04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Гашуунсухайтаар эхний ээлжинд 300-350, Шивээхүрэнгээр 200 машин гарна

2020-03-09
Гашуунсухайтаар эхний ээлжинд 300-350, Шивээхүрэнгээр 200 машин гарна

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 6-7-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллажээ. Тус ажлын хэсэгт Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гааль,тээврийн жолооч нарын төлөөлөлд хандан “Ирэх гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолоочид үдээс өмнө хил гараад хонолгүйгээр орж ирэх ёстой. Хилээр нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устгах, машинаа бүрэн ариутгалт оруулах зэрэг дүрмийг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ” хэмээн онцолжээ. 

Хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг шууд тус байранд тусгаарлах юм байна. 

Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэр явахтай холбоотой нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105.3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныхан сайдаас хүссэн байна. Тавантолгойн уурхай, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг салбарын сайд онцгойлон анхааруулжээ. 

Түүнчлэн УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээхүрэн боомтод ажиллав. Шивээхүрэн боомтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ. Шивээхүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийн үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байна. Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж, хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр бэлгэл ажлаа хангажээ. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэг машинд 10 литр ус зарцуулах, өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комисст үүрэг болгосон байна. Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх аж. Энд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй 4 компани гаргахаар болжээ.