Засгийн газар “Тэрбум мод”-ыг хэрэгжүүлэхэд “Рио Тинто”-той хамтрахаар болжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

 БОАЖЯ-наас  “Рио Тинто” компанитай уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд хамтарч ажиллахаар гэрээ үзэглэв. Энэ хүрээнд төсөл боловсруулан, хамтарсан баг байгуулах бөгөөд 2023 он хүртэл ажиллаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ.

 

Энэ тухай “Ройтерс” агентлаг болон “Рио Тинто” компани өөрийн сошиал хуудастаа мэдээлжээ. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур цельсийн 0.86 хэмээр дулаарсан. Харин Монголд, сүүлийн 80 жилийн хэмжээнд 2.25 хэмээр дулаарсан талаар тус мэдээллүүдэд онцлон дурдсан байна. Уг гэрээ ерөнхий нэрэндээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн агуулга бий ч энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй холбогдох юм. Цөлжилттэй тэмцэх хүрээнд мод тарих төсөл санаачилна. БОАЖЯ-ны эх сурвалжийн мэдээллээр хамтын багаар боловсруулах төсөлд мод тарих, тарьсан модыг арчлах чиглэлийн ажил зохион байгуулна хэмээж буй юм. “Рио Тинто” групп “Туркоиз Хилл Ресурсес” компанийг хөрөнгө оруулах замаар “Оюу толгой” төслийг удирддаг. Өдгөө “Рио Тинто” нь “Туркоиз Хилл Ресурсес”-ээс 51 хувийг эзэмшиж байгаа бөгөөд үлдсэн хувийг бүрэн худалдаж авах санал тавьсан нь өдгөө хэлэлцээний шатанд явж байгаа юм. Харин “Туркоиз Хилл Ресурсес” нь “Оюу толгой” ХХК-ийн 64 хувийг эзэмшдэг.