09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

Алтаа хэнээр ухуулах вэ?

2018-06-20
Алтаа хэнээр ухуулах вэ?
      36 удаа хойшлогдсон “Ноён уул” дээр иргэд ялалт байгууллаа гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногт сошиалд түгж, шүүхийн гадна Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга хүртэл гүйж очсоноо лайвдав. УИХ-аас  Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг хүртэл тогтоож өгсөн ч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Гацууртын ордыг ухуулна, ухуулахгүй гэсэн маргаан хоёр жил үргэлжилж байгаа юм. Юутай ч энэ маргаан цаашид хэдэн жил үргэлжлэхийг таашгүй. Харин 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй тус ордыг нинжа нар хууль бусаар аль хэдийнэ ухаад эхэлсэн.
 
Нэг унц алт өнөөдрийн байдлаар 1283 ам.доллар хүрчээ. Энэ бол алт, зэс, нүүрсээ зарж амьдардаг монголчуудын хувьд сайн мэдээ. Ардчилсан намын үед уруудаж байсан зэс, нүүрс, алтны үнэ Ардын намын үед эргээд сэргэсэн нь азтайнх л гэе.  Түүнээс харин ч МАН гараад хоёрын хоёр зэсийн том олборлогчдынхоо асуудлаар популизм  хийгээд хоёр жил болж байна.
 
Ардчилсан намын үед алтны рояалти татварыг бууруулснаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ өссөн. 2018 он гарснаас хойш төв банк  нийт 6.3 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 10 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.  Монголбанкнаас  энэ онд нийт 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа аж. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдийн алт тушаалтыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор алтны сорьцын лабораторийг Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулахаар зорьж байна. Үйл ажиллагааг нь 9-10 дугаар сард эхлүүлэхээр болжээ.
 
Алт тушаалт нэмэгдэж байгаа ч алтныханд төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг алтныхан хэлдэг. Алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Энхбат “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт нэн чухал байгааг онцлоод, ялангуяа хайгуулын салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй”-г онцлоод 2011 онд алт  137 компани санхүүжилт авах хүсэлтээ төрд илэрхийлжээ. 2017 онд 10 компанид өгсөн бөгөөд, тэд алт үйлдвэрлэлийн салбарт ажилладаг эсэх нь тодорхойгүй гэдгийг тус  холбооны  гүйцэтгэх захирал ярьж байна.
 
Цаашдаа алтны гарал үүслийг тодорхой болгох тал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, эко алтыг худалдан авч экспортлох боломжийг турших гэнэ. Мөн  алт олборлогч, худалдан авагчийн нэгдсэн платформ програм хангамжийг Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судлан боловсруулах, Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцын шинжилгээний бичгийг онлайн горимд хүлээн авахаар төлөвлөж байна.
 
Монгол Улсын нийт алтны нөөц 533 тонн байгаагийн 476 тонн нь алтын үндсэн ордод, 57 тонн нь шороон орд юм байна. Энэ нөөцөд Оюут толгойн 1118 тонн алтыг оруулан тооцоогүй аж.  Алтны салбарт тулгамдаж байгаа нэг бэрхшээл нь  хуулийн дагуу алтаа ухуулах уу, эсвэл хууль бусаар алтаа ухуулах уу гэх асуудал. “Алт 2” хөтөлбөрийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхийн тулд хуулийн дагуу алт олорлож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэдгийг алтныхан төрдөө дуулгахыг хүсч байна.
 
ЭХ СУРВАЛЖ: news