Н.Наранцэцэг: Цаашид тоон гарын үсгээ ашиглан бүх төрлийн үйлчилгээ авна

ТЕХНОЛОГИ

Тоон гарын үсэг гэж яригдаж байгаа ч иргэд энэ тухай ойлголт муутай байна. Түүнийгээ хэрхэн яаж ашиглах , тэр бүү хэл  нууц дугаар гэгдэх дөрвөн оронтой тоогоо  ч нууцлахаа мэдэхгүй явах нь ч байна. Тиймээс иргэдэд нийтлэг ойлголт өгөхөөр  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй  ярилцсанаа хүргэж байна

- Монгол Улс цахим хэрэглээнд шилжиж байгаагийн нэг том илрэл бол тоон гарын үсэгт шилжиж байгаа явдал. Харамсалтай нь өнөөдөр бүхий л түвшинд цахим хэрэглээнд шилжчихээгүй байгаа болохоор энэ яг цаг үеэ олсон ажил мөн үү?

Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Цахим гарын үсгийн тухай хуульд Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээжүүлэгч байгууллага  бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгож, тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж олгоно гэдгийг хуулиар зохицуулсан.

 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж тоон гарын үсгийг олгож байсан бөгөөд үүнд цөөхөн хэдэн байгууллага л тоон гарын үсэг олгодог байсан.

Харин 2021 онд шинэчлэн найруулж баталсан Цахим гарын үсгийн тухай хуулиар иргэдэд улсын бүртгэлийн байгууллага тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгохоор заасан. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, томоохон супермаркет, томоохон зах зээл, худалдааны төвүүдэд байрлах ухаалаг машин, киоскоос иргэний үнэмлэхтэйгээ очоод үйлчилгээ авч болно. Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт өнгөрөгч таван сараас хэрэгжиж эхлээд сар гаруй л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд ч хуулиа сайн мэдээгүй, түүний хэрэглээ ч байхгүй байна. Тиймээс одоохондоо иргэд тоон гарын үсгээ яаж авах, яаж хэрэглэхээ сайн мэдэхгүй байна л  даа.  Цаашдаа хууль хэрэгжээд эхлэхээр иргэд цахим гарын үсгээ яалт ч үгүй хэрэглэх л болно.

-Танайх гэрчилгээжүүлэгч байгууллага гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн бүрт гэрчилгээ өгнө гэсэн үг үү?

-Цахим гарын үсгийн тухай хуулиар "гэрчилгээжүүлэх байгууллага" гэж улсын бүртгэлийн байгууллага, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг гэж тодорхойлсон.

  Тэгэхээр тоон гарын үсэг авч байгаа иргэдэд цаасан гэрчилгээ  олгоно гэсэн үг биш. Тоон гарын үсгийн гэрчилгээ гэдэг маань өөрөө мэдээллийн сандаа л байгаа. Иргэнд тоон гарын үсэг олгоно гэдэг маань тухайн хүний  иргэний  үнэмлэхний санах ойд нь бичиж өгч байгаа явдал юм.  Энэ тохиолдолд иргэн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй байх бөгөөд, нэмээд өөрийн ашиглаж байгаа гар утастай байна.  Гар утас нь  тухайн хүний нэр дээр бүртгэлгүй боловч өөрөө яг одоо ашиглаж  байх ёстой. Тоон гарын үсэг авахдаа иргэн өөрөө биечлэн хандана гэж хуульд заасан байгаа учраас өөрөө биеэрээ ирнэ, иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх ёстой. Бүртгэлийн байгууллага тухайн хүний мэдээллийг шалгаад зөрүүгүй байвал иргэний үнэмлэхний санах ойд нь тоон гарын үсгийг бичиж байршуулна. Энэ тохиолдолд иргэнд пин код, пук код  гэсэн хоёр код  гар утсанд нь мессежээр ирэх бөгөөд энэ тоогоо тухайн иргэн өөрөө  нууцлал, аюулгүй байдлыг хангах ёстой. Ямар нэгэн хэмжээгээр цахим орчинд өөрийгөө таньж баталгаажуулах, e-mongolia-аас лавлагаа мэдээлэл авах тохиолдолд тухайн иргэн тоон гарын үсгийнхээ пин кодоор нэвтрэхэд та тоон гарын үсгээр үйлчилгээ авах боломжтой болно.

- Өнөөдөр УИХ, Засгийн газар, төрийн яамд хүртэл навсайсан бичиг цаастайгаа л зууралдаж, яам дотроо ч албан бичгээ хэвлэн илгээж, гарын үсэг зуруулсаар байгаа шүү дээ?

 -Бид хамгийн түрүүнд төрийн байгууллагуудыг цаасгүй болгоё,  эко байя гэж ярьж байна. Цаасгүй технологи гэдэг утгаараа төрийн байгууллагын цахим орчинд мэдээлэл солилцох “Эйбл” программ гэж байдаг. Ер нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөрсдөө идэвх санаачлагатай ажиллаж тоон гарын үсгээр үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Манай байгууллагын хувьд бүрэн цахимжиж хоорондоо тоон гарын үсгээ ашиглан баримт бичиг, албан хүсэлтээ шийдвэрлэж байгаа. Иргэдийн хувьд тоон гарын үсгийг манайхаас авч байгаа бол гадаадын иргэн, хуулийн этгээд,  албан тушаалын чиглэлээр авч байгаа тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрчилгээжүүлэгч байгууллагаас авна. Иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна.

- Цахим гарын үсэг, мэдээлэл нь өнөөдөр ашиглаж байгаа иргэний үнэмлэхийн чипэнд орсон уу. Нөгөөтэйгүүр  нотариатын байгууллага байсаар байх уу. Тэд заавал бичгэн  хувь авчирч хоёр тал гарын үсгээ зурсан бай, тэгээд хоёулаа иргэний үнэмлэхтэйгээ, бас хуулбартай ир гээд өнөө цаасан дээр өчнөөн олон тамга дардаг?

- Тоон гарын үсэг олгохдоо иргэний үнэмлэхийг уншигч төхөөрөмж рүү хийснээр иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг бичигдэнэ. Ингэснээр тухайн иргэнд ПИН болон ПУК код ирнэ.  Улсын бүртгэлийн байгууллагын хувьд  салбар нэгжүүд иргэний үнэмлэх уншигчтай. Төрийн байгууллагуудад иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж байгаа гэж ойлгож байна. Цаашид тоон гарын үсгийг ашиглаад улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлнэ. Хууль маань хэрэгжиж  эхлээд  сар гаруй  хугацаа өнгөрч байна. Энэ хооронд төрийн байгууллага болон бусад байгууллага нотариат, өмгөөллийн байгууллага өөрсдөө  тоон гарын үсгийг ашиглах тал дээр анхаарч холбогдох аппликейшн программыг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Улсын бүртгэлийн байгууллагын тухайд 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн нэг гол агуулга бол  “Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй”. Тиймээс бид улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар шаарддагүй. Улсын бүртгэлийн байгуулллага 2022 оны зургадугаар сараас тоон гарын үсгийг мобайлаар олгох аппликейшний хөгжүүлэлтийг хийгээд дуусч байна. Тэгэхээр иргэн иргэний үнэмлэхээс гадна мобайлаар гар утсаараа  тоон гарын үсгээ ашиглаж болно. Энэ тохиолдолд гар утсан дээр байгаа тоон гарын үсгийг ашиглахад иргэний үнэмлэх  шаардлагагүй шүү дээ.

- Цахим гарын үсгээ ав гээд хороо, дөрвөн оронтой тоо өгсөн. Тэгэхээр цахимд үйлдсэн баримт бичигт тэр тоогоо тавих юм уу, яах вэ. Цаашлаад орон нутгийн жижиг аж ахуйн нэгжүүдийг хүртэл цахим тамгатай байхыг шаардах уу. Дорнод аймгийн хувиараа аж ахуй эрхлэгч нэг иргэн бол сайндаа л бичгээр, ихэнхдээ амаар гэрээ байгуулаад ажилладаг шүү дээ, энийг тэр хүн явуулсан гэдэгт яаж итгэх вэ гээд асуудлууд байна?

- Иргэн авсан тоон гарын үсгээрээ цахим орчинд өөрийгөө таньж баталгаажуулна гэсэн үг. Иргэн тоон гарын үсэг ашиглахдаа burtgel.gov.mn-ээс тоон гарын үсгийн клиент программ татан авч ашиглах ёстой. Клиент программыг татан авснаар тухайлбал emongolia.mn-ээс төрийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой. Нөгөөтэйгүүр өөрийн өргөдөл хүсэлт мэдээллийг тоон гарын үсгээр баталгаажуулж явуулах боломжтой. Өргөдөл хүсэлтийг баталгаажуулахдаа программын тоон гарын үсгээр баталгаажуулах гэж сонголт руу орж тухайн файлыг /FDF/ нууц кодоороо баталгаажуулна. Мэдээж хуудасны аль хэсэгт тоон гарын үсгийг байршуулах гэсэн сонголтоос иргэн өөрийн сонголтыг хийж баталгаажуулна.

Иргэн аль нэг байгууллагад явуулсан мэдээллийг өөрөө харах боломжтой бөгөөд тухай мэдээллийг хэн гэдэг хүн хаанаас явуулсан нь огноотой баталгаажиж тэрэнд нь ямарваа нэгэн өөрчлөлт ороогүй байна гэдгийг нотлож байгаа юм.  Иргэн өөрөө гэртээ сууж байгаад тоон гарын үсгээрээ баримт бичгийг баталгаажуулаад явна. Тоон гарын үсгээ ашиглаад улсын бүртгэлийн үйлчилгээ, Банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг  аваад явна гэсэн үг.  Цахимын гэх тодотголтой дөрвөн  хуулийн хүрээнд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуулиар иргэний хурууны хээний мэдээлэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийг зөвхөн иргэний улсын бүртгэл хөтлөх болон сонгогчийн бүртгэл хөтлөхөд л ашиглана гэдгийг хуульчилж өгсөн. Иймээс бид ямар нэг байдлаар өөрийгөө таньж баталгаажуулах гол хэрэгсэл арга зам бол тоон гарын үсэг болж байгаа юм.

-Харъяа хорооноос тоон гарын үсэг өгөхдөө “нууц шүү” гээд дөрвөн оронтой тоо өгсөн. Тэгэхээр тэр тоог чинь хорооны тэр ажилтан, танай УБЕГ-ын ажилтнууд мэдэж байгаа юм чинь өмнө гарч байсан шиг хувийн мэдээлэл тараах, өнөө тоон гарын үсгийг минь ашиглахгүй гэсэн баталгаа байна уу?

-Дөрвөн оронтой тооны нууцлалыг тухайн иргэн өөрөө бүрэн хариуцах ёстой. Иргэн өөрийн алдаатай буруутай үйл ажиллагаанаас болоод  тухайн нууц кодоо задруулвал  түүнийг иргэнээс өөр хүн ашиглах,  хувь хүний өмнөөс ашиглан гэрээ хэлцэл хийх, болон хувийн мэдээлэлд халдах асуудлууд үүснэ. Тоон гарын үсэг авахад тухай иргэнд очиж байгаа нууц кодыг /дөрвөн  оронтой тоо/ хувь хүн чандлан нууцлах ёстой. Мөн цахим гарын үсгийн талаарх хуулиа уншиж судлах шаардлагатай. Тоон гарын үсгийг одоогоор иргэний үнэмлэхэд олгож байгаа тул мэдээж тухайн хүний иргэний үнэмлэх байх шаардлагатай. Улсын бүртгэгч тоон гарын үсэг олгохдоо  иргэнээр тоон гарын үсэг авах хүсэлтийн маягт дээр гарын үсгийг зуруулж байгаа. Түүнээс биш иргэний гар утсанд илгээгдсэн нууц кодыг ямар нэг байдлаар үзэх шаардлагагүй. Иргэний тоон гарын үсгийн нууцлал бүхий кодыг улсын бүртгэгч үзсэн гэх гомдол гарсан асуудал одоогоор байхгүй байна. Хэрвээ тийм асуудал байгаа бол бүртгэгч нартаа хэлж, анхааруулах ёстой, гэхдээ тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Иргэн ямар нэг байдлаар тоон гарын үсгээ ашиглахдаа системээс олгогдсон нууц кодыг хийснээр тухай үйлдэл баталгаажина. Түүнээс биш дурын тоо зохиогоод тоон гарын үсэг ашиглана гэсэн ойлголт байхгүй.

-E-mongolia аппликейшнд тоон гарын үсгээр нэвтрэх үйлдлийн дарааллыг хамгийн ойлгомжтойгоор хэлбэл?

- burtgel.gov.mn--ESIGN клиент—тоон гарын үсэг— E-mongolia—үйлчилгээ авах

-Тоон гарын үсгийн давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-Олон улсын жишгээр тоон гарын үсэг бол цахим орчинд өөрийгөө таниулах хамгийн сайн технологи. Өнөөдрийн байдлаар бид E-mongolia-д нэг удаагийн код, банкны нууц үгээрээ нэвтэрч орж ирсэн. Харин тоон гарын үсэг нэвтэрснээр түүгээрээ нэвтэрч орох нь илүү аюулгүй, баталгаатай, найдвартай. Өнөөдрийн байдлаар 180 мянга гаруй иргэн тоон гарын үсгээ аваад байна. Иргэний үнэмлэхний уншигчтай нөхцөлд иргэний үнэмлэхийн санах ойд байршуулсан тоон гарын үсгийг  ашиглана. Тоон гарын үсгийг авснаар бид

 Бүх төрлийн төрийн цахим системд нэвтрэн үйлчилгээ авах, Орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах, Банк санхүүгийн байгууллагаас түргэн шуурхай, найдвартай аюулгүй байдлаар бүх төрлийн үйлчилгээг авах, Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, Өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоотыг хаанаас ч илгээх боломжтой.

 Цахим гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсгийн тооны хязгаарыг заагаагүй. Ингэхээр иргэний хувьд болон албан тушаалтны хувьд гэсэн хоёр тоон гарын үсэгтэй байж болно. Одоо бид хуулийн хэрэгжилтийг хангаж Монгол Улсын 16 насанд хүрсэн бүх иргэнд тоон гарын үсэг олгоно. Харин тоон гарын үсгийн хэрэглээ тал дээр анхаарах ёстой.