06 сарын 18 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Үүл багаснa)
Эрдэнэт 26oC (Бага зэргийн бороо)
Дархан 28oC (Үүлшинэ)
Багануур 25oC (Үүл багаснa)
Ханбогд 32oC (Багавтар үүлтэй)

Хана мөргөсөн “Шарын гол”

2019-05-01
Хана мөргөсөн “Шарын гол”

“Шарын гол” компанийн уурхайн амнаас Хятадад үйлдвэрлэдэг “Howo” маркийн 60 тоннын даацтай өөрөө буулгагч машин нүүрс зөөнө. Ийм загварын гурван машин ээлжлэн уурхайн амнаас нүүрс тээвэрлэн, төмөр замын ачих хэсэгт хүргэх аж. Эдгээрт дунд оврын экскаватор нүүрс утган ачна. Тэдний нэг нь тэвшээ дүүргэлгүй хөдлөөд явчихлаа. Уурхайн Уулын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Мөнхбат богино холбооны станцаа ажиллуулан, мөнөөх машины дугаараар дуудав. “За, дарга аа” гэсэн бүдэг дуу царгилаа. “Ингэж ачихгүй шүү” гэж анхааруулав. Нөгөөх нь “Дуут дохиогоо буруу сонсчихлоо” гээд чимээ тасарлаа.

“Шарын гол”-ын уурхайн амны гүн 220 метр хүрчээ. Ийм гүнээс уурхайн амны амсраас хуулсан хөрс тээвэрлэж буй 100 тоннын даацтай аварга “Hita­chi” машин хүүхдийн тоглоом шиг жижиг харагдана. Баруун амсраас хуулсан хөрс тээвэрлэж буй машинуудын замын тоосыг тусгай тоноглосон машин усаар шүршин намжаана. Түүнээс наахнатай хэд хүн цахилгааны утас зөөвөрлөж байлаа. Тэд нэг цахилгаан экскаватороо ажлынх нь талбар луу зөөж байгаа аж. Хөрс, нүүрс тээвэрлэсэн машинууд зөрөлдөнө. Усны машин замынх нь тоосыг буулгана. Цахилгаанчид экскаватороо зөөвөрлөнө. Шаардлагатай тохиолдолд тэсэлгээ хийнэ. Уурхайн амны “амьдрал” ингэж өрнөдөг.

Хятадын “Howo” маркийн машинуудаар нүүрс тээвэрлэж буй уурхай цөөн болов уу. Уулын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Мөнхбат “Хятад машин гарын ая даах нь муу. Амархан эвдэрдэг юм. Гэхдээ үнэ, сэлбэг нь хямд. Тиймээс манайх ийм 11 машин худалдаж авсан” гэж ярилаа. Тэрбээр “Хоёр нь засварт зогсож байхад ес нь явж байна” гэж нэмэлт тайлбар зүүв. Техникийн шинэчлэл хийхдээ хамгийн хямд машин сонгосон нь цахилгаан станцуудад Засгийн газраас тогтоосон хямд үнээр нүүрс нийлүүлдэг, байнга санхүүгийн хүндрэлтэй байдаг уурхайнуудын зовлонг эрхгүй илтгэнэ. “Шарын гол” компани өнгөрсөн жил нэг сая тонн нүүрс олборлосон. Энэ онд олборлох нүүрснийхээ хэмжээг 1.2 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс техникийнхээ хүчин чадлыг нэмэх шаардлагатай. Зорилтоо биелүүлэхийн тулд 60 тоннын даацтай CAT брэндийн өөрөө буулгагч машин тавыг худалдан авч байгаа аж. Бас л хямдыг нь бодоод Турк улсад уурхайд ажиллаж байсан хуучин машин худалдан авч байгаа гэнэ.

...Дарханы станцын хүчин чадлыг 35, Эрдэнэтийнхийг 48 мВт-аар өргөтгөж буй. Өргөтгөл ашиглалтад орсноор тэд олборлолтоо 500 мянган тонноор нэмэх шаардлага үүсэх гэнэ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулбал, “Эрэл цемент” үйл ажиллагаагаа сэргээвэл тэднийх жилд хоёр сая тонн нүүрс олборлох хэрэгтэй болох аж. Б.Батбаатар захирал “Хоёр сая тонн нүүрс олборлох хүчин чадал бий болгохын тулд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үнэ нэмэхгүй бол бид хөрөнгө оруулж чадахгүй” гэсэн... 

Тэднийх өнгөрсөн жил 48.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Гэхдээ 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Манайх уурхайнхаа лицензтэй талбайгаас алт олборлож байгаа. Алтаа борлуулж нэлээд орлого олсон. Энэ орлого байгаагүй бол алдагдал маань нэлээд ихсэх байлаа” гэж ярив. Тэднийх алтнаас орлого олоогүй бол алдагдал нь ойролцоогоор таван тэрбум төгрөгөөр нэмэгдэх байж. Тус уурхайн нэг тонн нүүрс олборлох өртөг 44 500 төгрөгт хүрчээ. Харин станцуудад нүүрсээ тонныг нь 38 500 төгрөгөөр нийлүүлдэг гэнэ. Ингэхээр нэг тонн нүүрснээс 6000 төгрөгийн алдагдал хүлээж байна. Иймээс технологийн горимын дагуу хуулах хөрсөө орхиж, алдагдлаа бууруулах арга хэрэглэдэг аж. Технологийн горимын дагуу хөрсөө хуулахгүй болохоор зардал багасна. Ингээд алдагдал нь буурна. Тэднийхээс гадна цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг “Багануур”, “Шивээ-Овоо” компани ч зардлаа бууруулахын тулд хуулах ёстой хөрсөө орхидог юм. Ингээд хөрсний хоцрогдол үүсэж, технологийн горимын алдаатай нөхцөлд нүүрс олборлодог.

“Шарын гол” компани сүүлийн таван жилд 10 орчим сая шоо метр хөрсний хоцрогдолтой болжээ. Зарим хэсэгтээ 80 метр өндөр, эгц шахам хана үүссэн нь ч харагдаж байлаа. Хөрс нь чулуулаг ихтэй хатуу учраас мөнөөх хана нурдаггүй аж. Хэрэв зөөлөн хөрстэй байсан бол энэ компанид технологийн горим зөрчиж олборлолт хийх боломж үүсэхгүй. Уурхайчид хэргээр технологийн горимын алдаа гаргаж байгаа биш, алдагдлаа бууруулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ийм үйлдэл хийж буйг эрхбиш ойлгох биз. Нэг шоо метр хөрс хуулахад ойролцоогоор 4000 төгрөгийн зардал гардаг гэнэ. Тэгэхээр сүүлийн таван жилийн хөрсний хоцрогдлоо нөхөхөд тэднийд 40 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо тус компани хөрсний хоцрогдлоо бага боловч нөхөхгүй бол төсөр зардлаар олборлох нүүрсний нөөц нь ерөнхийдөө шавхагдаж байгаа аж. Нүүрсний үнийг нэмэхгүй бол 24 цаг тасралтгүй ажиллаж, Дархан-Сэлэнгийн бүсийг нүүрсээр хангадаг эл уурхайн үйл ажиллагаа доголдоход ойрхон болжээ. Санхүүгийн хүндрэлд орж, хөрсөө хуулж чадахгүйд хүрвэл “Шарын гол”-ын үйл ажиллагаа шороон ханаа мөргөөд зогсох нь.

Тус компани алтны нөөцөө ирэх хоёр жилд олборлож дуусгах гэнэ. Алтны нөөцөө дуусгачихвал санхүүгийн нөхцөл нь улам хүндрэх нь мэдээж. Гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Алт олборлож чамлалтгүй орлого олж байгаа тулдаа зээлээр техник хэрэгсэл худалдан авч, үйл ажиллагаа хэвийн явуулж байна” гэж тодотгосон. “Шарын гол” компани өнгөрсөн оны эцсийн тайлангаар 50.1 тэрбум төгрөгийн өр, төлбөртэй гарчээ. Тэднийх татварт тав, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчдэдээ нэг тэрбум төгрөгийн өртэй аж. Үлдсэнийг нь машин, техникийн болон зарим аж ахуйн нэгжээс авсан зээл эзэлж байгааг дуулгалаа. Хэдэн жилийн өмнө “Шарын гол”-ынхон “Хай би ойл” компаниас хоёр тэрбум төгрөг зээлсэн байна. Үүнийгээ төлөх нөхцөл бүрдэхгүй байгаа учраас нэмэлт хувьцаа гаргаж, өрөө хувьцаагаар солих шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, “Хай би ойл” компани зээлсэн мөнгөнийхөө оронд хоёр тэрбум төгрөгтэй дүйх хувьцааг нь авч, “Шарын гол”-ын хөрөнгө оруулагч болно гэсэн үг.

“Нүүрсний үнэ хэдэн төгрөгт хүрвэл танай компани шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийгээд хэвийн ажиллах вэ” гэсэн асуултыг Б.Батбаатар захиралд тавилаа. Тэрбээр “Эрчим хүчний зохицуулах хороо станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг тогтоож байгаа. Уг нь хуулийн дагуу хяналт тавих л үүрэгтэй байгууллага. Зохицуулах хороонд үнэ тогтоох аргачлал байдаг. Түүгээрээ тооцоод үнэ тогтоочих гэж хүсдэг” хэмээн хариулсан юм. Тус аргачлалаар тооцвол тэдний олборлож буй нэг тонн нүүрсний үнэ 45 мянган төгрөгт хүрэх гэнэ. Тэрбээр “Засгийн газраас эрчим хүчний тарифыг хямд байлгахын тулд нүүрсний үнийг бага түвшинд барьж байгаа бол татаас өгөх ёстой. Ингэвэл шударга болно” гэж байр сууриа илэрхийлсэн. Нүүрснийхээ үнийг өртгөөс нь бага тогтоосныхоо “шанд” Засгийн газар “Шарын гол” компанид татаас өгөх нь бүү хэл татварын хөнгөлөлт ч үзүүлдэггүй гэнэ лээ.

“Шивээ-Овоо” компани тонн нүүрсийг 32 мянган төгрөгийн өртгөөр олборлодог. Үүнтэй харьцуулахад “Шарын гол”-ын олборлолтын өртөг 12 500 төгрөгөөр өндөр. Энэ бол уурхайн онцлогоос шалтгаалсан зүйл. Энгийнээр тайлбарлавал “Шарын гол” компанийн уурхай хөрс хуулалт өндөртэй юм. Тус компанийн Уулын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Мөнхбат нэг тонн нүүрс олборлохын тулд 10 дахин их хөрс хуулдаг гэж ярьсан. Уурхайнх нь нүүрсний нөөц газрын гүн рүү 12 хэмийн налуугаар шургаж орсон тогтоцтой. Иймээс тэдний олборлолтын нөхцөл цаашдаа улам дордох магадлалтай аж. Г.Мөнхбат энэ ордоос ирэх 30 жилд нүүрс олборлох боломжтой гэсэн тооцоо хийснийг дуулгасан.

Шарын гол бол Налайхын дараа нээгдсэн манай улсын хоёр дахь нүүрсний уурхай. Эл уурхайг 54 жил ашиглахдаа нийт 60 сая тонн нүүрс олборложээ. Төрийн өмчит байсан уг уурхайг 2003 онд хувьчилсан. Улмаар хөрөнгө оруулагчид нь 2010 онд уурхайг хаахаар зэхэж байсан удаатай. Гэтэл АНУ-ын “Файрбөөрд менежмент” хөрөнгө оруулалтын сан хувьцааг худалдан авч, үйл ажиллагаа нь сэргээхээр болсон юм. Тэд нэмэлт хайгуулж хийж, нөөцийг JORC стандартын дагуу тогтоосон. Ингэснээр хаагдах гэж байсан уурхайн нөөц 370 сая тонн болж өсөв. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй амнаасаа 130 сая тонн нүүрс олборлох боломжтой аж. Тэгвэл Шаазгайтын хэсгээс 120 сая тонн нүүрс олборлох боломжтой гэсэн. “Шарын гол”-ын дараагийн хөзөр нь Шаазгайтын хэсэг юм.

Тус компани “Дарханы дулааны цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-д өнгөрсөн жил 560 мянган тонн нүүрс нийлүүлжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станцад 400 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Дарханы станцын хүчин чадлыг 35, Эрдэнэтийнхийг 48 мВт-аар өргөтгөж буй. Өргөтгөл ашиглалтад орсноор тэд олборлолтоо 500 мянган тонноор нэмэх шаардлага үүсэх гэнэ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулбал, “Эрэл цемент” үйл ажиллагаагаа сэргээвэл тэднийх жилд хоёр сая тонн нүүрс олборлох хэрэгтэй болох аж. Б.Батбаатар захирал “Хоёр сая тонн нүүрс олборлох хүчин чадал бий болгохын тулд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үнэ нэмэхгүй бол бид хөрөнгө оруулж чадахгүй” гэсэн. Хөрсөө хуулж чадахгүй хана мөргөхдөө тулсан тус компанийн зах зээл уг нь тэлж байгаа санж.

Эх сурвалж : Www.Unuudur.mn