцаа сайжрах, нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэх, төр, нийгмийн байгууллага, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн олон талт харилцаа оновчтой зохицуулалттай болох  зэрэг эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж байна.
 
            Хуулийн төсөл батлагдсанаар нийгэмд дараах эерэг үр дагавар гарна. Үүнд:
 
1.Уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулна;
 
2.Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдлийг тодорхой хэмжээгээр урьдчилан харж чаддаг тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна;
 
3.Хайгуулаас уурхайг хааж дуусгах хүртэлх бүх шатанд түүний нөлөөлөлд өртөх бүс нутгийн иргэдийн оролцоог байгаль орчныг хамгаалах, технологийн дэвшил, ашиглалтын үр өгөөжид тулгуурлан хангаснаар төр, хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл бэхжинэ;
 
4.Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн баталгааны механизмтай хамт уялдуулан бий болгосноор уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн аливаа газар нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл багасна.
 
           Уг хуулийн төсөл батлагдсанаар дараах эдийн засгийн  үр дагавар гарна. Үүнд:
 
1.Хууль, эрх зүйн ойлгомжтой, тогтвортой орчин бүрдсэнээр хөрөнгө оруулалтын орчин сайжирч, тус салбарт хөрөнгө оруулагчдын итгэлцэл бэхжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ;
 
2.Олон улсын сайн туршлагыг нутагшуулснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг тогтвортой нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэн эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна;
 
3.Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, тодорхой болгох, шат дамжлагыг багасгах нь дэс дараалал, цаг хугацааны хувьд бодит хэмнэлт үүсгэнэ.
 
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн тухай
 
Уул уурхайн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ болон бусад хуультай нийцсэн байна.
 
Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын хэвлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулна.
 
Түүнчлэн Уул уурхайн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хууль хэрэгжүүлэхтэй холбоотой шилжилтийн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлно.          
 
---оОо---
 
ЭХ СУРВАЛЖ: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам