09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

“BHP Billiton” төмрийн хүдрийн нийлүүлэлтийн зорилтоо бууруулав

2018-04-19
 “BHP Billiton” төмрийн хүдрийн нийлүүлэлтийн зорилтоо бууруулав
БНХАУ-д цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч “BHP Billiton” зай хураагуурт ашиглагддаг никелийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавьснаа зарлалаа. Мөн компанийн удирдлагууд 2018 оны төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ зорилтоо 275-280 сая тонн болгож бууруулсан байна.
Энэ нь анхны зорилтоос нь хоёр орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Хүнд даацын автомашинуудтай нь холбоотой гэнэтийн зардал гарч ирсэн нь тус компани таамаглалаа бууруулахад нөлөөлжээ. Хэдий тийм боловч “BHP Billiton”-ийн удирдлагууд 2018 онд нийт үйлдвэрлэлээ зургаан хувиар нэмэгдүүлэх зорилтоо хэвээр үлдээсэн байна. Компани оны эхний улиралд 58 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэсэн байна. Жилийн дүнгээр найман хувиар өссөн дүн боловч 2017 оны IV улирлаас зургаан хувиар буурсан дүн юм. Харин “BHP Billiton”-ийн Австрали дахь уурхайнуудын нүүрсний гарц I улиралд жилийн дүнгээр хоёр хувиар өссөн байна. Энэ нь 2017 оны сүүлийн улиралтай харьцуулахад найман хувиар өссөн дүн юм.
 
 
“SOUTH32”-ИЙН ХӨНГӨН ЦАГААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ 2 ХУВИАР БУУРАВ
 
Харин “South32” компанийн голлох түүхий эд хөнгөн цагааны үйлдвэрлэл 242 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх улирлаас хоёр хувиар буурсан дүн боллоо. “South32” компанийн нийт орлогын талаас илүү хувь нь хөнгөн цагааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс бүрддэг байна. Иймд АНУ-ын “Rusal”-д тавьсан хоригийн дараа өсөж байгаа хөнгөн цагааны ханш “South32”-ийн 2018 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулна гэж удирдлагууд нь үзэж байгаа аж.
 
Тус компани өнгөрсөн улиралд 794 сая тонн нүүрс олборлосон нь шинжээчдийн таамагт нийцсэн үзүүлэлт боллоо. Мөн “South32” компани 2018 оны манганы олборлолтын таамгаа нэмэгдүүлж, 3.3 сая тоннд хүргэжээ. Гарцын тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш 6.3 хувиар өссөн байна.
 
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv