Стандартгүй гэх стандарттай хүүхдийн тоглоомын талбай

БОДЛОГО

 Хүүхэд гэрт ч, гадаа ч аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ орчныг хүүхдийн асран хамгаалагчид болон аюулгүй орчин бүрдүүлэх албан тушаалтан, мэргэжилтнүүд бий болгох үүрэгтэй. Гэтэл алдрай бяцхан хүүхдүүд тоглоомын талбайд тоглож наадаж байгаад гэмтэж бэртэж, амь насаа алдаж буй харамсалтай мэдээ үе үе дуулддаг. Энэ нь хүүхдийн тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байгаатай шууд холбоотой. Тоглоомын талбайд байршуулсан тоглоомууд стандартын шаардлага хангахгүй, арчилж, тордон, эвдрэл гэмтлийг нь засаж сэлбээгүйн улмаас хүүхдүүд аюулд орж байна. Тоглоомын талбайн бүрэн бүтэн байдалд хэн хариуцлага хүлээж, ямар үүрэг хүлээх вэ? Хүүхдийн тоглоомын MNS стандарт 2019 онд батлагдсан. Стандартыг заавал хийх, сонгон хэрэглэх гэж ангилдаг. Хүмүүс сонгон хэрэглэх гэдгийг стандартын шаардлагагүй хийж болно гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд заавал стандарттай байдаг учир түүнийг хийх, үйлдвэрлэх аргачлал өөр бөгөөд тэдгээрээс сонгож хэрэглэх ёстойЗуны улиралд хүүхдүүд гадаа тоглох нь ихэсдэг учраас  дагаад осол бэртэл нэмэгддэг. Зуны гурван сард  ГССҮТ-д хөл, гараа хугалж бэртээсэн хүүхдүүдээр дүүрдэг гэнэ. Нэг эмч  өдөрт 60-80 хүүхэд хүлээн авч үзлэг хийдэг гэвэл нийт 160 хүүхэд бэртсэн, гэмтсэн гэх шалтгаанаар  ханддаг аж.

Жил ирэх бүр бага насны хүүхдүүдийн осол, гэмтэл ихсэж байгааг ГССҮТ-өөс гаргасан судалгаанаас харж болно. Тухайлбал, 2017 онд 0-18 хүртэлх насны 29.3142018 онд 41.9602019 онд 47.926 хүүхэд тус,тус ханджээ. Дээрх тоон баримтаас харахад ахуйн орчинд буюу гэртээ болон гудамж, тоглоомын талбайд унаж бэртсэн тохиолдол гэмтлийн  ихэнх хувийг эзэлж байгааг онцолъё. Хүүхдүүдийн дийлэнх нь  байрныхаа гадаа  тоглож байхдаа бэртдэг байна.

Улаанбаатар хотод 700 орчим хүүхдийн тоглоомын талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнээс 2019 оны есдүгээр сарын байдлаар 301 зайлшгүй засаж, шинээр тохижуулах шаардлагатай байгааг тогтоосон. Ер нь тоглоомын талбайн арчилгаа орхигдсон, түүнээс шалтгаалж, эвдрэл үүссэнээр хүүхэд гэмтэх асуудал гарах нөхцөл бүрдсэн байгаа юм. Гэхдээ хүүхдийн тоглоомын стандарт хангагдахгүй байгаа тухай мэдээ, мэдээлэл түгснээс хойш хүмүүс анхаарал хандуулдаг болж байна. Савлуур болон гулсуур нь маш их хөдөлгөөнтэй, бие биеэ гэмтээх, унах магадлал өндөртэй байдаг учир үндэсний стандартад энэ төрлийн тоглоомыг яаж, суурилуулах тухай нарийн заасан байдаг. Ер нь хүүхдийн тоглоомын талбайн гол зорилго нь хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа хөгжүүлэхэд оршдог. Тиймээс нийтийн тоглоомын талбайд савлуур болон гулсуурыг тавихад тохиромжгүй гэж үздэг байна. Хүүхдийн тоглоомын талбай нь олон хүний оролцоотойгоор аюулгүй байдал нь хангагддаг газар. Эхлээд тухайн тоглоомын талбайг ашиглаж байгаа хүүхдүүд, тэдний асран хамгаалагчид буюу эцэг, эхчүүд өөрсдийн хийх боломжтой эвдрэлийг засах үүрэгтэй. Хэрэв ямар нэгэн хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай бол яаралтай хороо болон Сууц өмчлөгчдийн холбоондоо мэдээлэн, засуулах ёстой юм.

Мөн аль нэгэн сургуулийн урд байрлах тоглоомын талбайн савлуураас тулгуур төмөр нь л үлдсэн “Болгоомжтой нурна” гэсэн бичигтэй хашаанууд баггүй байдаг. Хүүхдийн тоглоомын хэсгийн битүү туннелэн гулсуур буюу хонгилон гулсуур унаж, газраас дээш өргөгдсөн гадаргын хязгаарлалтын хэсгийн хаалт хугарсан, цуурсан байх нь элбэгтэй. Энэ нь бага насны хүүхэд өндрөөс унах, мөн төмөрт хувцас нь орооцолдох, гацах аюултай. Түүнчлэн тийм тоглоомын талбайд хугарсан, цементэлсэн хэсгээс нь гаргаад орхичихсон сандал зэрэг нь өнгө үзэмжид тун муу харагдуулдаг.  Энэ мэтийн тоглоомын талбайд хүүхдүүдийг аюулд оруулах зүйлс цөөнгүй байдгаас гадна стандартын энгийн шаардлагыг ч биелүүлэхээргүй харагддаг. Тоглоомын талбайн гадаргуу хайрга, элс, дахин боловсруулсан резин байх ёстой гэдэг боловч, ихэвчлэн асфальт, цемент л байдаг. Зарим резинин гадаргуутай тоглоомын талбайн резин хэсгүүд нь бүрэн хучигдаагүй, салж унасан. Мөн ихэнх тоглоомын талбайд байрлах савлуурууд унасан байсан нь нийтийн талбайд байрлахад тохиромжгүй тоглоом гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнчлэн тоглоомын талбайд тоглож буй хүүхдүүдийн ихэнх нь асран хамгаалагчгүй байдаг. Энэ мэт хүүхдийг аюулд оруулах нөхцөлийг томчууд л бий болгож байна. Таны ч, миний ч хүүхэд тоглож мэдэх хүүхдийг хөгжүүлэх, цагаа зөв боловсон өнгөрөх уг орчны аюулгүй байдалд, хүн бүр сэтгэлтэй хандаж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэлдэг болъё, эцэг, эхчүүд ээ.  Шаардлага хангаагүй тоглоомын талбайг СӨХ-дөө мэдэгд. Хүүхдийн тоглоомын талбайн стандарттай ч дагаж мөрддөггүй улсад бид амьдарч байна шүү дээ.