04 сарын 01 (Лхагва)
Улаанбаатар 8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 10oC (Багавтар үүлтэй)
Дархан 13oC (Багавтар үүлтэй)
Багануур 8oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 9oC (Багавтар үүлтэй)

ҮСХ: 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өссөн

2020-02-17
ҮСХ: 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өссөн

Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувь хэмээн тооцоолсноо мэдээллээ. Энэ нь өмнөх оноос өсөлт нь 2.1 пунктээр саарсан үзүүлэлт болж байна.  Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг голлон нөлөөлсөн байна. Салбараар нь авч үзвэл үйлчилгээний салбар өсөлтийн 39 хувь, уул уурхайн салбар 20 гаруй хувийг, 10 гаруй хувийг аж үйлдвэр, барилгын салбар бүрдүүлжээ.

2019 онд Монгол Улсын эдийн засаг 5.6 хувиар өссөн гэж Дэлхийн банк үзсэн нь өмнөх төсөөллөө бууруулсан дүн болж байгаа юм. Өнгөрсөн оны хувьд уул уурхайн гүйцэтгэл сайн байсан бөгөөд чулуун нүүрсний экспорт биет хэмжээгээр өмнөх оноос нэг орчим хувиар өсөж, 36.4 сая тонныг гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, 660 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн гэдгээ тайлагналаа. “Оюу Толгой” гүний уурхайн үйлдвэрлэлийн амаа барьж дуусгасан зэрэг уул уурхайн томоохон татвар төлөгчдийн хувьд онцлох ажил ихтэй жил байлаа.

"Хэдий тийм боловч оны эхний гурван улиралд нүүрснээс бусад эрдэс, түүхий эдийн олборлолт тайлант улиралд хүлээлтээс бага гарч, улмаар уул уурхайн салбарын өсөлт хурдацтай агшсан бол уул уурхайн бус салбаруудаас барилга, худалдаа, боловсруулах, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл төсөөлснөөс бага байлаа” гэж инфляцын тайланд дурдсан байна.

Монголбанкны хувьд ирэх оны эдийн засаг 5.6 хувиар өснө гэж таамаглаад байгаа бол Дэлхийн банкнаас төсөөлөхдөө, хэрэглээний тогтвортой өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх төлөвтэй гэжээ. Гэхдээ энэ нь өмнөх оноос буурсан төсөөлөл юм. Мөн гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг "Тойм тайлан"-д дурджээ. Эдийн засгийн хэтийн төлөв сонгуулиас үүдсэн улс төрийн тодорхойгүй байдал, худалдааны маргаан болон түүний түүхий эдийн үнэд үзүүлэх нөлөө, банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн явц, мөн мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны ахицаас ихээхэн хамаарч байна. Мөн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлийг тайланд дурдсан байна.