06 сарын 06 (Бямба)
Улаанбаатар 29oC (Бага зэргийн аадар)
Дархан 30oC (Үүлшинэ)
Багануур 29oC (Үүлшинэ)
Ханбогд 37oC (Үүл багаснa)

Засгийн газар иргэддээ 5.1 их наяд төгрөгийг бэлэглэхээр болов

2020-03-27
Засгийн газар иргэддээ 5.1 их наяд төгрөгийг бэлэглэхээр болов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Коронавирусийн эсрэг арга хэмжээнд Монгол Улс 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулна гэдгийг олон нийтэд мэдэгдлээ. Түүний мэдэгдлийг дор сийрүүлбэл, 

1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгж компаниудыг тэглэнэ. 

2.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөллөө. 

3.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжээс татвар авахгүй.

4.  Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж байна. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ. 

5.  Малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ноолуур, махны нийлүүлэлтийн зөрүүг Засгийн газраас даана. 

6.  18 нас хүртэлх хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Гурван сарын хугацаанд үйлчилнэ. 

7.  Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна. 

Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд сайшаалтай хэрэг ч эргээд дээрх мөнгийг хаанаас бий болгох вэ гэдэг нь гол асуудал. Сангийн сайдын мэдэгдсэнээр төсөвт тодотгол хийхгүй, дотоод нөхцөл бололцоогоо ашиглана гэж буй.  5.1 их наяд төгрөг эдийн засгийн зургаан сарын эрсдэлийг хамгаалах юм бол цаашид эрсдлээс  хамгаалах нөөцөө ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ гэдэг асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бид өнгөрсөн гурван жилд 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд 1.3 тэрбум ам.долларын эх үүсвэрийг баталгаажуулахаар гэрээ хийж байна. Өнөөдөр 720 сая долларын санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан. Үлдэж байгаа 580 орчим сая долларын гэрээг үргэлжлүүлээд хийнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг чухал салбаруудад зориулагдах байдлаар авах чиглэлээр яриа хэлцлүүдийг эрчимтэй хийж байна” гэсэн юм. 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5.1 их наяд төгрөгийг экспортод суурилж, гаргах болно гэдгийг нэг амандаа цухуйлгав. Коронавирусээс болж нүүрсний экспорт зогсоод байгаа энэ үед дээрх төлөвлөгөө биелэлээ олох нь юу л бол. Өнгөрсөн гурван жилд төлсөн 8.2 их наяд төгрөгийн өрөө буцааж авах арга хэмжээ үүгээр эхэлж байгаа бололтой. Үнэхээр ард түмнээ бодсон уу, сонгуулийн бэлтгэл байв уу гэдгийг таахад бэрх байна. Түүх гэгээлэгээр төгсөх болтугай.