06 сарын 06 (Бямба)
Улаанбаатар 29oC (Бага зэргийн аадар)
Дархан 30oC (Үүлшинэ)
Багануур 29oC (Үүлшинэ)
Ханбогд 37oC (Үүл багаснa)

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу?

2020-02-07
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу?

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг зарим хуульч хэлж байна.

Анх өргөн барьсан төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр зохицуулсан байв.

Хэлэлцүүлгийн шатанд заавал ингэх шаардлагагүй, дээрх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх хугацаагаар батлагдсан.

Тодруулбал,Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2.

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

/Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө./

 

Тэгвэл энэ зохицуулалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу гэдгийг зарим хуульчдаас тодрууллаа.

 Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА  

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах уу гэдгээс их зүйл шалтгаална. Хоёрдугаарт, хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж болно. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална. Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өргөн барьсан төсөл дээр ажиллаж байсан  хуульчдын санал ямар байсан бэ гэхээр хууль зүйн факт нь дуусаагүй ч гэсэн нэг л удаа сонгогдох учраас урьд нь Ерөнхийлөгч байсан хүмүүс хамаа байхгүй гэсэн байдлаар оруулж байсан. Гэхдээ энэ нь дотроо нэгдсэн байдлаар хангагдаагүй.

Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны  тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэхийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. Хууль тогтоогч хэрхэн, яаж хуулиа батлах уу түүнийг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхэд Цэц хэрхэн шийдвэрлэх үү гэдгээс шалтгаална.

Миний хувьд бол эрх зүйн онолынхоо дагуу эрх зүйн байдал нь дордох ёсгүй, нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга болон урьд нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох эрхтэй гэж би хувьдаа үзэж байгаа.

 

Хуульч Б.Энхбаяр: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2021 ОНД УЛИРАН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Хуульч Б.Энхбаяр энэ тухай 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Isee.mn сайтад өгсөн ярилцлагадаа “…Монгол улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Нэг удаа улируулж болно гэсэн заалт одоогийн Үндсэн хуульд бий. Үүнийг Үндсэн хуулийн өнөөдрийн өөрчлөлтөөр нэг удаа зургаан жилээр сонгодог болгохоор өөрчилж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг 2020 оноос хүчингүй болгох дагаж мөрдөх журмын төсөл орж ирсэн. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин улиран сонгогдох эрхийг хязгаарлахгүй гэдэг үндэслэлээр “Зургаан жилийн хугацаагаар нэг удаа улиран сонгогдох хугацаа нь 2025 оноос үйлчилнэ” гэж дагаж мөрдөх хуулиар хийсэн. Үүнд гурван асуулт гарч ирж байна.

Нэгдүгээрт, нэг удаа улирч болно гэдэг заалтыг 2020 оноос хүчингүй болгочихлоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй болчихож байна уу. Учир нь "улирч болно" гэдэг заалт Үндсэн хуулийнхаа заалтаас 2021 онд нэгэнт байхгүй болчихсон байх юм.

Хоёрдугаарт, 2025 оноос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар сонгогдох энэ заалт нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүст хамаарах уу. Хамаарахгүй гэж хэлэх хаалт алга. Тэд 2025 онд шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхтэй болж байна. Учир нь нэг л удаа улирна гэдэг заалт хүчингүй болчихно.

Гуравдугаарт, 2021 онд Х.Баттулгаас өөр шинэ хүн Ерөнхийлөгч болбол тэр хүн 4 жилээр сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч болох уу, эсхүл 2025 онд улиран сонгогдож нийтдээ 10 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой сүүлчийн Ерөнхийлөгч болох уу гэдэг дээр бас хариулт алга” гэж ярьж байжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл: З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХУЛХИДСАН БОЛОЛТОЙ

Хотын дарга асан Э.Бат-Үүл "З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой" нэртэй нийтлэлдээ "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй Х.Баттулга, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно !!!

Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд; “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан. Одоо Ерөнхийлөгч яах бол? Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна.

Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улстөрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш, хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй.Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү! Сонгогчид сонгууль явуулахыг шаардана".

 

Хуульч Б.Мэргэн: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний агуулга нь Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулдаг. Тиймдээ Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Гэтэл хуулийн төсөл батлагдах эцсийн мөчид 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм.

П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байсан. Үүнтэй барьцана гэх ч боломжгүй. Яагаад гэвэл П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болох үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар бүх зүйл шинэчлэгдэж өмнө нь хэн байсан, хэдэн удаа сонгогдсон, ямар ажил хийж байсан зэрэг энэ бүхэн огт хамаарахгүйгээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж П.Очирбат гуай 1993 онд дахин сонгогдож байсан.

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш, зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг  удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд  шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөж журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлтийг  дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж,  Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.