АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БОДЛОГО

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт АНУ-ын Худалдааны танхим /АмЧам/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй “Doorknock 2022”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЭЗХЯ-наас “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний хэрэгжилт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах болон тэдэнд үзүүлж буй цахим үйлчилгээг боловсронгуй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

АмЧам болон хувийн хэвшлийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах эерэг өөрчлөлтийг эрэлхийлсэн гурван тулгуур хүчин зүйлсийн талаар танилцууллаа. Тухайлбал, чөлөөт зах зээл дэх төрийн оролцоог багасгах, “Монгол Улс, АНУ-ын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг сайжруулах,  Хөдөлмөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад хуулийн тодорхой заалтууд, шүүх шийдвэрийн байгууллагуудын уялдаагүй байдал нь хөрөнгө оруулагчдад саад учруулж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ажил хэрэгч санал солилцов.

Дэд сайд С.Наранцогт Америк, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоход гүүр болон ажилладаг АмЧам-д талархал илэрхийлээд ЭЗХЯ-ны хөрөнгө оруулалтын бодлого боловсруулан ажилладаг чиг үүргийнхээ хүрээнд дээрх ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой анхаарч, үр дүнд хүрэхүйц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

kU1aN5TUbE9nwT0.jpgJzkL2JbcwZoQjeP.jpg