АИХ-ын депутатууд Үндсэн хууль руу “өнгөлзвөл” өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

 Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш  хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан.  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулахад Б.Чимэд голлон  оролцсон байдаг.  Тэрбээр “Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь  олон улсын жишигт нийцсэн, баримт бичиг”  хэмээн онцолсон байдаг.

Үүнээс хойш  2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь  “дордуулсан долоо” гэсэн нэр зүүж түүхэнд үлдсэн билээ.  Үүнийг олон жил ярьсаны эцэст  2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэхийн зэрэгцээ өнөө дордуулсан долоог засаж сайжруулсан юм. Энэ  нэмэлт өөрчлөлтийг оруулахын тулд  маш олон даваа, бартаа саад давсан гэж хэлж болно. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл  боловсруулах ажлын багийг  2008-2019 онд долоон удаа байгуулжээ. Мөн   2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй түүхтэй.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг  УИХ-ын чуулганы 2019 оны  арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг  2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн  морин цагт буюу 11:40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.

Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан “Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй  хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг   амьдрах эрхзүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан өгөхийн төлөө дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монгол Улс, Монголын ард түмэнд ач тусаа өгнө. Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж,  Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая"  хэмээж байлаа.

Гэтэл асар их саад  бэрхшээл, чамгүй цаг хугацаа  туулан байж нэмэлт өөрчлөлт оруулчхаад   одоо дахиад гар хүрэх тухай ярих боллоо. Үндсэн хуульд нэг гар хүрсэн бол дор хаяж найман жил хөндөх ёсгүй хэмээн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан. Нөгөө талаар өнөөгийн УИХ хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан гарах 40 хуулиа баталж, шинэчилж амжаагүй л байгаа. Иймд  1992 онд Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, зарим хуульч Үндсэн хуульд дахин гар хүрэхийг эсэргүүцэж байгаа юм.

Гэвч эрх баригчид  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ зун, намартаа багтааж эрх баригчид хийх аянд мордлооӨөрөөр хэлбэл  УИХ-ын гишүүд  зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллахаар хүлгийн жолоо залжээ. Энэ хугацаанд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад буй. Гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаарх ойлголтыг тойргийн иргэддээ өгөхөөс гадна, санал асуулга явагдах юм. Үүний дараа  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлуудыг 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд УИХ-аар  ярих ажээ.  

Эрх баригч нам болон бусад улс төрийн хүчнүүд Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд санал нэгдэж, тунхаг бичигт гарын зурсан. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн пүрэв гаригт уулзалдаж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Эрх баригчид гурван жил ч болоогүй дахин Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно гэж үзжээ. Депутатууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, цаашлаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах асуудал өндрөө авбал улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхээ мэдэгдээд  байна.

Депутатуудын уулзалтаас гарсан мэдэгдлийг хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 43 депутат, Улсын бага хурлын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, сүүлийн үед нийгэмд эрчимтэй яригдаж эхлээд байгаа "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх" саналын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг санал нэгтэй гаргажээ. Үүнд,

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, иргэн төр хоорондын зөвшилцлийн гэрээ болсон, иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан, хувийн өмч хөрөнгөтэй байхыг баталгуужуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг сонгуулиас сонгуулийн хооронд, гурван жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль дээдлэх ёсыг умартсан, хууль эрх зүйт ёсыг нийгэмд төлөвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно хэмээн үзэж "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй" байгаагаа нийтэд мэдэгдэж, албан ёсны мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ.

2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль бус үйл явцыг зогсоохыг мэдэгдсэн "Шаардлага" бичгийг Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Ийнхүү Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж, АИХ-ын депутатууд  байр сууриа  илэрхийлж байхад  Үндсэн хуулийн манаач гэдэг Үндсэн хуулийн Цэц таг чиг суусаар. Ямартайч наадмын өмнө гэхэд Үндсэн хууль тойрсон асуудал шийдэгдэх байх гэсэн хүлээлт л үлдлээ.