01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Хармагтайн ордоос 407.9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олно гэж тооцжээ

2021-01-13
Хармагтайн ордоос 407.9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олно гэж тооцжээ
Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулагджээ. ТЭЗҮ-ийг энэ сард батлуулна  гэж "Эрдэнэс Силвер Ресурс" компаниас мэдээллээ. 
 
Дөрөвдүгээр сараас ордын ашиглалтыг  эхлүүлэхээр төлөвлөжээ. Хармагтайн орд дахь “Хойд бүргэд” алтны орд нь дэд бүтэц, усны нөөцөд ойрхон тул ашиглахад бүрэн бэлтгэгдсэн.
 
Ордын ашиглалтыг урьдчилсан байдлаар 11 жил гэж тооцсон. Нийт 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 407.9 тэрбумын ашиг өгөх тооцоо гарсан гэж мэдэгдлээ.
 
Сануулахад, Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэн талаар засгаас шинэ оны өмнө нь мэдээлсэн. 
 
“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад Хармагтайн ордод эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үед судлаачдын тогтоосон таамаглалыг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
 
"Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тн алтны нөөцийг нарийвчлан тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд бүртгүүлсэн.
 
Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг өндөр бүтээмж, шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, уг нөөцийг ашиглах техник технологийн сонголтыг хийж, ТЭЗҮ-ийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна гэж УУХҮЯ-наас мэдэгдэж байсан юм.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх