10 сарын 27 (Мягмар)
Улаанбаатар 3oC (Цэлмэг)
Дархан 7oC (Цэлмэг)
Багануур 3oC (Цэлмэг)
Ханбогд 10oC (Цэлмэг)

2021 ОНД БАРАГДУУЛАХ БОНДЫН ӨРИЙГ ТӨЛӨХӨӨР ШИНЭ БОНД ГАРГАЖ МАГАДГҮЙ

2020-09-22
2021 ОНД БАРАГДУУЛАХ БОНДЫН ӨРИЙГ ТӨЛӨХӨӨР ШИНЭ БОНД ГАРГАЖ МАГАДГҮЙ

“Fitch” aгентлаг Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргахаар зэхэж байгаа бондод “В” зэрэглэл тогтоосон байна. Засгийн газар олон улсын зах зээлд шинэ бондын танилцуулгаа хийхээр “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley” болон “Nomura”-тай хамтарч ажиллахаар болсон аж. Танилцуулга есдүгээр сарын 21-нээс эхэлнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэхүү санхүүжилтээр 2021 онд барагдуулах бондын өрийг төлөхөд зарцуулах юм байна. Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондын өрийг барагдуулах хуваарьтай байгаа юм.

“COVID”-ийг цар тахал гэж зарлахад шаардах өгөөж нь 13 хувь давж огцом өсөөд байсан “Мазаалай” бондын өгөөж буурч, өмнөх жилүүдэд дунджид ойртсон байна. 2024 онд барагдуулах ёстой “Хуралдай” бондын үнэлгээ ч тогтвортой байна.

Хэдий тийм боловч цар тахал дэгдсэний улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хэрэгслээс зайлсхийх хандлага давамгайлах болсон юм. Үүнтэй холбоотойгоор тахлын дараа зах зээлд эзлэх хувь нь өсөх хандлагатай томоохон компанийн хувьцаа, алт зэрэг хэрэгсэл сонгох хандлага нэмэгджээ. “COVID-19”-ийг цар тахал гэж зарласан оны эхний хагаст хөгжиж буй бондуудын хүү огцом өсөж, ханш нь унасан байна. Тэр үеэс хойш ханш харьцангуй тогтворжсон ч дийлэнх жижиг эдийн засагтай орнуудын ханш өмнөх түвшиндээ хүрэхгүй байна.

Хөгжиж буй орны бондоор мэргэшсэн хамгийн өндөр өсөлттэй дундын сан гэгдэж байсан “Ashmore” сүүлийн нэг жилд 17 хувийн алдагдал хүлээсэн нь арилжаанд оролцогчдод болгоомжлох дохио өгөөд байна. Энэ нь Монгол Улсын гаргасан хамгийн өндөр 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын өрийг барагдуулах хэрэгслийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй юм.