Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг хүлээлгэн өглөө

БОДЛОГО

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /LEEAP/ болон төслийнхөө үр дүнг хүлээлгэн өглөө. Тус төсөл нь эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, барилга байгууламжийн ашиглалтыг уртасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслөөр гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг ил тод болгоход чиглэсэн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөлтийг бэхжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн бодлогын түвшинд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан нь чухал үр дүнтэй ажил болсныг онцлох нь зүйтэй юм. Цаашид төслийн хүрээнд олж авсан сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг илүү нээлттэй, оновчтой болгож, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээв.