Нийслэлийнхэн чухал асуудлуудаа хэлэлцлээ

ДЭД БҮТЭЦ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр  болж нэлээд хэдэн чухал асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган шоо метр байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан.Манай байгууллагаас дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг  тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна. Харин 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлаас 62 байршилд газар чөлөөлөхөөс 12 нь бүрэн дуусжээ.