МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Манай улсын хувьд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хаяг олгох субъект тодорхойгүй байгаагаас үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга, нийслэл, дүүрэгт хорооны Засаг дарга, Хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хаяг олгож ирснээр хаягийн давхардал үүсэх, түр хаяг олгох, нэр, дугааргүй задгай гудамжууд олширч Төрийн болон бизнесийн үйлчилгээ, гал команд, түргэн тусламж, хүргэлт, тээврийн үйлчилгээ үзүүлэхэд нь эмх цэгцгүй, хүндрэлтэй байдал үүссэж байсан.
Иймээс Монгол Улсын хэмжээнд 1:100000 масштабтай байр зүйн зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт, хот, суурин газрын 1,079,000 нэгж талбар, 689,888 барилгын орц, гарцыг тус тус тодорхойлж хаягийг шинэчилсэн бөгөөд цаашид газар, үл хөдлөх, эд хөрөнгөнд хаягийг автоматаар олгох, баталгаажуулах боломжтой болж, олон улсын жишигт нийцсэн хаягжилтийн нэгдсэн системийг шинээр байгуулаад байна.
Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр дэлхийн жишигт хүрэхүйц мэдээллийн цогц шинэчлэл хийгдэж, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай холбогдон цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, шуудан, харилцаа холбоо зэрэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглах, нэгдсэн стандартад нийцсэн замчлах систем хэрэглээнд нэвтэрч байна.