С.Энхболд: Эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 42.8 хувиар нэмсэн

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой  эрүүл мэндийн  салбарт хийж буй ажлын талаар ярилцлаа

-Эрт илрүүлгийн үзлэг оношилгоог орон даяар эхлүүлсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж буй нэг том ажил бол эрт илрүүлэг. Үүнийг энэ жил шинээр сэдээд хийж буй ажил биш. Өмнө  нь 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж байсан юм. Гэхдээ шинжилгээний нэр төрөл цөөн байсан тул иргэдийн хамрагдах явдал төдийлөн өндөр байгаагүй. Нийт хүн амын 8.8 орчим хувь нь хамрагдаж байсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн багц гаргаад шинжилгээ хийдэг. Энэ нь 200 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэ ханштай. Иймд энэ жил эрт илрүүлгийн үйл явцыг цогцоор нь өөрчилсөн.  Үүнд манай улсад хэрэгжүүлж буй долоо, найман үндэсний хөтөлбөрийг нэгтгэсэн гэж хэлж болно. Тухайлбал, Эрүүл идэвхтэй амьдрал, Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хавдрын эсрэг зэрэг хөтөлбөрийг багтаасан юм. Нэгдүгээрт,  эрт илрүүлгийн гол онцлог нь  ковидын дараах үлдэц өөрчлөлтийг бас тодорхойлно. Иргэд ковидын дараа зүрхний хэм алдагдлаа, бүгшүүлж ханиадаг боллоо гэж яриад байгаа шүү дээ. Манай улсын нэг сая орчим хүн ковидоор өвчилсөн. Иймд ямар  далд өөрчлөлт байна, хожуу гарах хор уршгаас нь сэргийлэх зорилго бас бий. Хоёрдугаарт,  манай улсын хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөлийн багцыг гаргасан. Тухайлбал, зүрх судасны, амьсгалын тогтолцооны, хоол боловсруулах эрхтний, гэмтэл осол, хавдар гээд өвчин түгээмэл тохиолдож байгаа юм. Гуравдугаарт, хүн амын дунд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 буюу бараг 10 жил болчихлоо.  Засгийн газраас 2024 он гэхэд таван жил болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн. Гэхдээ энэ маань олон жилийн хугацаанд томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлсний үр дүнд биелэх асуудал  юм. Үүний төлөө бид зорих ёстой. Ийм учраас энэ оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Өмнө нь жилд 20 тэрбум төгрөгөөс дээш гардаггүй байлаа. Тэгвэл одоо гурав дахин нэмэгдүүлээд байна. Бид дээр хэлсэн 2018 онд хэрэгжүүлсэн эрт илрүүлгийн шинжилгээний багцын дээд тариф нь 70 мянган төгрөг байсан. Доод тал нь 40 ингээд дундаж нь 56 мянган төгрөг гэсэн дүн гарсан. Тэгвэл эрт шинжилгээнд хамрагдахгүй явж байгаад өвдлөө гэхэд нэг хүн 11.2-12.3 сая төгрөгийн санхүүгийн эрсдэл үүсдэг судалгаа бий. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системтэй болно. Үүнд эрт илрүүлэгтэй холбоотой бид анхан шатны 540 байгууллагыг холбосон. Мөн эрүүл мэндийн цахим систем энэ оны гуравдугаар улирал гэхэд бүрэн ашиглалтад орно. Төсвийн тодотголоор энэ онд 30 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжих нэг ч төслийн санхүүжилтийг хасаагүй.

-Эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн тогтолцоонд шилжсэн. Тэгвэл үүнийг дагаад ямар нөхцөл, боломж, давуу талууд бий болсон бэ?

-Эрүүл мэндийн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлийн тогтолцоонд шилжсэн. Энэ тогтолцоог нэвтрүүлэхийн зэрэгцээ цар тахалтай тэмцэж ирлээ. Эрүүл мэндийн даатгалын  сан урьд нь Нийгмийн даатгалын сантай цуг байдаг байсан. Тэгээд 2019 оноос тусдаа бие даасан. Үүнээс өмнө Эрүүл мэндийн даатгалын санд 400 тэрбум төгрөгийн хуримтлал бүрддэг байв. Үлдсэнийг нь улсын төсвөөс даадаг зохицуулалт үйлчилж байлаа. Жишээ нь эрүүл мэндийн байгууллагуудад  цалин, урсгал зардлыг нь төрөөс “энэ бол танай мөнгө шүү” гээд өгч ирсэн. Тэгвэл гүйцэтгэлийн тогтолцоонд шилжсэнээр энэ бүгдийг нь нэгтгээд Эрүүл мэндийн даатгалын санд өгсөн. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагууд сард хэдэн төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна түүгээрээ Эрүүл мэндийн даатгалын санд нэхэмжлэл гаргаж санхүүжилтээ авдаг болсон. Үүнд төр, хувийн хэвшлийн ямар нэг ялгаварал байхгүй. Монгол Улсын иргэн аль ч эмнэлгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чирэгдэлгүй байх бололцоо бүрдүүлж байна. Энэ онд Эрүүл мэндийн даатгалын санг 1.5 орчим их наяд төгрөгөөр бүрдүүлж байгаа. Тэгээд цалингийн нэмэгдэл, доод жишиг тогтоох нөхцөл бүрдсэн. Тухайлбал, нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тарифыг хоёр дахин нэмлээ. Энэ санхүүжилтийн гол зорилго нэн шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн хариуцах зохицуулалттай юм. Үүнээс гадна эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж үйлчилгээг бууруулах зорилготой. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдгийг товчоор хэлбэл нэг худалдан авагчийн тогтолцоо юм. Өнгөрсөн онд тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг 2020 онтой харьцуулж үзсэн. Тэгэхэд орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 41 хувиар нэмэгдсэн дүн гарсан.  Жишээлбэл, өмнө нь нэг эмнэлэгт танайх сард нэг тэрбум төгрөг олно гээд төсвийг батлаад өгдөг байлаа. Одоо тухайн байгууллага сард ямар гүйцэтгэлтэй ажилласан тэр хэмжээгээр Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ аваад явдаг болсон. Энэ илүү авсан санхүүжилтээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, цалин, урамшууллаа нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авах нөхцөл бүрдсэн. Энэ бол гүйцэтгэлийн санхүүжилтийн нэг давуу тал. Төвлөрлийг сааруулахад жишээ нь гэмтэл, түлэгдэлт, хавдрын тусламж үйлчилгээ, зүрхний гажгууд, төрөлхийн гажгуудыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зуун хувь даадаг болсон.   Жишээ нь түлэгдэлтийн нэг эмчилгээнд 14 сая төгрөг гардаг юм билээ. Энэ мэтчилэн гүйцэтгэлийн санхүүжилтийн давуу талууд үр дүнгээ өгч эхэлсэн.

-Энэ ярилцлагад орхиж болохгүй нэг асуулт бол эмч эмнэлгийн ажилчдын цалин хангамж юм. Танай салбарынхан цалин бага гэж ярьдаг тиймээс энэ тал дээр ямар бодитой арга хэмжээ авч байгаа вэ?

-Үндсэн цалингаа ярьж байгаа юм. Өнгөрсөн онд эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалин 42.8 хувь, нэмэгдсэн цалин 46 хувь, унаа хоолны зардал 4.1, урамшуулал, 7.1 хувиар тус тус нэмэгдсэн. Үндсэн цалин 2018-2020 он хүртэл найм, найман хувиар нэмэгдэж 24 хувиар өссөн. Бусад нэмэгдэл нь 1.5 дахин нэмэгдсэн.   Тухайлбал цол, зэрэг, төрд ажилласан жилийн гээд бүх урамшуулал нь өссөн. Дээрээс бид энэ жил уг шинэчлэлтэй уялдуулж томоохон шинэчлэлт хийлээ. Цалингийн шатлалыг нэмэгдүүлсэн. Тодруулбал цалингийн таван шатлалын хамгийн өндрөөр нь доод хэмжээг нь тогтоож өгсөн юм. Үүнээс дээш бол хязгааргүй гэсэн үг. Тухайн байгууллагын удирдлагууд удирдах зөвлөл эсвэл ТУЗ-аараа яриад ажилчдынхаа цалинг өсгөх хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өглөө. Жишээлбэл Халдвар судлалын үндэсний төв гэхэд ажилчдынхаа цалинг 43 хувиар нэмсэн байна. Гэмтлийн эмнэлэг цалингийн доод шатлалаа 10 хувиар өсгөсөн. Өмнө нь үндсэн цалинг өсгөж болдоггүй байсан юм. Зөвхөн урамшуулал маягаар нэмж ирсэн. Энэ нь банкны баталгаа болж өгдөггүй талтай байлаа. Тэгэхээр гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нь эрүүл мэндийн салбарт маш том эрх нээж өгч байгаа юм. Яахав цалингийн доод жишгийг дээшлүүлж болно. Харин манай улсын эдийн засаг хүндхэн байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сантай уялдаж байж цалин хөлс нэмэхгүй бол болохгүй. Ийм учраас эхний ээлжид цалингийн доод жишгийг нэмэгдүүлээд  тогтоосон. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтрээгүй байхад нэг сувилагч нэг тариа хийсэн нөгөөх нь 10 тариа хийж гээд бодъё. Гэтэл яг адил цалин аваад явдаг байлаа. Тэгвэл өнөөдөр хүн хийсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжийг л нээж өгсөн явдал юм. Аль ч эмнэлэгт сайн эмч, сувилагчийг багаар нь өндөр цалин амлаад ажиллуулах боломж бүрдсэн гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын ажилчид өнөөдөр 705 оношийн бүлгээр цалинждаг. Эдгээр оношийн бүлгийн өртгийг нэг бүрчлэн тооцон гаргасан судалгаа бий. Өөрөөр хэлбэл нэг онош дээр тухайн байгууллагын цалин, урамшуулал, цахилгаан, дулаан, эмийн гээд бүх зардлыг бодож гаргасан тооцоолол байдаг юм. энэ механизмаар эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд явж байна. Дэлхийн дийлэнх улсын эрүүл мэндийн салбар ийм тогтолцоотой байдаг. жишээ нь Солонгос л гэхэд 80 гаруй мянган төрлийн  үйлдлийн оношоор явдаг. Нэг тариа хийлээ гэхэд спиртээр арчих, зүү хатгах хүртэл нь үнэлэгдсэн байдаг. харин манай улс оношийн бүлгээр санхүүжээд явж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжихээр 2013 оноос хойш судлаад өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Цаашид төр, хувийн хэвшил гэлтгүй өрсөлдөөнөө дагаад эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжрах ёстой юм. Гадаадын зарим улс орны эрүүл мэндийн салбарын маркетинг хүмүүсийн харилцаа хандлага, угтах, үдэх үйлчилгээнд чиглэх болсон. Манай улс хэдийгээр хоцорч эхэлж байгаа ч үүнд очихын төлөө эрчимтэй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр эмнэлгийн орчин, эмч,  ажилчдын харилцаа хандлага өөрчлөгдөнө. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Энэ мэтчилэн маш олон эерэг өөрчлөлт дагуулах шинэчлэлийн ажил эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа шүү гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн хоёр жил хийгдсэн хөрөнгө оруулалт, төр засгаас эрүүл мэндийн салбарт хэрхэн дэмжлэг үзүүлэв?

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд манай улс төдийгүй дэлхий нийтээр  “Ковид-19” цар тахалтай тэмцэж ирлээ. Үүнээс өмнө эрүүл мэндийн салбарыг хариуцлагагүй зарим хүний алдаа, дутагдлаас  шалтгаалж нийгэмд ихээхэн шүүмжилдэг байсан. Одоо эрүүл мэндийн салбарын талаар аль аль талдаа ойлголттой болж байна. Дээрээс нь төр засгаас эрүүл мэндийн салбарт чамгүй хөрөнгө оруулалт хийх болсон. Тухайлбал 2020-2021 онд 616 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд өнгөрсөн оны зургадугаар сард төсвийн тодотгол хийсэн байдаг. Энэ тодотгол нь зөвхөн эрүүл мэндийн салбарт зориулагдсан. Тэгээд 238 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийгдсэн. Уг мөнгөний 110 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмж авахад зарцуулагдсан. Учир нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж буй өнөө үед хөдөө орон нутаг, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн болон дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөхцөл байдал нь нэг гараанаас эхлэхэд харилцан адилгүй байсантай  холбоотой. Ковидын үед хүчил төрөгчийн хэрэгцээ маш их байсан. Иймд  хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр бүх аймаг, нийслэлийн эмнэлгүүдэд суурилуулах ажил эхэлсэн. Өмнө нь нийслэлийн гурав, дөрөвхөн эмнэлэг ийм үйлдвэртэй байсан. Тэгээд мянган км-ын зайтай аймгийн нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотод ирж хүчилтөрөгчийн баллон цэнэглээд явдаг байлаа. Нэг баллон нь 100-150 мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Энгийн үед өдөрт гурван баллон хүчил төрөгч хэрэглэлээ гэж үзэхэд тухайн эмнэлэг сард 10-15 сая төгрөг зарцуулдаг. Жилд доод тал нь 120 сая төгрөг зарцуулна. Тэгвэл орон нутагтаа хүчил төрөгчийн үйлдвэртэй болсноор дээрх мөнгө тухайн эмнэлгийн цэвэр хэмнэлт болно гэсэн үг. Энэ мөнгөөрөө шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж авах, ажилчдынхаа цалин, урамшууллыг нэмэх боломжийг нээж өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 19 аймагт компьютер томографын аппарат суурилуулсан. Одоо үлдсэн хоёр аймагт суурилуулж өгнө. Тэгэхээр харвалттай, онош тодорхойгүй өвчтөнийг заавал Улаанбаатар хот руу тээвэрлэх шаардлагагүй болсон гэсэн үг. Энэ мэтчилэн орон нутгийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж чадвахжуулсан. Хамгийн том бүтээн байгуулалт бол Эрүүл мэндийг дэмжих төв. Үүнийг байгуулахад ямар нэг барилга байгууламж шинээр бариагүй. Тухайн нэгдсэн эмнэлгийн ашигладаггүй байсан байшин эсвэл нэг корпусыг нь тохижуулж иж бүрэн тоног төхрөөмөж суурилуулж өгсөн. Урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд амбулаторийн үйлчилгээтэй холилдохгүй байх зохион байгуулалтай юм. Өнөөдрийн байдлаар 15 аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийг бэлэн болгосон. Бусад аймгуудад уг төвийг байгуулах засварын ажил хийж байна. Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад дараа жил хийхээр төлөвлөөд байгаа. Нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн тавд нь байгуулсан. Мөн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд бас ийм төвтэй болсон.  Эрүүл мэндийг дэмжих нэг төв байгуулах өртөг нь 1.8 тэрбум төгрөг болж байгаа. Үүний 300 сая төгрөг нь өрөө тасалгааны засвар, үлдсэн нь эхо, дуран, эмэгтэйчүүд, нүд, чих хамар хоолойн гээд тоног төхөөрөмж зэрэгт зарцуулагдаж байна. Нэг ёсондоо орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж ажиллах боловсон хүчнийг нь сургасан. Бас 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн нэгдсэн эмнэлгийг  PCR шинжилгээний лабораторитой болголоо. Энэ нь зөвхөн ковид үзэхгүй. Цаашид молекул биологийн болон бэлгийн замын өвчний шинжилгээнд ашиглах юм. Тэгэхээр ямар нэг халдварт өвчний шинжилгээг орон нутагтаа хийх нөхцөл бололцоо бүрдсэн гэсэн үг.

-“Ковид-19” цар тахлын үед та бүхэн хэрхэн ажилласныг иргэд мэднэ. Өнөөдөр цар тахлын тархалт намжиж амны хаалтгүй хүмүүс нэлээд явж эхлээд байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт зарцуулсан хөрөнгө мөнгөний талаар шүүмжлэл, хардлага сэрдлэг нэлээд гарсан шүү дээ?

-“Ковид-19” цар тахлын оргил тархалтын үед Монгол Улсын Засгийн газраас баримталсан бодлого, шийдвэрүүд маш зөв байсан. Ийм учраас өнөөдөр цар тахлын тархалт буурч бид аажмаар хэвийн амьдралдаа орж байна. Олон улсын байгууллагууд, бусад улс орнууд ч гэсэн ингэж дүгнэж байгаа. Ялангуяа вакцинжуулах хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй хийсэн. Үүний хүчинд цар тахлын тархалтын дөрвөн хүчтэй давлагааг эрсдэл бага даван тууллаа. Хэрэв вакцин байгаагүй бол бид өнөөдрийн хэмжээнд хүрч чадахгүй байсан юм. Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай уялдаад шуурхай хариу арга хэмжээ авах  20 гаруй удирдамжийг өөрчлөн гаргасан. Тухайлбал, эмчилгээний болон  хариу арга хэмжээний удирдамж гэж бий. Мөн өнгөрсөн долдугаар сараас эхлээд дасан зохицох тактик хэрэгжүүлж эхэлсэн. Энэ маань үр дүнгээ өгсөн. Ялангуяа цар тахлын дөрөвдүгээр давлагааг үүний үр дүнд хохирол багатай даван туулсан юм. Цар  тахлын үед эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчлан, нойр хоолгүй зүтгэн ажилласныг хүмүүс мэднэ шүү дээ. Тухайн үед PCR шинжилгээнд асар их мөнгө төгрөг зарцуулсан гэдэг асуудал яригдсан. Энэ шинжилгээний урвалж бодис өндөр үнэтэй байлаа. Тодруулбал, нэг шинжилгээний урвалж бодис өнгөрсөн тавдугаар сар хүртэл  56 мянган төгрөгийн үнэтэй байсан. Иймд өдөрт бараг нэг тэрбум төгрөг шинжилгээнд зарцуулж ирсэн. Тэгээд өдөрт 20 мянган шинжилгээ хийдэг байсан гээд бодоод үзэх хэрэгтэй юм. Иймд ханган нийлүүлдэг байгууллагуудын тоог нэмэгдүүлж урвалж бодисын үнийг үе шаттай бууруулсан тул 26 мянга болсон. Одоо бүр 12 мянга болсон байгаа. Энэ бүгдэд маш их зардал гарч ирсэн. Тэр бүгдэд хардалт сэрдэлт их гардаг байлаа. Аудит бас хийсэн.

-Та вакцины цар тахлыг хүчинд хохирол бага даван туулж байна гэлээ. Вакцинжуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй арван орны нэг. Дэлхийн банкнаас гаргасан Солонгос болон Хонконгийн туршлага солилцох цахим  уулзалт дөрөвдүгээр сарын  27-нд болсон. Энэ хурал дээр манай улсын баримталсан стратегийг нэлээд сайшаан ярьсан. Цар тахлаар нас барсан хүмүүсийн тоон дээр нэлээд шүүмжлэл дагуулдаг. Гэвч нэг сая хүн амд ногдох нас баралтын тоогоор манай улс маш цөөн орны тоонд ордог. Бид маш богино хугацаанд 23 мянган ор дэлгэн ажиллуулсан нь маш том амжилт. Бид аль болох иргэн бүрт хүрч ажиллах зарчим баримталж  бүлгүүддээ хамгийн түрүүнд барьж авсан. Энэ бол манай улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг давуу тал болсон юм. 

Вакцины нөөц манай улсад хангалттай бий. Цар тахлын үед есөн сая орчим тун вакцин татаж авсан. Одоогоор нэг сая орчим тун файзер, 800 орчим мянган тун синофарм вакцин бий. Синофарм вакцины хугацаа 2023 оны гуравдугаар сард дуусна. “Файзер”  компаниас саяхан зориулалтын нөхцөлд хадгалж байгаа вакциныхаа хугацааг сунгасан. Ийм учраас манай улсын хадгалж буй вакцины хугацаа арваннэгдүгээр сар хүртэл асуудалгүй гэсэн үг. Тэгэхээр бүүстер тун хийхэд айлтгүй юм. Өнгөрсөн хугацаанд олон улсын стандартад нийцсэн вакцин хадгалах агуулахтай болсон. Одоо энэ сарын дундуур эм хадгалах нөөцийн агуулах ашиглалтад орно.

-Тэгвэл вакцины бүүстер тунд хамрагдах иргэдийн идэвх ямар байгаа вэ?

-Цар тахлын тархалт буурсан учраас иргэдийн вакцин хийлгэх идэвх суларсан. Одоо манай улсад ирж буй жуулчдад өөрийн хүсэлтээр вакцин үнэгүй хийж өгнө гэж зарлаж байгаа. Гэхдээ ирэх намар энэ цар тахлын нөхцөл байдал яахыг хэн ч таашгүй. Иймд бид тайвшралгүй хариу арга хэмжээндээ  бэлтгэж байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл тав дахь тун, хүүхдийн бүүстер тунг зарлахаас өөр арга байхгүй. Дэлхийн зарим улс үүнийг хийгээд эхэлсэн байгаа. Иргэн өөрөө хүсвэл вакцинаа хийлгэж болно.

-Технологийн хөгжил салбар бүрт үр өгөөжөө өгөх болсон. Ялангуяа цахим орчин иргэд болон байгууллагуудын цаг зав, хөрөнгө мөнгийг ихээхэн хэмнэдэг. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбар хэр цахимжиж байна вэ?

-Эрүүл мэндийн салбар цахимжиж эхний ээлжид 14 үйлчилгээг и-монголиа системд байршуулсан. Бидэнд өгсөн мэдээллээр энэ үйлчилгээг нэвтрүүлснээр 40.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. Жишээ нь иргэд шинжилгээ өгчхөөд хариугаа заавал очиж авах шаардлагагүй болсон. Шууд и-монголиа системд нэвтрээд өөрийн регистрийн дугаараа оруулаад татан, хэвлэж авах боломжтой. Мөн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх цаг захиалж болно. Цаашид эрүүл мэндийн бүхий үйлчилгээг энэ цахим системд оруулна. Эрт илрүүлгийн шинжилгээнүүд бас  холбогдсон. Эрүүл мэндийн байгууллагууд магадлан, тусгай зөвшөөрөл зэрэг нь бас цахимжсан. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд магадлан бүрдүүлэхийн тулд бараг хоёр боодол бичгийн цаасан дээр хэвлэх хэмжээний бичиг баримт бүрдүүлдэг. Тэгээд Эрүүл мэндийн хөгжлийн төвд удаа дараа ирдэг тал байсан. Энэ бүгд илүү зардал шаардсан үйлдэл, ажлыг цахимд шилжсэнээр халсан. Дээрээс нь эрүүл мэндийн байгууллагууд бүрэн хяналтад орж буй юм. Мөн хэн гэдэг эмч ямар эмнэлэгт яаж ажиллаж байгаа нь ил тод харагдана. Өөрөөр хэлбэл эмч нар улсын болон хувийн эмнэлгүүдэд давхардуулж ажиллах, авлигын зэрэг асуудал үгүй болно. Энэ жилийг “Эмнэлгийн тусламж, чанар аюулгүй байдлыг сайжруулах” зорилго тавин зарласан. Чанар гэдэгт миний энд ярьсан бүх зүйл хамаарч байгаа. Одоо эргэх холбоотой, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргэн ажиллаж төлөвлөгөө гаргаад байна. Тэгээд үйлчилгээний тав тухтай орчин бүрдүүлэх, ёс зүйтэй харилцах зэрэг зорилт багтаж буй юм. 

-Нөгөө талаар иргэд эмийн чанар, үнийн асуудлыг нэлээд хөнддөг. Энэ талаар та бүхэн хэрхэн анхаарч ямар  ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай эмч нарын  мэргэжлийн ур чадвар өндөр төвшинд хүрсэн. Одоо эмийн чанарын асуудлыг авч үзэх шаардлага бий. Энэ талаар томоохон ажил хийнэ. Бид оношлоод, эмчилдэг. Хамгийн гол нь эмчилгээний үр дүн эмнээс их шалтгаалдаг тал бий. Эмчилгээний чанарын 50 хувь нь эмтэй холбоотой байдаг. Дээрээс нь манай улс 1995 оноос хойш эмийн асуудал бүгд хувийн  хэвшилд шилжсэн. Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд хийсэн нэг том ажил нь Эмийн агентлаг байгуулсан явдал. Энэ агентлаг 132 хүний орон тоотой ажиллаж байна. Уг агентлаг эмийн чанар, нөөц, стандарт удирдамж, хууль тогтоомж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Ингээд бид нэг жил гаруй хугацаанд Швейцарын “Новардс” компанитай хэлэлцээр хийж Засгийн газрын хэмжээнд гэрээ байгууллаа. Засгийн газраас 561 нэр төрлийн эмийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд өгдөг.  Үүний 15 нэр төрлийн 22 эмийг нэг ам.доллараар авах гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл чанартай, хямд үнэтэй эм авна гэсэн үг. Төр гэрээг нь хийж өглөө, энэ эмийн тээвэр, түгээлтийг хувийн хэвшил хийнэ. Жишээ нь даралт бууруулах эмийг 15 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол түүнийг нь нэг ам.доллараар бид олж өгч байгаа юм. Үүн дээр тээврийн зардал борлуулалтын ашиг нь нэмэгдээд 7-8 мянган төгрөг болно. Энэ бол маш том дэвшил. Ингээд манай улсад зориулаад долоон нэр төрлийн эм үйлдвэрлээд эхэлсэн. Цаашид бага багаар эмийн нэр төрлөө нэмэгдүүлээд явна. Одоо хорт хавдрын эмийн асуудлыг шийдвэрлэнэ. Манай улсад хоёр компани энэ өвчний эмийг Энэтхэгээс оруулж ирдэг. Энэ талаар шинжилгээ хийгээд чанартай, сайн эмүүд оруулж ирэхээр ажиллаж байна. Эмийн чанар, үнэтэй холбоотой  ажил цаашид тогтмол хийгдэх юм. Одоо ямартай ч эхлэлээ тавилаа. Ингээд эмийн чанар сайжраад эхлэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний үр дүн илүү сайжирна гэж харж байгаа.

Ярилцсан танд баярлалаа