Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид Итгэмжлэх жуух бичгээ барив

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Тэрбээр Люксембург Улсын Гадаад хэрэг, Европын хэргийн сайд Жан Асселборнтой 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Л.Болд хоёр орны найрсаг харилцаа бэхжиж байгааг тэмдэглээд Люксембург Улсын Засгийн газраас Монгол Улсад зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй жил төсөл хэрэгжүүлсэн нь манай улсын эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулж буйг онцлов.

Гадаад хэргийн сайд Ж.Асселборн Итгэмжлэх жуух бичгээ барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд нь Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Люксембургийн харилцааг өргөжүүлэхэд Элчин сайдын санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.