Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэнэ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж буй.

Уг хуулийн төсөлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан сэтгэл санааны хохирлыг тооцох, нөхөн төлүүлэх, амь насны хохирлыг ар гэрийнхэнд нь олгох, иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тооцох зэрэгтэй холбоотой заалтыг оруулсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдээс онцлох заалтуудыг танилцуулж байна

Иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан тохиолдолд шинжилгээ хийнэ.
Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ.
Шинжилгээний байгууллага хүрээлэн байгаа орчны хохирлыг хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцохдоо нөхөн сэргээх зардлыг давхар тооцно.
Бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлоход сэтгэцийн шинжилгээ хийнэ.
Уг хуульд заасан зарим төрлийн эрүүгийн гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана.
Гэмт хэргийн улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана.
Шинжилгээний төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нартай байна.
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид таван жил тутамд нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно.
Шинжилгээний байгууллагын алба хаагчийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

Дагалдах хуулийн төслүүдээс:

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

  • ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 120,000-180,000 төгрөг;
  • Хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 45,000-60,000 төгрөг;
  • Хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 5,000-15,000 төгрөг;
  • Хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 3,000-8,000 төгрөг;
  • Хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 300,000-500,000 төгрөг;
  • Иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 20,000-30,000 төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 10,000-15,000 төгрөг;
  • Цогцос зориулалтын машинаар тээвэрлэхэд километр тутамд 5,000 төгрөг.
Хүний бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэнд шүүх шинжилгээ хийхэд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
Насанд хүрээгүй хүний шүүх шинжилгээг хийхэд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.
Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоож болно. 
Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.
Яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана.
Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална.