“Налуу-Ухаа” төслийг хэрэгжүүлэх гурван талт уулзалт боллоо

БОДЛОГО

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон “Налуу-Ухаа” дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийг хийх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагууд гурван талт уулзалт хийлээ.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Нийслэл болон холбогдох байгууллагын зүгээс дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа. Мөн хувийн хэвшлийн зүгээс төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судална” гэв.

“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах ажилд хувийн хэвшлүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой “Налуу-Ухаа” төсөл дээр хамтрах боломжтой талаар дурдлаа. Тэрбээр мөн олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин өөрийн компанийн туршлага болон ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар товч танилцуулж, уулзалтад оролцогсдод мэдээлэл өглөө. Мөн уг төсөл дээр ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч, төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс өгөх санал зөвлөмжийг тусгах талаар онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт “Налуу-Ухаа” төслийн төлөвлөлт болон зураг төслийн ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.