11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө

2017-10-24
Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онд улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөг харин олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая ам.доллар зарцуулсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд зохих хэмжээнээс илт давсан үзүүлэлттэй хэвээ буй. Харин өнөөдрийн чуулганы үеэр өнгөрсөн 27 жилийн хугацаанд шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал бол бохирдлыг багасгаж чадаагүй явдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн юм.
 
2010 онд батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хүрээнд дөрвөн төрлийн төлбөр улсын төсөвт ордог байна. Үүний дүнд жилд 12-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байгаа юм. Харин Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2025 онд хэрэгжүүлж, нийт 9.9 их наяд төгрөг зарцуулах тооцоотой байгаа юм.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасгахаас гадна дулааны станц болон дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-аас доошгүй хувьд бууруулах зорилттой байна. Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь рм 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилд 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардал хэмнэх боломжтой гэж салбарын сайд өнөөдөр мэдээлсэн.
 
Түүнчлэн өнөөдрийн чуулганаас зөвлөмж гаргасан байна. Өнөөдөр гаргасан зөвлөмжөөс онцлон харахад, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлнэ гэсэн байгаа юм. Зах зээлд бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх зорилго бүхий “Сервис центр” төслийг эрчимжүүлэх юм байна.