07 сарын 15 (Лхагва)
Улаанбаатар 29oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Багануур 28oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Ханбогд 36oC (Үүлшинэ)

АНУ-аас импортлох зэсэнд Хятад улс тарифын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-19
АНУ-аас импортлох зэсэнд Хятад улс тарифын хөнгөлөлт үзүүлнэ

Хятад улс худалдааны хэлэлцээрээ хүлээсэн үүргээ биелүүлж АНУ-ын 696 бараанд ногдуулаад байсан тарифын нэмэгдлээ бууруулахаар болсон нь өнгөрсөн хугацаанд санал болгосон буй хамгийн их тарифын хөнгөлөлт болж байна. 

Хоёр улсын хооронд байгуулагдсан нэгдүгээр шатны худалдааны хэлэлцээр энэ сарын 14-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь гуравдугаар түвшний тарифын хөнгөлөлт болохыг өчигдөр хийсэн мэдэгдлийн үеэр онцолжээ.  

Хэлэлцээрийн дагуу Хятад 200 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээг АНУ-аас авах ёстой бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш АНУ-ын импортлох зарим төрлийн барааны тарифыг цуцлаад байгаа юм. 

Гэвч өнгөрсөн оны сүүлчээр Хятадад гарч эхэлснээс хойш 70,000 гаруй хүнд халдварлаж, 1900 хүний амь насыг авч одоод буй Коронавирусийн тархалт нь худалдан авах зорилтот түвшинг хангаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тус улсын эрх баригчид вирусын тархалтыг зогсоох зорилгоор аялал жуулчлал, тээврийн хөдөлгөөнд томоохон хязгаарлалт тавиад байгаа юм. Тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор үйлдвэрүүдийг хаах юм уу ажилчдынхаа тоог цөөлж, үйлдвэрлэлээ бууруулахад хүргэсэн. Олон нийтэд гэр орноосоо гарахыг хориглосноор хэрэглээ нь зогсонги байдалд оржээ.

Зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан Хятадын аж ахуйн нэгжүүд тарифаас чөлөөлүүлэхийн тулд өргөдөл гаргах ёстойг Бээжин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Өргөдлийг 3-р сарын 2-ноос хүлээн авч эхлэх бөгөөд нэг жилийн хугацаанд хүчинтэй байх аж.

Хоёр улсын худалдааны маргаан хурцдах үед тариф нь нэмэгдсэн гахайн мах, үхрийн мах, шар буурцаг, шингэрүүлсэн байгалийн хий, түүхий тос зэрэг хөдөө аж ахуй, эрчим хүчний гол бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлөх боломжтой аж. Түүнчлэн денатурат этилийн спирт, улаан буудай, эрдэнэ шиш, сорго зэрэг хөдөө ажуйн, зэсийн хүдэр, баяжмал, зэс хаягдал, хөнгөн цагаан хаягдал гэх мэт зарим металл болон эмнэлгийн хэрэгслийн импортод тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.