01 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар -26oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -23oC (Багавтар үүлтэй)
Дархан -25oC (Багавтар үүлтэй)
Багануур -26oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -16oC (Багавтар үүлтэй)

ОХУ зэсийн хоёр дахь үйлдвэрийнхээ туузыг хайчиллаа

2017-11-04
 ОХУ зэсийн хоёр дахь үйлдвэрийнхээ туузыг хайчиллаа

Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн таван  жилийн турш  хэрэгжүүлсэн  төслөө ашиглалтад оруулж ёслолын туузаа хайчилсан байна. Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор   1990 оноос хойш Орост байгуулагдаж байгаа зэсийн хоёр дахь том үйлдвэрт тооцогдож байна. Ашиглалтад орсноор тус улсын зэсийн нийт үйлдвэрлэлийг зургаан хувиар  нэмэгдүүлэх аж. 

Шинээр ашиглалтад оруулж буй баяжуулах үйлдвэрийг 2.3 сая тонн зэс, 9.5 сая тонн унц алт, 34.1 сая тонн унц мөнгөний нөөцтэй Быстринскийн ордод түшиглэн байгуулсан бөгөөд үйлдвэрийг 30 жил хангахуйц нөөцтэй гэж компанийн зүгээс үзэж буй.

Быстринскийн УБҮ нь жилд 10 сая тонн хүдэр баяжуулж 67 мянган тонн зэс, 2.9 сая тонн магнетитын баяжмал /төмрийн хүдэр/ болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2018 онд үйлдвэр 50 хувийн  хүчин чадлаар ажиллах бөгөөд 2019 он гэхэд бүрэн хүчин чадалд хүрэх төлөвлөгөөтэй. Ирэх онд баяжуулах үйлдвэрээс 28-30 мянган тонн зэсийн, 140 мянган унц алтны болон 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг тус тус үйлдвэрлэн Хятадын зах зээлд нийлүүлэхээр  тооцоолж байна.

Үйлдвэрийн төслийн нийт өртөг 1.5 тэрбум ам.доллар болохыг “Норникель” компанийн дэд Ерөнхийлөгч Сергей Дяченко мэдэгджээ. Төслийн хүрээнд баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахад 250 МВт эрчим хүч дамжуулах 234 км цахилгаан шугам суурилуулж, 375 км төмөр замыг бүтээн байгуулсан байна.

“Норникель” компани энэхүү төслийн 50.07 хувийг  эзэмшиж буй. Тус компани нь 2016 онд төслийн 13.33 хувийг  хөрөнгө оруулалтын “Hopu Investment” сан багтсан Хятадын “Highland Fund” консорциумд 100 сая ам.доллараар худалдсан билээ. Өнгөрсөн аравдугаар сард Оросын “CIS NRF Holdings” компани 275 сая ам.доллараар төслийн 36.6 хувийг  эзэмших эрхийг авсан юм. Тухайн үед нийт төслийг 730 сая ам.доллараар үнэлсэн байдаг.

Быстринскийн УБҮ нь Оросын Чита хотоос 350 км, БНХАУ-ын хилээс 90 км зайд оршдог юм.

Б.Билгүүн