М.Гантөгс: Хөлсөө дуслуулсан хөдөлмөр хүнийг баярлуулдаг

БОДЛОГО

Сэтгэл зүрх шингэсэн бүхэн үнэ цэнэтэй байдаг.Түүний нэг хөдөлмөрч залуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  ЕБС-ийн дөрөвдүгээр сургуулийн физикийн багш  М.Гантөгс малын гаралтай түүхий эдийг ашиглан хүний эрүүл мэндэд ач тустай төгс коллагентэй үе мөчний тос, царцаамаг, тансаг үхрийн чанасан хэл зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Тэрбээр эхнэрийнхээ  хамт жил гаруйн өмнөөс өрхийн үйлдвэрлэлээ  эхэлж бүтээгдэхүүндээ анхнаасаа “чанар, итгэл ирээдүй”-г гол зорилгоо болгосон учраас эдүгээ хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн  болж чаджээ. Хамгийн гол нь дээрх бүтээгдэхүүн  шинжлэх ухааны үндэстэй, туршилтан дээр тулгуурлаж үйлдвэрлэгдэж байгаагаараа онцлог бөгөөд давуу талтай.

 -Энэ  цаг үед ямар ч амтлагчгүй, ямар нэг хадгалагч бодисгүй  экэологийн  цэвэр бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэнэ гэдэг  хүн бүрийн хэрэгжүүлэх зүйлийн нэг. Иймд өрхийн үйлдвэрлэл явуулах санаа хэрхэн төрөв?

- Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул. Физикийн багш  мэргэжилтэй. Эхнэрийг маань Д.Норжмаа гэдэг  биологийн багш  мэргэжилтэй. Өрхийн үйлдвэрлэлийн хувьд цар тахалтай холбоотой 2020 оны хоёрдугаар сараас Теле  хичээлээ гэрээрээ зааж  байхдаа бүтээгдэхүүн хийх  санаагаа олсон. Учир нь биднийг багад  аав маань царцаамаг буюу  стужин их хийдэг байлаа.Үүн дээр  үндэслээд гурван сарын хугацаанд хийсэн царцаамагаа анх сургуулийнхаа захирал   Ц.Рэнцэнноровт амсуултал шинжилгээнд өг, худалдаанд гарга гэсэн юм. Ингээд аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн лаборторит шинжилгээ өгтөл стандартынхаа дагуу хангалттай байна, худалдаанд гарга гэсэн учраас  наймдугаар сард “Эс жи эс монголия ХХК-аас компаниас бар кодоо авсан.Энэ дагуу хамгийн анх коллагентэй үе мөчний тосоо гаргаж аваад дараа нь  2021 оны зунаас үхрийн чанасан элэг  худалдаанд гарсан. Шинжилгээгээр царцаамаг 100 гр тутамд 380 кл калори илчлэгтэй,  хэл 100 гр тутамд 280 кл клор илчлэгтэй гэж гарч ирсэн. Энэ үеэс бүтээгдэхүүн маань Сэлэнгэ аймгагтаа танигдаж  брэнд болоод улмаар Улаанбаатар хотод ирсэн. Өмнө нь Сэлэнгийн загас талх, зөгийн бал зэрэг  брэндүүд байсан бол одоо коллагентэй үе мөчний тос, царцаамаг, үхрийн чанасан элэг зэрэг гурван  нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдсэн. Цагаан сарын битүүнд царцаамагаа  үхрийн толгойны махтай хийгээд шинжлүүлэхэд мөн л амттай эко бүтээгдэхүүн байна гэж үнэлсэн.

 -Та хоёр хоёул багш,  Өдөржин хичээл зааж байгаа учраас цаг зав тун бага. Тиймээс  цаг хугацаагаа хэрхэн зохицуулж байна вэ, цаашилбал, захиалга ихсээд зах зээлд танигдаад ирэхээр улам л ачаалал нэмэгдэнэ. Тиймээс  өрхийн үйлдвэрлэлээ хэрхэн яаж  өргөжүүлж байна вэ?

-2020 оны тавдугаар сард Хаан банкнаас  анх өрхийн бичил зээл авсан.Энэ нь сарын 2,5 жилийн 30 хувийн хүүтэй, нэлээд өндөр. Гэтэл нэг жил үйлдвэрлэлээ явуулсны  эдийн засагчид судлаад сарын 1,5 буюу жилийн 18 хувийн хүүтэй болгосон. Улмаар оны өмнө  Сүхбаатар сумандаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төсөл бичээд төсөл маань дэмжигдээгүй. Гэхдээ бид хоёр шантрахгүй. Биднийг ажилтай үед  хүү маань хариад хоолоо плиткэн дээрээ  тавиад цагийг нь хардаг. Ер нь юм олъё гэвэл илүү цаг хугацаа  зарцуулж,хөлсөө урсгах хэрэгтэй. Тийм учраас аливаа зүйлд бодитой хандаж  амралтын хоёр өдрийг маш  сайн ашигладаг. Цаашдаа цехээ үргэлжлүүлээд жижиг дунд үйлдвэрээ дэмжээд  тодорхой хэдэн хүнийг тогтмол орлоготой болгохын төлөө зорьж ажиллаж байгаа.

-  Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс. Иймд түүхий эдээ хаанаас авч байна вэ?

- Анх  5000 төгрөгөөр дөрвөн шийр худалдаж аваад өрхийн үйлдвэрлэлийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш аймгийнхаа бойны газар очиж толгой шийрээ худалдаж авдаг болсон. Мөн  Архангай аймгийн харьяат мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг Л.Ганзориг гэж ах бий. Энэ ахаасаа зундаа  бүх бүтээгдэхүүнээ, өвөлдөө  Цагаан нуураас эхлээд сумдуудаар үхрийн толгой шийр, царцаамагт орж байгаа махаа худалдаж авдаг. Бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай, бойгоороо дамжуулж авдаг  учраас энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Шат шатны зээлээрээ маш олон тоног төхөөрөмж, хамгийн сүүлд гэхэд л Хятадаас шийрээ угаадаг тоног төхөөрөмж худалдаж авсан. Одоо манайд 300 литртэй хөлдөөгч дөрөв, 379 тэй хөлдөөгч нэг байна. Тийм учраас бүтээгдэхүүнүүдээ  стандартын дагуу боловсруулж, хөлдөөгөөд угаагдаад чанахад бэлэн болгодог. Ингэж хөлсөө дуслуулан, сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа учраас тэр хэмжээгээр худалдан авалт  нэмэгдэж байгаа. Эндээс бид  маш их урам дэм авч, өрхийн үйлдвэрлэл маань өдрөөс өдөрт хөгжиж байгаад баяртай байна. Машинд дургүй болохоор  400,000 төгрөгөөр сардаа 80,300 төгрөг төлөхөөр унадаг дугуй худалдаж авсан.Үүгээрээ бүтээгдэхүүнээ зөөдөг. Одоо ч  дугуйгаараа л  зөөж байна. Гэсэн ч  ажлын шаардлагаар Улаанбаатар руу бүтээгдэхүүнээ  хүргэдэг ачааны  машинтай болно гэж бодож байгаа.11 дүгээр ангийн нэг хүүд сарын 200,000 төгрөг өгч  хүргэлтээ хийлгэдэг. Харин би өөрөө шийрээ хуйхалдаг.

-Бүх бүтээгдэхүүнд цахилгаан зарцуулдаг.  Одоо цахилгааны үнэ, малын гаралтай түүхий эдийн үнэ эрс нэмэгдэж байна. Энэ бүхэн өрхийн үйлдвэр эрхлэгчдэд хүнд тусдаг байх даа?

-Юуны түрүүнд гаазтай ажиллаж  байгаа учраас  аюулгүй ажиллагаа маш чухал. Цахилгааны тал дээр манайх харьцангүй гайгүй. Физикийн багш учраас эхнэртэйгээ анхнаасаа бүх тооцоогоо гаргадаг.  Нэг чаналтанд 1900 төгөрг зарцуулагдах юм байна, үүн дээрээ үнээ, бүх ашгаа тооцоолоод зэлээ төлөөд явж байна. Сүүлийн нэг жил гаруйн  хугацаанд цахилгааны үнийг тэглэсэн нь бидэнд маш том дэмжлэг болсон. Бүх бүтээгдэхүүнээ чанаж болгоход сардаа 65000 төгрөг цахилгаандаа төлж байгаа. Үүний 53,000 төгрөгийг нь Засгийн газар төлж байсан. Тэгээд ч бид өнгөрсөн жилээс ажлаа эхэлсэн учраас цахилгаан эрчим хүчний хувьд бидэнд нааштай байгаа. Энэ дашрамд Засгийн газартаа талархлаа илэрхийлье.

-Төгс коллагентэй үе мөчний тосоо яаж гаргаж авав, үүнийгээ хүний эрүүл мэнд дээр хэрхэн туршиж үзэв?

-2020 оны наймдугаар  сарын 20-ноос зургаан  сарын хугацаанд туршсан. Эхнэр маань биологийн багш учраас  журмынх нь  дагуу тосоо гаргаж аваад Улсын мэргэжлийн хяналтын газрын гурван лабортороор шинжлүүлээд 99,51 нь тос, 0,39 хувь нь ус гэж гарсан. Үүний дараа ШУТИС-ийн эрдэмтэнтэй уулзаад тэр хүнээс маш их  зөвлөгөө  авсан. Манай монголч  эрдэмтдийн судалгаа олон улсад маш өндөр үнэлэгддэг юм байна лээ. Ингэж туршилт бэлэн болсны дараа эхлээд тос маань худалдаанд гарсан. Манай сургуулийн цахилгаанчин Баярхүү гэж ах  тал харваад гар нь тэнийдэггүй байсан. Гэтэл нэг жил хэрэглэсний дараа харвасан тал нь тэнийсэн, хадам эгч маань бүтэн жил хэрэглээд бөөр нурууны өвдөлтгүй болсон. Эндээс харахад  нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт эрүүл хүнс, боловсрол  маш чухал байдаг юм байна. Тиймээс бид хүний эрүүл мэнд, зөв хооллолт руу чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийг  хэрэглэгчид маань таалж байгаад баяртай байгаа.

-Үнэхээр эко бүтээгдэхүүн байна. Тухайлбал, толгой шийрийг чанахад бөөн амьд коллагеноос гарч байгаа. Дээр нь бүтээгдэхүүнээ амт оруулахын тулд давс хэрэгтэй. Гэтэл таны бүтээгдэхүүн давсгүй. Магадгүй  үйлдвэрийн нууц байж болох юм. Энэ талаараа сонирхуулахгүй юү?

-Монголчууд эрт дээр үеэсээ таван цулаа чанаад, стужин, царцаамагаа хийж идээд тосноос нь түрхээд эдгэрдэг байсан. Одоо ч тэр уламжлал хэвээрээ байгаа. Бидний зүгээс эхлээд бүх зүйл бэлэн болоод амталж  чанасны дараа тосоо хэрэглэдэг нь гол алдаа болсон. Тийм учраас эхний технологи маань давсгүйгээр чанаад тосоо гарган авч байгаа. Түүнээсээ шүүгээд боловсруулалтаа хийгээд явж байна. Манайхан амралтын өдрөөрөө царцаамагаа хийж идэх дуртай байдаг. Яс янгинаж байгаа нь хүний биед кальци дутагдаж байна гэсэн үг. Дээр нь бид хоёр багш учраас англи хэлнээс монгол руу орчуулахаас эхлээд маш их зүйлийг уншиж судалсан. Манай цехэд эхнэрийн маань дүү зөвлөхөөр ажилладаг. Дөрвөн төрлийн амьтанд коллаген байдаг юм байна. Тэр дундаа таван хошуу малаас хамгийн их коллаген яснаасаа ялгаруулдаг нь үхэр, дээр нь гахайн тагалцага, загасны сэрвээ, тахианы мөч гэх мэт. Хонины махыг нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүс хурц гээд хэрэглэдэггүй. Харин үхрээс хаях зүйл огт байхгүй. Ясаа бутлаад ургамлын бордоо гаргая гэж бодож байтал  эрдэмтэн маань үхрийн ясанд эргүү өвчний фермент байдаг юм, үүгээр битгий оролдоорой гэж зөвлөсөн.

-Бүтээгдэхүүнийг зөвхөн үе мөчинд хэрэглэх ёстой юу, хүүхэд хэрэглэж болох уу, бас хадгалалтын хувьд ямар байдаг юм  бол?

-Коронагийн үед монголчууд адууны махаа чанаад шөлөнд нь аарцаа буцалгаад монгоо ахуйгаа их дэмжлээ. Адууны  мах кальци их агуулдаг, дархлаа сэргээдэг хүнсний бүтэгээдэхүүн боловч хаваршаад ирэхээр хуршдаг. Гэтэл үхрийн яснаас гаргаж авсан коллагентэй үе мөчний тос хуршина гэсэн ойлголт байхгүй. Хоёр жилийн хугацаанд хэрэглэсэн хүмүүсээс харшиллаа  гэсэн гомдол ирээгүй. 100 хувь үхрийн шийрнээс гаргаж авсан учраас ирэх ч ёсгүй. Ялангуяа нөхөн сэргээх эмчилгээ, бариа засал хийлгэж байгаа хүмүүс маш их хэрэглэдэг. Жинхэнэ монгол малын яснаас гаргаж авсан бүтээгдэхүүн. Хүүхдэд массаж хийхэд үр дүнтэй. Түрхээд унтахад цагаан хэрэглэл тос болохгүй. Энэ утгаар  хүний биед шингэц сайтай, зөөлхөн хуршихгүй гэсэн үг. Хоёр жил хадгалсан тос хуршиж, үнэр амт өөрчлөгдсөн зүйл үгүй. Цаашдаа зах зээлээ өргөжүүлээд том груп болгох зорилготой байгаа. Хүү маань зургадугаар анги,  өөрийнхөө хийж чадах зүйл дээр аав ээждээ тусалдаг. Тийм учраас ирээдүйд цехээ  хүүдээ өвлүүлж үлдээх хүсэлтэй байгаа. Одоогоор Улаанбаатарт салбар байхгүй ч гэсэн “Т”-экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн фейсбүк, групүүдээр захиалга өгч болно. Хурим найр, тэмдэглэлт үйл ажиллагаа, гэр бүлээрээ тойрон суугаад эко бүтээгдэхүүнээ хэрэглэе гэвэл 99070891, 99070892  утсанд холбогдоорой. Одоогоор том сүлжээ дэлгүүрүүдтэй  гэрээ хийгээгүй байгаа ч  бид хэдийд ч нээлтэй.  Хэрэв Улаанбаатараас  захиалбал эвдрэл гэмтэлгүй баглаж боогоод явуулна.

- Бүтээгдэхүүнээ “Төгс царцаамаг”  гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ, төгс амтыг мэдрүүлнэ гэсэн үг үү?

-Намайг Гантөгс гэдэг учраас нэртэйгээ  холбоод, нөгөө талаар  багш хүн учраас хичээлээ хүүхдэд  төгс ойлгуулъя  гэж боддог. Энэ бүхнээс улбаатай “Төгс царцаамаг” нэрийг өгсөн.  Ер нь хүн бүх  талаараа биш юмаа гэхэд төгс төгөлдөр рүү тэмүүлж амьдрах ёстой.Тийм учраас төгс амтыг мэдрүүлэхийн зэрэгцээ богино биш, урт хугацаанд дээрх  монгол брэнд бүтээгдэхүүнээ түгээж таниулж хэрэглүүлэхийг хүсч байна. Үе мөчний тосыг маань мэргэжлийн сүмо бөхийнхөн хэрэглэдэг. Үүгээрээ дамжуулан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго ч  бий. Хэдийгээр цех биш ч гэлээ бид хоёрт боломж их  байгаа. Ингээд  Сэлэнгэ аймгийн ийм сайхан бүтээгдэхүүнийг олонд  түгээж  сурталчлахад цаг зав гаргасан танай сонины хамт олонд маш их  баярлалаа. Бид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй, улам хичээж ажиллах болно оо.