11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Ц.Батсайхан: "Тавантолгой" ХК 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

2018-04-23
Ц.Батсайхан:
    Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Батсайхантай ярилцлаа.
 
Компанийн сүүлийн үеийн санхүүгийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн өсөлт эергээр нөлөөлж байна уу?
 
Дэлхийн зах зээл гэхээсээ илүү манай нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ. Өнөөдөр гадаад зах зээл дээрх ханш байж болох хамгийн таатай төвшинд хадгалагдаж байна. Манай компани уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 70 орчим ам.доллараар борлуулж эхэлсэн. Энэ бол түүхэнд байгаагүй үнэ.
 
Дээрээс нь тээврийн зардал, гааль гэх мэт өртөг нэмэгдээд хилийн цаана 140 орчим ам долларын үнэ хүрнэ. Уул уурхайн их өсөлт гэж нэрлэгддэг 2011 онд уурхайн аман дээр нэг тонн нүүрс 25 ам.долларт хүрсэн байдаг. Энэ онд компани таван сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө гаргасан.
 
Монгол Улсын нүүрсний экспортын хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ?
 
Манай компани 2004 онд Монголоос гадаад зах зээлд нүүрс нийлүүлэх эхлэлийг тавьсан юм. Өнөөгийн байдлаар нийт нүүрсний экспортын 14 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Үүний үр дүнгээр зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улс, аймагт нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн.
 
2017 онд нэг тонн нүүрснээс 16 ам.долларын татвар төлсөн нь улсдаа хамгийн өндөрт тооцогдож байгаа. Аймгийнхаа төсвийн 60 гаруй хувь, Цогтцэций сумын төсвийн 95 хувийг дангаараа бүрдүүлж байна.
 
Танайх Монголын хөрөнгийн биржид нээлттэй үйл ажиллагаа явуулдаг компани. Хувьцааныхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
Орон нутгийн гэх тодотгол нь компанийн нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшиж буйтай холбоотой. Үлдсэн 49 хувийг 23 орны иргэн, аж ахуйн нэгжүүд хуваан эзэмшдэг монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болон өргөжөөд байна. Компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид “TTL” нэрээр нээлттэй арилжаалагдаж буй учраас хэн нь ч худалдаж авахад нээлттэй. Үүнийгээ дагаад бүх санхүүгийн тайлан нээлттэй байдаг.
 
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш өсөлттэй байгаагийн хэрээр компанийн нэгж хувьцааны үнэлгээ ч өсөж байна. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 274 хувийн өсөлт үзүүлсэн байх жишээтэй. Сүүлийн 10 жилд ногдол ашиг хэлбэрээр 240 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчид дээ хуваарилсан. Тэгвэл 2017 оны үйл ажиллагааны орлогоосоо урьдчилсан байдлаар 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах төлөвтэй байна. Үүний 51 хувь нь Өмнөговь аймгийн төсөвт орно.
 
Тавантолгойн ордын эргэн тойронд сайн чанарын коксжих нүүрсийг нь сорчилж олборлож байгаа талаар шүүмжлэл явдаг. Танай уурхайн хувьд ийм асуудал гардаг уу?
 
Сорчилж олборлох гэдэг нь өөрөө хууль эрх зүйн хүрээнд хориотой. Бид хууль зөрчиж болохгүй шүү дээ. Коксжих нүүрс эрчим хүчнийхтэй харьцуулахад өндөр үнэтэй. Компанийн ТУЗ-өөс тогтоосон тарифын дагуу төрөл тус бүрд нь үнэ тогтоон жигд олборлон борлуулж байгаа.
 
Үнэ багатай эрчим хүчний нүүрсээ үнэд хүргэх гарц нь Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн цахилгаан станц барих гэдэг. Энэ ордыг түшиглэн цахилгаан станц барихын давуу тал юу вэ?
 
Тавантолгойн бүлэг орд асар их эрчим хүчний нүүрсний нөөцтэй.
 
Неөцөө олборлоод ашиглах бүрэн бололцоо байхад яагаад станц байгуулж болохгүй гэж. Эдийн засгийн хувьд ч ашигтай. Том чадлын цахилгаан станц барьснаар БНХАУ-аас худалдан авч буй цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэмнэхээс авхуулаад олон төрлийн ач холбогдолтой гэж харж байна. Манай компани 100 хувь монгол ажилчидтай. Тэдний 95 хувь нь Өмнөговьчууд. Орон нутгийнхны зүгээс Тавантолгойг түшиглэн цахилгаан станц санал санаачилгыг дэмжсээр ирсэн.
 
Нэр бүхий УИХ-ын гишүүний зүгээс “Эрдэнэс-Тавантолгой”, “Тавантолгой” уурхайн хил буюу мөргөцгөөс 268 мянган тонн нүүрс хулгайгаар олборлосон талаар мэдээлэл гаргаж, хуулийн байгууллагуудад хандаад байгаа. Үүнд, компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн удирдлагын хувьд албан ёсны тайлбар өгөөч?
 
Манайх 1966 оноос үйл ажиллагаагаа эрхэлсэн ууган компани. Харин “Эрдэнэс-Тавантолгой" бол 2011 онд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компаниас өмнө манайх дангаараа үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. 2014 онд хоёр компанийн эзэмшлийн лицензийг эцсийн байдлаар баталж өгөхөд 2011 оноос өмнө манай талаас хэтрээд олборлочихсон асуудал гарсан.
 
Улмаар хоёр компанийн хамтарсан ажлын хэсэг гарч, хөндөгдсөн нөөцийг акт үйлдэж баталгаажуулсан. Хамтын ажиллагааны гэрээгээр байгуулагдсан ажлын хэсгээс 260 гаруй мянган тонн нүүрс олборлосон тухай акт тогтоол гаргасан. Энэхүү актаараа хэдий хэмжээний талбайд олборлолт хийж, ямар чанарын нүүрс олборлосон гэдгийг нарийвчилж, тогтоон цаашид гарсан алдааг залруулахаар хамтран ажиллаж байна.
 
Таны хэлээд буй хамтын ажиллагааны гэрээ гэдэг нь гишүүний албан бичигт дурдагдсан нууц гэрээ мөн үү. Түүнчлэн БНХАУ-ын компанид давуу эрх олгон олборлолт хийлгэсэн талаар мэдээлэлд дурдсан байна лээ?
 
Ямар нэгэн нууц гэрээ байхгүй. “Эрдэнэс-Тавантолгой" компанийн зүгээс ч ямар нэгэн нууц зүйл байхгүй гэдэг тайлбар хийсэн байна лээ. Харин туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн тухайд тэр үеийн тендерт хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулсан байдаг.
 
Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс Засгийн газрын гишүүдэд хандан хууль хяналт, мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гаргаж үнэн мөнийг нь олуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа.
 
Нүүрсний экспортод бас нэг тулгарч буй хүндрэл нь Гашуунсухайт боомт орчмын машины дараалал. Саяхан БНХАУ-д болж өндөрлөсөн Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудлыг хөндсөн. Яг өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа вэ?
 
Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 320 дугаар тогтоолын хүрээнд тээврийн зам дээр 150 орчим км үргэлжлээд байсан дараалал үндсэндээ арилсан. Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байдаг Цагаан хадны гаалийн хяналтын талбайгаас нүүрсний дамжин ачилт хийгдэж байгаа. 
 
Ерөнхий сайдыг ирэх үеэр нэмээд арга хэмжээ авах талаар хөндөгдлөө. Үүнтэй холбогдуулан төрийн яам, агентлагуудаас тодорхой шийдвэрүүд гаргана гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар уртын тээвэр буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэр ямар ч саадгүй үргэлжилж байна.
 
Манайхаас бусад улсад нүүрсний гол тээвэр төмөр замаар явж байна. Харин манайх төмөр зам байгуулах талаар олон жил ярилаа. Уурхайн олборлолтыг гардан удирдаж буй хүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
 
Төмөр зам баригдсанаар экспортод гарч буй нүүрсний хэмжээ нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад Монгол Улсад орж ирэх татвар, татаасны хэмжээ өсөж нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлнө гэж боддог. Тухайлбал, байгаль орчин сүйдэлж буй олон мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлахыг говийнхон бүгд хүсэж байгаа бол олборлогч компаниудын зүгээс эдийн засгийн ач холбогдол өгч xapax нь дамжиггүй.
 
ЭХ СУРВАЛЖ: ikon