12 сарын 13 (Баасан)
Улаанбаатар -8oC (Үүлшинэ)
Эрдэнэт -6oC (Багавтар үүлтэй)
Дархан -8oC (Багавтар үүлтэй)
Багануур -11oC (Үүлшинэ)
Ханбогд 0oC (Багавтар үүлтэй)

Алт, зэс, нүүрсний үнээс үүдсэн эдийн засгийн өсөлтийн түр “хөөсрөл”

2017-08-14
Алт, зэс, нүүрсний үнээс үүдсэн эдийн засгийн өсөлтийн түр “хөөсрөл”
-ЗЭСИЙН ҮНИЙГ 5137, АЛТАА 1156 АМ.ДОЛЛАРООР ТООЦОН 
ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-
Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын эдийн засгийн өсөлттэй ихээхэн холбоотой байсаар өдийг хүрэв. Бидэнд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ “галзуурч” байх үед эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч байсан сайхан цаг бий. Тэр үед дэлхийн банкнаас эдийн засаг нь өссөн ч инфляци 16 хувьд хүрсэн үзэгдлийг “Монгол Улс жолоогоо татах хэрэгтэй” хэмээн сануулж, бэлэн мөнгө тараах, хэт их нийгмийн халамжийн бодлого руу сул мөнгө урсгаж байгааг шүүмжилж байв.
Гэхдээ энэ азтай, алтан үе удаан үргэлжлээгүй. 2011 оны  гэгээлэг, үргэлжийн өсөлттэй тоон үзүүлэлтүүд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралттай хамт уруудаж, инфляциа нам дор байлгах шаардлагатай дараачийн засгийн газар тулсан юм. Эдийн засгийн өсөлт, бууралтыг үе үеийн засгийн газрын сайн, муу ажилласантай холбон тайлбарладаг хэдий  ч бодит байдал дээр биднээс хамааралгүй шахам тоон хэмжүүр захирч байдгийн жишээ энэ юм.
Манай улс 2017 онд уул уурхайн салбараасаа 1 их наяд орчим төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төсөвтөө тусгаж өгсөн. Үүний 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоос төвлөрүүлэх юм. Улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын тоон хэмжээг тооцохдоо зэсийн үнийг 5137, алтаа 1156, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарахаар төсөөлөөд буй.   
Эдийн засагчдын зүгээс төсвийнхөө алдагдлыг бага харагдуулахын тулд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн төсөөллөө хэт хөөргөж, сансрын тоо бичдэг гэж засгийн газрыг шүүмжилдэг. Эл шүүмжлэл хүлээдэг аргачлал 2017 онд ч бас давтагдаж буй. Тодруулбал, уул уурхайн салбараас олох орлогоо 2016 оноос 30 гаруй хувиар өсгөж тавьсан юм. Энэ шалтгаанаа засгийн газрын зүгээс Гацуурт, Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийн ажил эрчимжих өөдрөг төсөөлөлтэй холбон тайлбарлаж байлаа.
Мэргэжлийн хүрээнийхний хувьд, томоохон төслүүдийн хөдөлгөөн идэвхжих ч дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрс, алтны үнийг ерөнхий байдлаар тогтвортой байна гэж дүгнэж байсан. Энэ хэрээр эдийн засгийн өсөлт харьцангуй нам дор байх төсөөлөлтэй  байв. Тодруулбал, энэ оны эхээр  эдийн засгийн өсөлтийг Сангийн яам 3.4, Азийн хөгжлийн банк 1.4, Дэлхийн банк 2.7 хувьд хүрнэ гэж мэдэгдэж байв.
-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БОДИТ УУ-
Харин сонгуулийн өмнө төсвийн орлого 500 тэрбумаар даван биелж, эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрсэн гэх мэдээллийг засгийн газраас түгээсэн. Улмаар ОУВС-тай хийсэн төсвийн зардлыг хумих зорилго бүхий зарим урьдач нөхцлүүдээ зөрчив. Гэвч яг бодит байдал  дээр засгийн газар сайн ажилласан гэхээсээ илүү нөгөө л уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас үүдсэн бага зэргийн сэргэлтийн үе таарсан гэхэд болно.
Сонгуулийн өмнөхөн Австралид болсон үерийн улмаас коксжих нүүрсний үнэ өсөж, улмаар урд хөрш хойт Солонгосоос нүүрс экспортлохоо зогсоосон. Энэ хэрээр манай коксжих нүүрсний эрэлт харьцангуй ихэссэн нь эдийн засагт эерэгээр өгөөжөө өгч байна. Сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн “Энержи ресурс” компани л гэхэд оны эхний хагаст 250-375 сая ам.доллларын ашигтай ажиллаж.
Нөгөө талаар саяхнаас зэсийн үнэ огцом өсч, 6400 ам.долларт хүрлээ. Төсөвт тооцсон өртөг нь 5137 ам.доллар. Төсөв хэлэлцэх үеэр хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байгааг шинжээчид өмнө нь тодотгож байсан. Одоо эсрэгээрээ  таамаглаагүй байсан өсөлт үүсчихээд байна.
Зэсийн үнийн огцом өсөлтийг шинжээчид удаан хугацаанд үргэлжлэхгүй гэж таамаглаж буй. Гэсэн хэдий ч ийм цонх үеийг экспортлогчид сайн ашиглаж чадвал тэр хэрээр үр өгөөжийг нь хүртэнэ гэсэн үг. Харин алтны тухайд Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн сайн үзүүлэлттэй явж байна. ААН, хувь хүмүүс Төвбанкинд алтаа тушаах сонирхол өндөр буйн  илрэл энэ юм.
Энэ мэт бидний төдийлөн сайн тооцоолоогүй байсан эерэг үзэгдлүүд өөрөө эдийн засгийн өсөлт болж том утгаараа дүгнэгдэж буй. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОУВС-гийн шинжээчидтэй уулзахдаа нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж тайлбарлаж болохгүйг сануулаад авсан. Хэлдэг л санаа. Яг бодит байдал дээр эдийн засаг хэдий өслөө ч энэ нь энгийн айлд үр өгөөж болон наалдахгүй байгааг мартаж болохгүй юм.