09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

У.Хүрэлсүхээс тийм зориг гарна

2017-12-12
У.Хүрэлсүхээс тийм зориг гарна

Төрийн ордонд зургаа өлгүүлэх гэж Ерөнхий сайд болоогүйгээ У.Хүрэлсүх анх томилогдохдоо онцолсон. Энэ нь өмнөх Ерөнхий сайд нараас илүү тод мөртэй, хийсэн их ажилтай хожмоо дурсагдахын төлөө ажиллана гэсэн санаа биз ээ.

Гэвч бодит байдал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гайхамшиг бүтээх боломж, хөрөнгө санхүү, бас цаг хугацаа алга. Ялангуяа эдийн засгийн хувьд Олон улсын валютын сангийн хүлээстэй, урд хөршийн болон Европын холбооны дипломат хориг дор өмнөх Ерөнхий сайд нараасаа илүүг хийнэ гэдэг эргэлзээтэй.

1992 оноос хойшхи үе үеийн Ерөнхий сайд нарынх шиг ажил хийх хүсэл У.Хүрэлсүхэд байвч, боломж нь, эрх мэдэл нь бас адилхан байхгүй.  МАН-ынхан андуураад байх юм. Намын дарга болсноор  Ерөнхий сайд хүчтэй, ажил хийх илүү боломжтой болохгүй. Нэг гартаа засгийн, нөгөө гартаа намын тамга атгаснаар Ерөнхий сайдад зовлон нэмэгдэхээс бус, хүч нэмэгдэхгүй.   

Ерөнхий сайдын хүч бол парламентдаа нөлөөлөх чадварт, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд парламентаа тараах хүртэлх эрх мэдэлд байдаг. Тийм учраас сонгодог парламентын засаглалтай, манайхны жишээлэх дуртай Англи, Япон шиг улс орнуудад парламентын засаглал гэж парламентаа тараах чадвар бүхий Ерөнхий сайдын засаглалыг хэлдэг.  Тэнд сонгуульд ялсан нам нь ард түмний өмнө хариуцлагаа үүрдэг. Намын өмнө хариуцлагаа хүлээж дарга нь Ерөнхий сайд болдог.  Сонгуульд амласнаа бүтэн хэрэгжүүлэхийн тулд намын дарга-Ерөнхий сайд нь намынхаа олонхийг бүрдүүлж буй парламентыг тараах хүртэлх эрх мэдэлтэй байдаг. Энэ бол парламентын засаглалтай улс орнуудын дэлхийн стандарт. Монголчууд бид маш олон зүйлээр даяаршсан дэлхийн стандарттай хэрнээ, улсын орны тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа болсон төрийг засаглах хэлбэр дээрээ стандарт бусаар дангааршиж явна. Жишээ нь, парламентын засаглалтай гэх адилхан хаягтай Герман гэхэд 25 жилийн туршид ердөө гуравхан Ерөнхий сайд томилж улсаа хөгжүүлж болж байхад, манайд мөн хугацаанд 15 Ерөнхий сайд сольж байран дээрээ баахан хий эргэлээ. Манайх шиг албан бус хоёр Ерөнхий сайдтай, албан бус 76 Сангийн сайдтай улс улс дэлхийд алга. 

Манайхан  76-гаа төр, парламент гэж буруу ойлгодог.  Засгийн газар танхимын зарчмаар ажиллана гэчихээд танхимын зарчим зөрчсөн сайдаа шууд чөлөөлөх, мөн сайдаа өөрөө мэдээд томилуулах эрх мэдэл манай Ерөнхий сайдад байхгүй. Ерөнхийлөгчийн оролцоо хэт их. Ерөнхийлөгч хориг тавьж УИХ-ын гуравны нэг буюу 25 гишүүн дэмжихэд л парламентын баталсан УИХ, Засгийн газрын бүх шийдвэр хүчингүй болно. Ингээд үзэхээр хууль тогтоох эрх мэдэл парламентын олонхид бус, Ерөнхийлөгч + 25 гишүүнд буюу цөөнхөд нь байгаад байгаа ч юм шиг.  Нэг нь засаглах гэдэг, нөгөө нь засаглаж чадахгүй байна гэж батлахыг хичээдэг. Биднээс үл хамаарах байгалийн үзэгдлийг  хүртэл улс төржүүлнэ. Бороо орвол засаглаж байгаа нь бидний гавьяа гэнэ. Харин ган болбол сөрөг хүчин нь эрх баригчдаас боллоо гэнэ. Нэг нь урагш явах гэдэг, нөгөө нь улдан чангаадаг.

Нэг л болохоо байчихсан энэ буруу тогтолцоог халах боломж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнө байна. Энэ нь Монгол Улсыг сонгодог парламентын засаглалтай болгож, Үндсэн хуулийг өөрчлөөд  УИХ-ыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө тараах явдал юм. Ерөнхий сайдад байх ёстой, бусад улс орнуудын өгдөг бүх эрх мэдлийг бүтэн өгч, хариуцлагыг нь бүрэн үүрүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан хүн л  Монголын улстөрд тод мөртэй, түүхэн гавьяатай үлдэнэ. Ийм өөрчлөлт хийхэд улс төрийн зориг гаргах цөөн улстөрчдийн нэг нь У.Хүрэлсүх мөн. Боломж, улс төрийн орчин, УИХ-ын кноп ч түүнд байна. Намын даргын албан тушаал нь У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ажилд нэг их нэмэр болохгүй. Харин Үндсэн хуулийг өөрчлөөд УИХ-ыг тарааж, шинэ Үндсэн хуулийн дагуу сонгууль хийхэд намын даргын эрх мэдэл нь Ерөнхий сайдад хэрэгтэй. Одоогийн Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүнээс доошгүй нь санал гаргавал УИХ тарах заалттай. Юуны төлөө  МАН-ын бүлэг 65 гишүүнтэй билээ, түүнийхээ хэргийг Монгол Улсын төлөө одоо л гаргадаг цаг. 

Заримдаа зөв үйлийг эр зориг дагаж байж амттай, ач холбогдолтой болгодог. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөөд 2020 ондоо УИХ-ын ээлжит сонгууль хийвэл МАН-ын гавьяа төдийлөн үнэлэгдэхгүй. Үлгэн салган явж 2020 он хүргэх, наана нь 2019 онд ээлжит бус сонгууль хийх нь энэ УИХ, Засгийн газрын хувьд бүтээмжээрээ бараг адилхан.

Мэдээж Үндсэн хуулийг өөрчлөх амаргүй. Ард нийтээр заавал хэлэлцүүлэх учир цаг их орно. Энэ хугацаанд Засгийн газар зүгээр суухгүй, “Эрдэнэт”-ийн асуудлаа, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шударгаар шийдэх нь элдэв янзын гоё нэртэй эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ зарлах, цаасан макет үйлдвэрлэхээс хамаагүй илүү үр дүнтэй. Өөр зүйлд сатаарахгүйгээр энэ гурван ажлыг хийчихээд, дээр нь  УИХ-ыг хугацаанаас нь ядаж жилийн өмнө тараагаад ээлжит бус сонгуульд орвол МАН-ын гаргасан улс төрийн эр зориг, зөв үйлийн төлөөх эрсдэлийг ч олон нийт дэмжих магадлалтай. Гишүүдийнх нь хэлж ярьдаг нь үнэн бол Монгол хожиж байвал МАН хожиж байна л гэсэн үг.

Монгол Улс төрд ийм эрс өөрчлөлт хийхгүй, хийх ёстой гэж олон жил ярьдаг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө улс төрийн эрсдэл гаргахгүй л бол У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайд нараасаа тодорч ялгарахгүй.  Энэ нь нэг хүний засаглал тогтоох тухай биш юм, харин ялсан нам нь “власть”-ийг авсан шиг авдаг,  нэг засаглал нь засагласан шиг засаглахын төлөө Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн захиалга юм.

Хэрвээ сонгуулийн ойртлоо гэж намын улс төрийн эрх ашгийн өмнө бөхөлзөөд явбал хожмоо Төрийн ордны хоёрдугаар давхарт өлгөх түүний  зургийн цаана  бусад Ерөнхий сайд нарынхтай ижилхэн л түүх үлдэнэ.    

Цаг үеэ мэдэрч, бас ойшоож тооцож чаддаг улстөрчид л лидер болж чаддаг.

Эх сурвалж: itoim.mn

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх