Б.Энхболд: Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 40 гомдол, саналыг ХЭҮК хүлээн авсан

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

"Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сургалтыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон холбогдох байгууллагууд өнөөдөр хамтран зохион байгууллаа. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, цагдаагийн алба хаагчид хүүхэдтэй ажиллах арга барил, хандлага дутмаг гэх мэтчилэн гомдол, санал ХЭҮК-т цөөнгүй ирдэг. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй алба хаагчид хэрхэн ажиллах арга зүйг агуулсан гарын авлагыг Дотоод хэргийн их сургуулийн багш нар, бусад төлөөлөл хамтран боловсруулсан. Энэхүү гарын авлагын хүрээнд сургалт зохион байгуулж алба хаагчдыг чадавхжуулах зорилготой гэсэн үг.

Гарын авлага дээр бэлгийн хүчирхийллийн тухай ойлголтыг тодорхойлж,

-Хүчиндэх гэмт хэрэг

-Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

-Бэлгийн мөлжлөг

-Хүн худалдаалах гэмт хэрэг

-Садар самуунд хүүхдийг уруу татах

-Хууль бусаар үр хөндөх зэрэг есөн төрлийн гэмт хэргийг багтаасан байгаа.

Энэ тал дээр Цагдаагийн Ерөнхий Газар өөрөө санаачилга гаргаж, алба хаагчдаа чадавхжуулах чиглэлд ХЭҮК-той хамтран ажиллаж байгаа" гэв.