12 сарын 13 (Баасан)
Улаанбаатар -8oC (Үүлшинэ)
Эрдэнэт -6oC (Багавтар үүлтэй)
Дархан -8oC (Багавтар үүлтэй)
Багануур -11oC (Үүлшинэ)
Ханбогд 0oC (Багавтар үүлтэй)

2035 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ 1.9 САЯ ХҮРЧ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИНО

2019-04-26
2035 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ 1.9 САЯ ХҮРЧ, ДУЛААНЫ СҮЛЖЭЭ АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИНО

Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатарын хүн ам энэ хурдаараа өсвөл 2035 он гэхэд 1.9 сая хүрэх төлөвтэй байна. Энэ нь ирэх 10 жилд нийслэлийн дулааны системийн ачааллыг 5-6 хувиар өсгөхөөр байгаа юм.

Гэвч хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцээд нийслэлийн дулааны дэд бүтэц хуучирч байгаа нь хүндрэл учруулна гэж дүгнэжээ. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, дулаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, гэр хорооллын бүсийг системд холбох, ус алдагдах эвдрэл гарч байгаа цэгүүдийг түргэн тодорхойлж, хянах нэгдсэн усны менежментийн систем нэвтрүүлэхийг зөвлөжээ.

Түүнчлэн дулааны тариф тооцох аргачлалыг аажмаар шинэчилж, систем өөрөө зардлаа нөхөх түвшинд хүргэх, ингэснээр иргэдэд илүү эрчим хүчинд хэмнэлттэй амьдралын хэв маягт шилжих түлхэц үзүүлэхийг санал болгосон байна.

Дэлхийн банкны судалгаанд тусгаснаар Улаанбаатарт дулааны тариф Зүүн Европын орнуудаас 10-20 дахин бага байгаа аж. Систем зардлаа нөхөх түвшинд хүрэхийн тулд тарифыг 130 хувиар нэмэх шаардлагатай гэж нийслэлийн мастер төлөвлөгөөнд тусгасан байна.

Мөн дулааны системд холбогдоогүй гэр хороололд хэрэгжүүлэх шийдлүүдийг зөвлөмжид багтаасан байна. Эн тэргүүнд дулааны алдагдал багатай барилгын стандарт мөрдөхийг зөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хүлэмжийн хий ялгаруулалт багатай зуух, халаагчийн хэрэглээг дэмжих хуулийг сайжруулж, хэрэгжүүлэлтэд хяналт тавих механизм бий болгох, хямд үнэтэй орон сууцны барилгын ажлыг эрчимжүүлэхийг зөвлөж байна.

Дэлхийн банкны тооцоогоор 50 сая ам.долларын оновчтой хөрөнгө оруулалт хийснээр гэр хорооллын 2000 өрхийг дулааны шугамд холбож, 88 мянган айлд хүрэх дулааны үйлчилгээг сайжруулах боломжтой юм байна. Мөн үүний дүнд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг жилд 100 мянган тонноор бууруулах ажээ.